Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүд ургац хураалт болон энэ жил төлөвлөсөн хэмжээндээ ургацаа хураан авч чадахгүй болсон талаар дахин мэдээлэл хийлээ.
Тус холбоо Үндэсний их баяр наадмын дараа энэ жил ургацын 70-80 хувийг алдах бодит эрсдэл үүссэн талаар мэдээлж байв. Дараа нь салбарын яам нь 40-50 хувийг алдана, Улсын онцгой комисс 50-60 хувийг алдана гэж мэдээлсэн. Харин өнөөдөр Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбооны гишүүд "Хүнс хөдөө аж ахуйн яам үндэслэлгүй, бодит байдлаас зөрсөн мэдээлэл хийж байна, энэ жил ургацын 70 хувийг алдах нь баттай болсон" гэж мэдэгдлээ. Тиймээс салбар яам, сайд нь тоо ярьж суухаас илүү бодит байдлыг харж, аж ахуйн нэгжүүдтэйгээ алдагдлаа хэрхэн нөхөж, яаж ажиллахаа ярилцах хэрэгтэй байгааг сануулав.
Өнгөрсөн жил манай улс 290 га-д үр тариа тариалж, нэг га-гаа 16.7 центнер улаанбуудай авч, улс 489 мянган тонн улаанбуудай хураан авсан. Тэгвэл энэ жил 359 мянган га-д үр тариа тариалж, 600 мянган тонн улаанбуудай хураан авахаар төлөвлөсөн юм. Тус холбооныхны хэлж байгаагаар, нийт тариалсан талбайнхаа 70 хувийн ургацыг алдаж, хамгийн ихдээ 200 мянган тонн улаанбуудай хураан авх тооцоог хийсэн байна. Энэ жилийн хувьд тариан түрүү богино ургаж нэг га-талбайгаас дунджаар 10 центнер улаанбуудай хураан авах төлөвтэй байгааг Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн О.Амаржаргал хэллээ.
Тус холбооны зүгээс энэ жил ургацын 70 хувийг алдаж, 200 мянган тоо улаанбуудайн хураан авах бололцоотой ч ирэх оны наймдугаар сар хүртэл хэрэглэх буудайн нөөц байгаа. Тиймээ импортын улаанбуудай авах талаар яарч ярих хэрэггүй гэдгийг мэдэгдлээ. Тэдний хэлж байгаагаар, тариаланчдад өнгөрсөн жилийн ургац хураалтаас 30, Тариалан эрхлэлтийг дэмжих санд 30, гурилын үйлдвэрүүдэд нөөц 30 гаруй мянган тонн улаанбуудайн нөөц байгаа гэнэ. Үүн дээр энэ жил хураах 200 мянган тонныг нэмбэл ирэх найм, есдүгээр сар хүртэлх гурилын хэрэгцээг бүрэн хангана гэв.
Р.Бурмаа сайд Засгийн газрын хуралдаанаар импортын улаанбуудай авах санхүүжилтийг шийдүүлсэн байгаа. Гэтэл тариаланчид нь импортын улаанбуудай авах гэж яарсны хэрэггүй гэж мэдэгдэв. Тэдний зүгээс Оросоос импортоор авч байгаа улаанбуудайн чанар муу учраас хамгийн хямд үнэтэй таваарын, тэжээлийн буудайг авдаг. Учир нь, химийн, цацраг идэвхит үйлдвэрийн газартай ойр байрлах тариан талбайгаас хураасан улаанбуудайг ОХУ манайд нийлүүлдэг гэлээ.
Тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн О.Амаржаргал:
-Дотоодод байгаа нөөц боломжоо тодорхойлчихоод дараагийн буюу импортлох асуудлыг ярих ёсой. Гэтэл Р.Бурмаа сайд шууд импортлох асуудлыг ярьж байна. Урьдчилсан баланс хараахан гараагүй байгаа л даа. Гэхдээ өнгөрсөн сард Төв, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Хэнтий аймгийн 40 гаруй тариаланч агрономичидтой уулзсан. Эдгээр тариаланчдын олонхи ургац алдах нь тодорхой болсныг хэлсэн. Энэ жил ургацын 70 хувийг алдах учраас өнгөрсөн жилтэй харьцуулахад улаанбуудайн үнэ бага зэрэг нэмэгдэх магадлал байна. Тариалан эрхэлж байгаа 1000 гаруй компаниуд 150 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх бодит эрсдэл байна. Энэ хавар тариалалтад зориулсан зардлаа нөхөх ямар ч боломжгүй болсон. Дээр нь ихэнхи аж ахуйн нэгж зээлтэй, өр төлбөр ихтэй байхад салбарын сайд маань энэ асуудлыг тариаланчидтай ярилцахгүй импортын асуудалд анхаарал хандуулж байгаа юм.
Энэ асуудлаар салбарын яамны байр суурийг дараах тодруулгаар хүргэж байна.
Хүнс хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуунаас ургац хураалтын талаар тодрууллаа.
-Улсын хэмжээнд ургацын урьдчилсан баланс хэзээ гарах вэ. Салбарын сайд болон холбогдох хүмүүс тариалангийн бүс нутгаар ажиллаад ирсэн гэж дуулдсан. Ернь газар тариалангийн байдал ямар байна вэ?
-Тариаланчид болон аж ахуйн нэгжүүд төлөвлөсөн хэмжээнээс бага ургац хураах төлөвтэй байгаа учраас сэтгэл зовниж байна. Гэхдээ улсын хэмжээнд тариан түрүүгээ цутгаагүй байж хэдэн хувиар ургац алдана гэж ярьж байгаа нь шинжлэх ухааны үндэслэлгүй юм. Тариалангийн бүс нутгаар улаанбуудайн тариалалт аарцан болцондоо орсон учраас энэ сарын 15-наас эхлэн аймгуудын хөдөө аж ахуйн газрууд сум орон нутагтайгаа хамтарч, аж ахуйн нэгж, иргэний тариалсан талбайн дүнг нэгтгэж ургацын баланс гарна. Наймдугаар сарын 20 гэхэд нэг га талбайгаас хэчнээн хэмжээний улаанбуудай хураан авч, хэдий хэр улаанбуудай импортоор авах шаардлагатай вэ гэдэг тоо ч гарах болно. Гэхдээ импортын асуудлыг хоёрдугаарт буюу дотоодын хураан авах ургацын хэмжээг тодорхойлсны дараа ярих ёстой асуудал гэж үзэж байгаа. Энэ сар гараад эхний 10 хоног нэлээд халуун нар гарч таримал улаанбуудайн болцыг механик арга руу оруулах эрсдэлийг үүсгэж байна.
-Өнгөрсөн долоо хоногт тариалангийн бүс нутгийн мэргэжлийн агрономич нартай санал солилцож, энэ жил ойролцоогоор 280 мянган тонн улаанбуудай хураан авна гэсэн тооцоо гарсан байсан шүү дээ?
-Аймгуудын хөдөө аж ахуйн газрын дарга нарыг цуглуулж, аймгуудад хэчнээн мянган га тариалалтад хийж, хураах боломжтой нь хэд байна гэдгийг лавлаж урьдчилсан тооцоо гаргасан. Сэлэнгэ, Төв аймаг буюу тариалангийн гол нутгууд нийт тариалсан талбайнхаа 60-65 хувийг хураан авах боломжтой гэсэн таамгийг гаргалаа. Булган аймаг 50-60, Хэнтий 30 гаруй хувийг хураан авах бол Дорнод аймаг алдагдалгүй хураан авна гэсэн тооцооллыг гаргасан. Өөрөөр хэлбэл 359.7 мянган га талбайд үр тариа тариалснаас 240 гаруй мянган га-гаас ургац хураан авах бололцоотой байна гэж үзсэн. Нэг га-гаас хураан авах ургацыг нарийн тооцох боломжгүй учраас хар зургаар 280 мянган тонн улаанбуудай хураан авах болов уу гэсэн тойм тооцооллыг хийсэн юм. Тариан талбай дээр ажиллаж байгаа мэргэжлийн агрономичтой уулзаж, бодит байдал ямар байгаа, ямар арга хэмжээ авч ажиллах талаар санал солилцсон. Энэ үеэр энэ жил төлөвлөсөн хэмжээнээс бага ургац хураан авна гэдэг дээр санал нэгдсэн. Мөн энэ жилийн тариа намхан түрүүтэй байгаа учраас шууд хураах технологийг баримтлах нь зөв гэдэг саналыг гаргасан. Хуучин өндөр түрүүтэй тариаг ангилан хадсаны дараа хураадаг байсан. Харин энэ жил тариа богино ургасан учраас шууд хураах технологийг баримтлахыг агрономичид зөвлөж байна. Яамны зүгээс шууд хураалтын талаар зөвлөмж гаргаж аймгуудад хүргүүлэхээр бэлдэж байна.
-Богино түрүүтэй ургасан гэхээр улаанбуудай чанар болц муу байна гэсэн үг үү?
-Таримал ургамал их халалтын үед бороогүй, усалгаагүй байснаас өсөлт нь зогссон гэсэн үг. Бороо орохгүй гэнэт их хэмжээний бороо ороход өсөлт нь зогсож намхан түрүүтэй болсон. Долдугаар сарын сүүлээр бороо элбэг, тариа доороосоо дахин ургалт үүссэн байгаа. Өөрөөр хэлбэл, болсон тариа, болоогүй тариа холилдож байгаа учраас хураалтын үед технологи дээр анхаарах шаардлагатай байгаа юм. Тиймээс энэ асуудалд анхаараарай гэдгийг тариаланчид болон агрономичид ч зөвлөсөн. Яамны зүгээс тариаланчдын Тариалан эрхлэх дэмжих сантай холбоотой өр авлагыг хойшлуулах , өмнө нь өгч байсан дэмжлэгүүдээ нэг жилээр хойшлуулах талаар тооцоо судалгааг хийж байна.
-Ер нь бол ургац хураалт төлөвлөсөн хэмжээнээс нэлээд дутах төлөвтэй байгаа учраас манайх импортоор улаанбуудай авч таарах нь. Саяхан сайд болон тариаланчид ургац хураалт 50, 80 хувиар алдана гэж мэдээлсний дараа жижиглэнгийн гурилын үнэ 50-100 төгрөгөөр нэмэгдэв. Тэгэхээр импортоор улаанбуудай авахаар болбол үнэ дахиад л өснө. Ер нь яамны зүгээс үнийн асуудалд ямар бодлого барих вэ?
-Өнгөрсөн жил нөөц ч хангалтай байснаас гадна, гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах зорилгоор гурилын үйлдвэрүүдэд хөнгөлөлтэй зээл олгож нэгдүгээр гурилын үнэ 720-730 төгрөг байсан. Энэ жилийн хувьд борлуулалт сайжирч, нөгөө талд ургац хураалт алдах мэдээлэл гарснаас иргэд гурилаа бөөнөөр авах, ченжүүд бөөндөж, нөөцлөх үзэгдэл нэмэгдсэнээр гурилын үнэ өсч 850 төгрөг болсон. Гэхдээ гурилын үйлдвэрүүд энэ дүнгээс хэтрэхгүй. Учир нь яамтай байгуулсан гэрээний хүрээнд нэгдүгээр гурилын үнийг 850 төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар тусгасан. Манай улсын гурилын үйлдвэрүүд жилд 350 мянган тонн улаанбуудай байхад дотоодынхоо гурилын хэрэгцээг 100 хувь хангах бололцоотой. Тэгэхээр цаашид дотоодоосоо хэдийг нь авах нь уу, цаашлаад гаднаас хэдийг авах вэ гэдэг асуудлыг ярина. Энэ нөхцөлүүдэд иргэдээ хямд гурилаар хангах хүрээнд гурилын үнийг барих бодлоготой явж байна. Гурилын компаниудын зээлийг нэг жилээр сунгая, харин эргээд гурилын үнийг өсгөхгүй, тогтвортой байхыг шаардана.
-Дэлхийн зах зээл дээр улаанбуудайн үнэ өсөх хандлагатай байна. Хятад, Орост байдал тийм ч сайн биш байгаа юм биш үү?
-Би ОХУ-ын мэдээллийг байнга харж байна. ОХУ 2013 онд нийт 13 сая га-д тариалалт хийж байсан бол энэ жил 10.4 сая га-д буюу тариалалт нь өмнөх оноосоо багассан байна. Үүнээс улаанбуудайн тариалалтыг өнгөрсөн он 10.3 сая га-д тариалсан бол энэ жил 8.4 сая га-д тариалсан. Энэ долоо хоногт ургацынхаа урьдчилсан балансыг гаргаж байгаа бөгөөд ургац алдана, үнэ нэмэгдүүлнэ гэсэн зүйл мэдээлээгүй. Тиймээс импортын буудайн үнэ харьцангуй тогтвортой байх болов уу гэж харж байна.
-Өнөөдрийн байдлаар тариалан эрхлэлтийг дэмжих санд нөөц байна уу?
-Байгаа. Өнгөрсөн жилийн хураан авсан ургацаас Тариалан эрхлэлтийг дэмжих санд 30 мянган тонн улаанбуудайн нөөц байна.