Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатартай Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар ярилцлаа.
-Өнгөрсөн зургадугаар сард Хөдөлмөрийн сайд С.Чинзориг УИХ-ын даргад Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барьсан. Та бүхэн энэ хуулийн төсөлтэй танилцсан уу?
-Танилцсан. УИХ-д өргөн барихаас өмнө Монголын ажил олгогчдын нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэл, Засгийн газрын хамтарсан ажлын хэсэг сүүлийн хоёр жил гаруй хугацаанд хамтран ажилласны үр дүнд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барьсан. Гэхдээ УИХ-д өргөн барьсан хуулийн төслийг эцсийн байдлаар харахад ажлын хэсгийн хүрээнд тохиролцсон зүйлүүд өөрчлөгдөж өргөн баригдсан байна. Манай холбооны зүгээс үүнд шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Хуулийн зарим заалтууд өмнөх хуулиасаа дордсон байна гэж үзсэн. Нийт 13 асуудалд санал нийлэхгүй байна гэдгээ Засгийн газарт илэрхийлсэн.
-Тухайлбал, ямар асуудлууд байгаа юм бэ?
-Салбарын төвшинд хөдөлмөрийн хамтын гэрээ хэлэлцээр байгуулдаг талуудын оролцооноос тухайн салбарын төрийн захиргааны төв байгуулга буюу яамдын оролцоог шинэчилсэн найруулгын хүрээнд хассан. Гэтэл салбарын төвшний хамтын хэлэлцээрийг байгуулахад Засгийн газрыг төлөөлж яам, төрийн байгууллага оролцох зайлшгүй шаардлага байдаг. Ажил олгогч, ажилчны төлөөлөл, төрийн байгууллага гэсэн бүтэцтэй хэлэлцээр хийдэг байсныг хоёр талын төлөөлөл оролцуулахаар хуульчилж байна. Гэтэл хөдөлмөрийн харилцаанд төрийн байгууллагын оролцоо маш өндөр байгаа өнөө үед бодлого зангидаж байгаа салбарын яам, агентлагийн оролцоог байхгүй болгоно гэдэг нь салбарын төвшинд гэрээ хэлэлцээр үр дүнгүй болно гэсэн үг. Жишээ нь, багш нарын асуудлаар хамтын хэлэлцээр байгуулахад Боловсрол соёл шинжлэх ухааны яам, салбар үйлдвэрчний эвлэл, тухайн багш нарын холбоо оролцож шийдвэрлэдэг байсан. Тэгвэл шинэ хуулиар зөвхөн салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоо, багш нарын холбоо хооронд явагдана гэсэн үг. Энд төрийн яамны бодлого, оролцоо байхгүй болж байгаа юм. Гэтэл бодит байдал дээр салбарын яамны бодлого, оролцоо өндөр байгаа үед хасах боломжгүй. Хамтын гэрээ хэлэлцээр гэдэг баримт бичгээр тухайн салбар байгууллагын төвшинд үндэсний хэмжээнд олон асуудлыг шийддэг. Хөдөлмөрийн хуульд зааснаас илүү нөхцөлийг энэхүү хамтын гэрээ хэлэлцээр өөрөө бий болгодог. Цалин, илүү цагийн хөлсийг хамтын гэрээ хэлэлцээрээр тохирч хийдэг. Тэгэхээр цалин нэмэх асуудлыг ярилцах үед төрийн оролцоо байхгүй бол цалин нэмэх бололцоогүй болно шүү дээ. Тиймээс хамтын хэлэлцээрт гурван тал оролцоог хэвээр хадгалая гэсэн саналтай байна. Харин хамтын гэрээ хэлэлцээр хийхдээ талууд анхаарч ажиллах хэрэгтэй гэдгийг хэлж байгаа юм.
-Шинэчилсэн найруулгад ээлжийн амралтын үндсэн хоногийг ажлын 20 өдөр болгож, олон жил ажилласны нэмэгдэл амралтыг хамтын гэрээгээр зохицуулахаар оруулсан байсан. Нэмэгдэл амралтыг хамтын гэрээгээр зохицуулах боломжтой юү?
-Уг нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар нэмэгдэл амралтыг ажилласан жилээр нь гаргасан байгаа. Жишээ нь, 5-11 жил ажилласан бол ажлын үндсэн амралт дээрээ нэмж гурван өдөр амарна гэж автоматаар заасан байдаг. Анх шинэчилсэн найруулга яригдаж байхад нэмэгдэл амралтын хугацааг өөрчлөхгүй гэж байсан ч өөрчилсөн. Гэтэл нэмэлт амралтын хугацааг хамтын гэрээгээр өнөөдрийн нөхцөлд зохицуулах боломжгүй. Учир нь хамтын гэрээг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгж байгуулж чадахгүй байна. Үйлдвэрчний эвлэлгүй газар олон байна. Тиймээс нэмэлт амралтыг зохицуулахаар заасан заалт нь өмнөх хуулиасаа дордох магадлал өндөр. Аж ахуйн нэгжүүд хамтын гэрээ байгуулж чадахгүй бол ажилчид нь нэмэгдэл амралтаа авч чадахгүй л гэсэн үг шүү дээ. Мөн үүнийг дагаж амралтын мөнгө нь багасна. Бүх талаас нь харсан ажилчдад хохиролтой байгаа юм.
-Үндсэн амралтын хугацаа ажлын 20 хоног болгосон дээр?
-Тооны хувьд 20 болгосон нь сайн хэрэг. Ер нь өндөр хөгжсөн орнуудад ээлжийн амралтын үндсэн хоног 30 өдөр байдаг. Тэгэхээр ээлжийн үндсэн хоногийг ажлын 20 өдөр болгосон нв зөв. Харин нэмэгдэл амралтыг тухайн аж ахуйн нэгжийн зохицуулалтын хүрээнд шийдвэрлүүлэх боломжгүй болж байгаа юм.
-Гэхдээ хуулийн төсөлдөө үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгж, хамтын гэрээ байгуулж, үйлдвэрчний эвлэлтэй байна гэж тусгачихвал хэрэгжих боломжтой заалт юм биш үү?
-Үйлдвэрчний эвлэлтэй байна гэдгийг хуульд тусгаснаар чөлөөтэй эвлэлдэн нэгдэх эрхийг тусгаарлаж байгаа юм. Гэхдээ манай өнөөгийн нөхцөлд таарсан зохицуулалт биш. Жишээ нь, 1000 аж ахуйн нэгж тутмын 600 нь Үйлдвэрчний эвлэлтэй, хамтын гэрээ байгуулдаг болсон үед энэ заалт хэрэгжих боломжтой. Өнөөдөр 1000 аж ахуйн нэгж тутмын 300 нь л хамтын гэрээ байгуулж байгаа үед ажилласан жилийн нэмэгдэл амралтын зохицуулалт алдагдана. Шинэчлэл хийж байгаа юм чинь өмнөхөө дордуулахгүй байх хэрэгтэй шүү дээ.
-Бусад улсуудад мөн ажилласан жилээс нь хамаарч нэмэгдэл амралт эдэлнэ гэж заасан байдаг уу?
-Байна. Ялангуяа манай улс шиг нийгмийн баримжаатай улс оронд байдаг. Гэхдээ манайх энэ хуулийн төслийг боловсруулахдаа анхнаасаа зах зээлийн зарчмаар хөгжсөн орнуудын хуультай харьцуулдаг нь буруу. Гэтэл манай Үндсэн хууль тэр харьцуулж буй улсуудын хуулиас тэс өөр шүү дээ. Хүмүүнлэг, нийгмийн чиг баримжаатай улсыг байгуулж, зах зээлээ хөгжүүлэхээр зорьж буй. Нийгмийн баримжаатай улс аль болох хүндээ чиглэсэн, хүнээ бодсон хууль гаргадаг.
-Бүх нийтээр амрах баярын өдөр амралтын өдөр таарвал ажлын өдөрт нөхөж амарна гэсэн заалт шинээр орсон байна. Энэ тал дээр?
-Ажилчид баярын өдөрт амарч чадаагүй бол ажлын хөлсийг хоёр дахин нэмэгдүүлнэ. Эсвэл нөхөн амраахаар заасан байдаг. Үүнийг шинэчилсэн найруулга дээр илүү тодорхой болгох үүднээс баярын өдөр амралтын өдөр таарвал нөхөн амраана гэж заасан. Энэ бол олон улсад хэрэглэдэг зохицуулалт л даа.
-Шөнийн цагаар ажилладаг ажилчдын цалин 15 хувиар нэмэгдүүлнэ гэж заасан. Энэ хэр боломжтой вэ?
-Уг нь хамтарсан яриа хэлэлцээрийн үед шөнийн цагаар ажилласан ажилтанд ажилласан цаг тутамд үндсэн цалингийн 20 ба түүнээс дээш хувийн нэмэгдэл цалинг олгох боломжтой гэж ярилцсан ч шинэ хуульд 15 хувь гэж заасан. Уг нь 20 хувиар нэмэгдэл цалин бодож өгөх бүрэн бололцоотой байгаа. Тиймээс энэ заалтыг 20 хувь болгож, анх тохирсноороо байх саналыг тавина. Мөн уул уурхай, олборлох салбарын ажилчид жасаагаар ажиллах горим хэрэглэж болно гэж заасан. Энэ боломжтой асуудал. Гэхдээ энэ заалт дээр нэмж уул уурхай олборлох салбартай адилтгах бусад салбарыг оруулах нь зүйтэй гэж үзсэн.
-Бусад гэдэгт жишээ нь ямар салбар багтах вэ?
-Барилгын салбар багтана. Барилгачид хөдөө орон нутаг олон сараар ажиллаж байгаа шүү дээ. Мөн уул уурхайн салбарыг дагаж бусад үйлчилгээний салбарууд багтана. Тээвэр, хоолны газруудын үйлчилгээ явуулж байгаа газрууд уул уурхайн салбартай адилхан горимоор ажилладаг. Эдгээр салбаруудын ажил үйлчилгээг жасаагаар ажиллуулах горимд бусад гэдэгт багтаах шаардлагатай. Зөвхөн уул уухайн олборлох гэдгээр хязгаарлаж болохгүй.
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурван жилд нэг удаа нэмэгдүүлнэ гэж заасан. Энэ боломжтой юу. Одоо хэдэн жил болоод шинэчилж байгаа юм бэ?
-Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар хоёр жил тутамд шинэчлэн тогтооно гэж заасан байдаг. Хоёр жил тутамд гэдгийг бага байна гэж үздэг. Гэтэл гурван жил тутам шинэчлэн тогтооно гэж оруулж ирсэн. Шинэчлэн тогтооно гэдгийг нэмэгдүүлнэ гэж болно, эсвэл эдийн засгийн нөхцөл байдлаас бууруулчиж ч болно гэсэн үг. Уг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг эдийн засгийн өсөлттэй уялдуулан жил тутам шинэчлэн тогтоох ёстой гэж үзэж байгаа. Заавал гурван жил тутам гэж хатуу суулгаж байгаа нь мөн л өмнөхөө дордуулсан хэлбэр болж байна. Хоёр жил байсан нь гурав болж, энэ хугацаанд ямар нэгэн хөдөлгөөн байхгүй гэсэн үг. Одоо бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх хугацаа нь болчихлоо гэж шахаж нэмэгдүүлэх хэлэлцээрт ордог. Уг нь эдийн засагт өсөлт бий болсон бол зургаан сар болоод ярилцаж байх ёстой чухал асуудал шүү дээ.
-Цалингийн ялгааг шинэчилсэн найруулгаар арилгаж байгаа гэж С. Чинзориг сайд ярьсан. Энэ чиглэлийн заалт багтсан уу?
-Шинэчилсэн найруулгаар сайн заалт бий. Өргөн барьсан шинэчилсэн найруулга бол хамтын бүтээл. Нэг шинэчлэл хийсэн том зүйл бол адил ажил мэргэжлийн хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс ижил хэмжээний цалин олгоно гэдэг олон улсын Хөдөлмөрийн байгууллагын цалингийн суурь зарчмыг тусгасан.
-Тэгэхээр хувийн, улсын байгууллагад ажиллаж байгаагаар ялгаатай цалин авахгүй гэсэн үг үү?
-Ажилгүйдлийн төвшин нэмэгдэж, ажил жил гаруй хугацаанд хайж байгаа олон хүн байна. Ер нь сүүлийн үед эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж цомхотгол хийж байна. Энэ асуудал дээр үйлдвэрчний эвлэл хэрхэн анхаарч байна вэ?
-2013 оны наймдугаар сараас хойш ажилгүйдэл, цомхотгол хийх асуудал хөндөгдөж эхэлсэн. Тухайн үед Оюутолгой компани 2000 орчим ажилчнаа 2013 наймдугаар сарын 14-нд гэнэт ажлаас нь чөлөөлсөн. Ингэхдээ сул зогсолт хэлбэрээр халсан. Эргээд далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлбэл, буцааж авна гэсэн нөхцөлөөр чөлөөлсөн. Өнөөдөр Оюутолгойгоос сул зогсолт хэлбэрээр гарсан 2000 ажилчны хэд нь эргээд ажилдаа орсон гэдэг тооцооллыг гаргаж өгөөгүй байна. Үүн шиг нөхцөл байдал бусад уурхайн компаниуд дээр 2014 онд нэлээд хүчтэй явагдсан. Мөн барилга нийтийн үйлчилгээний салбар ажилчдадаа нэлээд цомхотгосон. Мөн эдийн засгийг хэмнэлтийн горимд шилжүүлнэ гэж төрийн албан хаагчдын 15 хувиар цөөрүүлсэн. Энэ бүхнээс хамаарч ажилгүйдлийн төвшин өсөж байгаа. Үйлдвэрчний эвлэлийн холбоо эдийн засаг хүнд үед ажлын байрыг хадгалахыг зөвлөж, бодлогоор дэмжиж ажиллаж байна. Түүнээс бус энэ хүнд үед аж ахуйн нэгжийг та нар ажилчдаа халж, цомхотгож болохгүй шүү гэдэг шаардлага тавих боломжгүй.
-Энэ оны төсөвт 90 тэрбум төгрөгийг суулгаж цалин нэмнэ гэж тусгасан ч нэмээгүй байгаа. Ер нь нэмэх боломж байна уу?
-Ирэх намар энэ жилийн төсөвт тодотгол хийх үеэр цалинг нэмэгдүүлэх 90 тэрбум гаргах боломжтой гэж үзэж байгаа. Уг нь өнгөрсөн тавдугаар сарын 1-нд үйлчилгээний салбарын цалинг нэмэгдүүлэх ёстой байсан. Харин Засгийн газар энэ асуудлыг төсвийн тодотголоор хэлэлцэнэ гэдгээр хойшлуулсан. Ингэхдээ цалингийн нэмэгдлийг тавдугаар сарын 1-ээс нөхөж олгоно гэж тохирсон.