Open iToim app
Нийгэм | 4 мин уншина

А.Амаржаргал: Нарны хэт ягаан туяаны хамгаалагчтай шилийг хоёр аргаар таньж болно

А.Амаржаргал: Нарны хэт ягаан туяаны хамгаалагчтай шилийг хоёр аргаар таньж болно
Нийтэлсэн 2017 оны 4 сарын 6
Манай орон байгалийн эрс тэс уур амьсгалтай. Тиймээс дулааны улирал эхлэхээр нар шарж, зарим үедээ шороо шуурах зэрэг байгалийн төрөл бүрийн араншинг үзүүлдэг. Харин энэ үед хүний биеийн эмзэг эрхтэн болох нүдээ хамгаалах шил зүүх хэрэгтэй байдаг. Иймд нарны шилээ хэрхэн зөв сонгох талаар “Focus optical” хараа зүйн төвийн худалдааны зөвлөх А.Амаржаргалтай ярилцлаа.

-Хүмүүс нарны шилийг ихэвчлэн хавар, зуны улиралд зүүдэг шүү дээ. Ер нь нарны шилийг ямар нөхцөлд зүүх нь илүү тохиромжтой вэ?
-Нарны шилийг зөвхөн зуны улиралд эсвэл хавар зүүх ёстой гэх ойлголт бол өрөөсгөл юм. Өвлийн улиралд ч зүүж болдог. Гэхдээ нарны шилийг салхи шороотой үед зүүж болохоос гадна хурц нартай үед зүүх зайлшгүй шаардлагатай байдаг.
-Хурц нартай үед нарны шил зүүх зайлшгүй шаардлагатай гэж байна. Нарны хэт ягаан туяа нь хүний нүдэнд хэрхэн нөлөөлдөг вэ. Хурц нартай үед нарны шил зүүхгүй бол ямар үр дагавартай вэ?
-Нарны хэт ягаан туяа нь үзэгдэх гэрлээс богино рентген туяанаас урт долгионы урттай цахилгаан соронзон цацрал юм. Долгионы урт нь 10 нано метрээс 400 нано метр хүртэлх уртаар хэмжигдэнэ. Нарны хэт ягаан туяа нь UVA, UVB, UVC гэсэн гурван төрөлтэй. 
Хүний нүд болон арьсанд нөлөөлдөг туяа нь UVA буюу UVB юм. Харин UVC туяа нь озоны давхаргад шүүгдэн үлддэг. UVA туяа нь харьцангуй урт долгионтой тул нүд болон арьсны гүнд нэвтэрч хортой нөлөө үзүүлдэг. UVB туяа нь богино долгионы урттай тул арьс болон нүдний өнгөн хэсэгт хор нөлөө үзүүлнэ. Харин хэт ягаан туяа нь газрын гадарга, газар зүйн байршил, далайн төвшний өндөр зэрэг олон хүчин зүйлээс хамаарч цацрагийн хэмжээ өөр, өөр байдаг. Манай орны нөхцөлд далайн төвшнөөс өндөрт байрладаг учир далайн төвшний улсуудыг бодвол цацрагийн төвшин харьцангуй их. Хэт ягаан туяа нь жилийн дөрвөн улирлын турш тусаж байдаг. Ялангуяа зун буюу нарны идэвхжлийн үед хамгийн өндөр байдаг. Иймд үед нарны шил хэрэглээгүй тохиолдолд нүд орчмын арьсанд үрчлээтэх, бор толбо үүсэх, мөн нүдний эвэрлэг, торлог бүрхэвчид нөлөөлж улмаар болор цайх өвчлөлд хүрч хараа алдалт үүсэх магадлалтай байдаг. Мөн нүдэнд бүрэлзэх, загатнах, аргах, улайх, нулимс гоожих гэх мэт шинж тэмдгүүд илэрч байвал нарны хэт ягаан туяанд мэдрэгшиж байна гэсэн үг. 
-Нарны шил гадуур хямдхан худалдаж байхад нүдний шилний дэлгүүрүүдэд арай өөр үнээр зарагддаг. Иймд үнийн ялгаа байгаа юм чинь чанарын ялгаа бий юу?
-Нарны шилийг энгийн, туйлшруулагч, хэт ягаан туяаны гэж ангилж болно. Энгийн шил нь хуванцар буюу дахин боловсруулсан пластикаар хийгддэг. Энэ бол гадуур зарагддаг нарны шил бол хуванцар буюу дахин боловсруулсан пластикаар хийсэн энгийн шилнүүд байдаг. Энэ шилнүүд хүний нүдийг нарны хэт ягаан туяанаас хамгаалах үзүүлэлтгүй. Цайвар өнгийн нүдтэй хүний нүд улайж, торлог нь гэмтэх эрсдэлтэй. Харин тухайн нарны шилний гэрээт газруудад зарагддаг шилэнд нарны хэт ягаан туяанаас хамгаалах, нарны ойсон гэрлийг сарниулах ч гэдэг юм уу өөр өөр үзүүлэлттэй байдаг.
-Тэгвэл нарны хэт ягаан туяанаас хамгаалах үзүүлэлттэй шил гэдгийг нь хэрхэн таних вэ?
-Нарны хэт ягаан туяаны хамгаалалттай шил нь 380 нано метрээс 400 нано метрийн хэт ягаан туяаг шүүх зориулалттай байдаг. Тиймээс нарны хэт ягаан туяаг 100 хувь шүүж нүдэнд зөвхөн үзэгдэх гэрлийг л хүргэж байна гэсэн үг юм. Ийм шилийг таних хоёр арга бий. Нэгдүгээрт, нарны хэт ягаан туяаны хамгаалалттай шилнүүд "CE" гэсэн тэмдэглэгээтэй байдаг. Энэ нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нарны хэт ягаан туяанаас 100 хувь хамгаална гэсэн тэмдэглэгээ юм. Мөн үүнээс гадна "UV protection 400" гэсэн тэмдэг байна. Нэг үгээр хэлбэл, нарны хэт ягаан туяаны хамгаалалттай шил мөн эсэхийг тэмдэглэгээгээр нь таньж болно гэсэн үг. Хоёрдугаарт, тэмдэглэгээнээс гадна гялбааны хамгаалагч тестээр шалгуулах боломжтой. Шил худалдан авах гэж байгаа газартаа нарны хамгаалалттай эсэхийг нь шалгуулах боломжтой гэсэн үг. 
-Туйлшруулагч шилний хувьд ямар хамгаалалттай вэ. Мөн хэрхэн таньж болох вэ?
-Хүмүүс ихэвчлэн жолоочийн шил гэж ярьдаг. Энэ бол гялбааны туйлшруулагч шил юм. Уг шил нь тодорхой биет дээр нарны ойсон гэрлийг сарниулж илүү тунгалаг харагдуулдаг. Энэ шил шар болон хар гэсэн хоёр өнгөтэй байдаг. Шар өнгийн шил нь шөнийн цагаар жолоо барихад зориулсан бөгөөд замын ойсон гэрлийг зайлуулж орчноо тунгалаг харахад тусалдаг. Хар өнгийг нь өдрийн цагаар хэрэглэхэд тохиромжтой. Мөн найман давхаргаас бүрддэг учир тор хэлбэрийн давхарга болон ус агуулсан давхарга гэрлийг шүүж байдаг. Жолоочийн шилээ мөн гялбааны хамгаалалтын тестээр шалгаж үзэх боломжтой.  
-Нарны шилний төрөл бүрийн өнгөтэй байдаг шүү дээ. Өнгөнөөсөө шалтгаалаад хамгаалалт нь өөр байх уу?
-Ягаан өнгийн туяатай шил өөрөөсөө нарны хэт ягаан туяа ялгаруулдаг . Тиймээс нүдийг гэмтээх эрсдэлтэй. Хар болон хөх өнгийн шилнүүд нарны хэт ягаан туяанаас хамгаалдаг.  
-Ер нарнаас хамгаалах шилийг бүх насны хүн зүүх шаардлагатай юу? 
-45 наснаас дээш насны хүмүүс нарны хэт ягаан туяаны хамгаалалттай шилийг зайлшгүй зүүх шаардлагатай байдгаас гадна хүн болгон тэр тусмаа бага насны хүүхэд хүртэл нарны хэт ягаан туяаны хамгаалалттай шил зүүх шаардлагатай байдаг. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн