Монгол улсад 100 сая төгрөгөөс дээш хадгаламжтай 8217 иргэн, 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжтай иргэд давхардсан тоогоор 5,270,000 байдаг гэсэн судалгаа байна. Арилжааны банкуудын хадгаламжийн төрлүүд, хүү харилцан адилгүй байгаа энэ үед иргэд хадгаламжийн хүү өндөр, эрсдэлгүй оршин тогтнох баталгаатай банкийг сонгох нь чухал юм. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкуудын иргэдийн хугацаагүй хадгаламжийн жилийн хүү 6-7.7 хувьд хооронд хэлбэлзэж байна. Энэхүү хүүгийн хувь нь байршуулах мөнгөний дүнгээс хамаарч өөрчлөгддөг аж.
Тухайлбал, иргэн 30 сая ба түүнээс дээш төгрөгийг Хас банкны иргэдийн хугацаагүй хадгаламжинд байршуулбал жилийн хүү бусад банктай харьцуулахад хамгийн өндөр буюу нэрлэсэн хүү нь жилийн 7.7 хувь, бодит хүү нь 7.98 хувь байна. Харин хамгийн олон харилцагчтай гэгддэг Хаан банкны иргэдийн хугацаагүй хадгаламжийн жилийн хүү нь байршуулах мөнгөнөөсөө шалтгаалж 6-7.2 хувьтай байна.
Иргэдийн Хугацаатай хадгаламжийн тухайд арилжааны банкуудын хүүний шатлал 13.3-15.6 хувьтай байна. Жишээлбэл, Улаанбаатар хотын банкны иргэдийн хугацаатай хадгаламжийн жилийн хүү хамгийн өндөр буюу 15.6 хувь. Төрийн банкных 15.4 хувьтай байна.
Орлого авдаггүй энгийн хугацаатай хадгаламж, уян хадгаламж, урьдчилсан хүүт хадгаламж, хөвөгч хүүтэй хадгаламж, хүүхдийн хадгаламж зэрэг олон төрлийн хадгаламжуудаас өөрийн шаардлагад нийцсэн банкийг судалж, сонгож үйлчлүүлэх нь чухал юм. Иймд арилжааны зарим банкуудын хадгаламжийн төрлүүд, хүүний хувь зэргийг харьцуулж гаргалаа.