Open iToim app
Эрүүл монгол | 3 мин уншина

​Ж.Амарсанаа: Вакцин хийлгэснээр В вирусийн гаралтай элэгний хатуурал, хорт хавдраас сэргийлнэ

​Ж.Амарсанаа: Вакцин хийлгэснээр В вирусийн гаралтай элэгний хатуурал, хорт хавдраас сэргийлнэ
Нийтэлсэн 2017 оны 6 сарын 16
“Элэгний С вирус ба хавсарсан халдвар” сэдвээр 24 орны 500 гаруй хүндэт профессор оролцож буй чуулга уулзалт Улаанбаатар хотод гурван хоногийн хугацаанд үргэлжилнэ. Монгол дах элэгний вирусийн өвчлөл болон эмчилгээний боломж, үр дүнгийн талаар холбогдох мэргэжилтнээс тодрууллаа.
-Монголын элэгний эмгэг судлалын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, АСЕМ-ийн элэгний эмгэг судлалын холбооны зөвлөх, Анагаах ухааны доктор Ж.Амарсанаа: В, С вирус элэгний хатуурал, хорт хавдрын гол шалтгаан болж байна. Энэ хоёр вирусийн асуудлыг бүрэн шийдсэн цагт монгол хүн элэгний өвчлөлөөр нас барахгүй болно. Дэлхий дахинд В, С вирусийг эмчлэх арга зам, боломжийг нээчихсэн. Хамгийн түрүүнд Монголд нэвтэрсэн эм бол АНУ-ын Харвони эм юм. Түүнээс гадна энэ эмийг дуурайлган хийсэн ерөнхий нэршлийн эмүүд ч Монголд орж ирээд байгаа. Аль, аль нь үр дүн сайн байгаа. Олон улсад ашигладаг эм бэлдмэлийг бид бүртгүүлж, ард иргэддээ түгээх боломжийг бүрдүүлсэн. Зарим улс вирусийн эмээ бүртгүүлж амжаагүй байна. Жишээлбэл Хятад улс. Гэтэл Монголд эмийг бүртгүүлчихсэн, даатгалд оруулчихсан, үр дүн нь гарчихсан байна. Даатгалын газрын мэдээллээр элэгний вирусийн эм даатгалд хамруулснаас хойш 14 мянган хүн элэгний С вирусийн эмчилгээнд хамрагдсан. Өмнө дөрвөн мянган хүн эмчилгээнд орсон. Судалгаагаар Монгол Улсад 210 мянган хүн элэгний С вирустэй байх магадлалтай гэж гарсан. Үүнээс 18 мянга нь эмчилгээнд хамрагдаж, вирусгүй болсон гэж хэлж болно. Үлдсэн 192 мянган хүнд эмчилгээ хийх ажлыг эрчимтэй явуулах шаардлагатай. В вирусийг эмчилгээгээр бүрэн устгах боломжгүй учир вирусийн эсрэг вакцинд хамрагдах шаардлагатай. Оношилгоо, шинжилгээ, эмийн хөнгөлөлт гэсэн боломжууд таатай нөхцөлийг бүрдүүлж байгаа учир 5-10 жилийн дотор Монгол Улс В, С вирусгүй болох боломжтой. Нийт хүн амын 90 хувь нь вакцинд хамрагдсанаар В вирусийн үүдэлтэй элэгний хатуурал, хорт хавдраас сэргийлэх боломжтой юм. Одоогийн байдлаар нийт хүн амын 25-аас доош насныхан вакцинд хамрагдсан. Тиймээс энэ насныханд элэгний өвчлөл 0,25 хувь буюу ховор тохиолддог. Гэтэл 25-аас дээш насны 10 хүн тутмын нэг нь В вирустэй байна. Тэгэхээр В вирусийн эсрэг авах арга хэмжээнд цаг хугацаа хэрэгтэй юм. В, С вирус онцгой шинж тэмдэг илэрдэггүй учир хүмүүс төдий л шинжилгээнд хамрагддаггүй. Хамрагдсан ч манай иргэд эмчилгээг дундаас нь хаях тохиолдол бий. Дундаас нь хаясан тохиолдолд вирус ахиж гарч ирэх, илүү тэсвэртэй вирус бий болох зэрэг эрсдэлтэй нөхцөл бий болох аюултай. Тиймээс эмчилгээнд хариуцлагатай, тууштай хандаасай гэж хүсч байна. Дараагийн нөхцөлд вирустэй гэдгээ мэддэг, шинжилгээнд хамрагдсан мөртлөө эмчилгээнд хамрагддаггүй хүмүүс олон байна. Санхүүгийн хувьд боломжтой байгаа хэдий ч цаг хугацааны хувьд хойшлуулдаг. Эдгээр хүмүүс эмчилгээндээ эрчимтэй оролцох ёстой. Учир нь С вирус онцгой шинж тэмдэг өгөхгүй, чимээгүй өвчлүүлж байгаад гэнэт ноцтой үр дүнд хүргэдэг. Гэнэт л хавдар үүсгэчихсэн, элэг хатуурчихсан байгаа үед мэддэг. Тиймээс эмчилгээгээ хойшлуулж, назгайрч эрүүл мэндээ эрсдэлд битгий оруулаач гэж хүсч байна . Мөн 25-аас дээш насны, өөрийгөө В вирусээр халдварлаагүй гэдгийг мэдэж байгаа хүн вакцинд хамрагдах шаардлагатай байна ” гэлээ.
-АНУ, Стэнфордын их сургуулийн профессор Ray Kim:“АНУ-д элэгний С вирустэй гэдгээ мэдэхгүй хоёр сая хүн одоо хүртэл байсаар байгаа нь энэ асуудал ноцтой гэдгийг илтгэж буй юм. Энэ өвчтөнүүдийг олж, илрүүлж тогтооно гэдэг хүнд асуудал. Харин С вирусийн эсрэг 5 эм байгаа нь эмчилгээнд үр дүнтэй, С вирусийг бүрэн устгаж чадаж байна. Монгол Улсад ашиглагдаж байгаа “Харвони” эм болон түүнтэй ижил төстэй эмүүд өнөөдөр дэлхий нийт хэрэглэж буй С вирусийн эсрэг хамгийн үр дүнтэй эм юм. Эмчилгээний хувьд үр дүнтэй, энгийн байгаа нь цаашид үүнээс илүү арга зам эрэлхийлэх шаардлагагүй. Харин бид элэгний С вирустэй хүмүүсийг илрүүлэн, оношлох тал дээр гол анхаарлаа төвлөрүүлж буй юм.”
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн