Open iToim app
Анализ | 4 мин уншина

​“Алтан тариа”-н П.Цэнгүүн ам нээж, бас илчилж эхлэв

​“Алтан тариа”-н П.Цэнгүүн ам нээж, бас илчилж эхлэв
Нийтэлсэн 2015 оны 10 сарын 13
Ардчиллаас өмнө Москвад найтаахад Улаанбаатарт ханиадаг байлаа. Ардчиллын дараа энэ хамаарал монголчуудын гол хэрэглээ болсон хоёр бүтээгдэхүүн дээр баттай үлдсэн юм. Нэг нь улаан буудай, нөгөө нь бензиний үнэ. Үүнийг баримтаар яг өнөөдрөөр харвал ердөө Алтанбулагийн цаахна нэг кг дээд гурил 21 рубль буюу 600 гаруй төгрөг байхад манайд энэ сортын гурилын кг тутмын үнэ 1100 төгрөгөөс эхэлдэг. Хоёр дахин өндөр үнэтэй гэсэн үг. Харин авто бензиний хувьд арай нугалаагүй ч, хамгийн багадаа 0.5 дахин өндөр үнэтэй буй.
Ядаж улаан буудай, гурилын хувьд гаднын энэ хамаарлаас гарахын тулд “Атрын-3” аян хэрэгжүүлсэн, бараг нэг их наяд төгрөг зарсан ч зорилгодоо хүрч чадаагүй гэж “Алтан тариа” компанийн захирал П.Цэнгүүн ярьжээ.
“Өдрийн сонин”-ы сэтгүүлч Ц.Баасансүрэнд өгсөн түүний ярилцлагад ноцтой гэмээр олон баримт, ухаж хөөмөөр олон логик байна.

П.Цэнгүүн бол либертари үзлийг тууштай дэмжигч, энэ чиглэлийн орчуулга ч хийсэн, олон ч номыг ивээн тэтгэсэн тэргүүлэх сэхээтнүүдийн нэг юм. Уншсаныхаа, ойлголтынхоо хэрээр тухайн үеийн төр засгийн бодлогоос ч зөрж явах гээд байдаг өөрийн гэсэн толгойтой бизнесмен гэж харагддаг. Жишээ нь, Засгийн газар “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” гэж баахан мөнгө тарааж байхад гурил үйлдвэрлэгчдээс ганц П.Цэнгүүн л татгалзсан юм. Зах зээлийнх нь багтаамж, эзлэхүүнээр тооцвол түүний “Алтан тариа” компанид тухайн үедээ нэг тэрбум төгрөг ногдож байлаа. Зарим албаны хүн Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр гурилын үйлдвэрүүдийг дэмжсэнээр “Алтан тариа”-н үнийн монополийг зогсоож гурилын үнийг тогтвортой барьсан гэж хэлдэг. Энэ талаас ч асуудлыг хөндөөгүй, бас яриагүй байна. Харин тэрхүү сул мөнгөнөөс татгалзсандаа одоо ч баяртай явдгаа П.Цэнгүүн ярилцлагадаа хэлээд “Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр манай салбарт өгсөн 60 тэрбум төгрөгийн 20 тэрбум хаачсан нь мэдэгдэхгүй алга болсон, энэ мөнгөнөөс авсан гурилын үйлдвэрүүдийн тал нь хаалгаа барьсан” гэж ярьжээ. Ноцтой баримт шүү. Хорин тэрбумын хойноос хуулийн байгууллагынхан явах л хэрэгтэй.
Салбараасаа зориглож анх хэлж байгаа нь П.Цэнгүүн л болохоос олны нүдэнд ил байдаг нэгэн баримтыг энэ ярилцлагад дэлгэжээ. П.Цэнгүүн, сүүлийн жилүүдэд манай салбарт Х.Баттулга, Т.Бадамжунай гэж хоёр сайд байсан. Энэ хоёр бол хоёулаа махны, бас гурилын бизнестэй, ашигт сонирхлын зөрчилтэй. Тэдний үед ч гадаадаас буудай импортлох квот өгдөг л байсан. 100 тонны квот олгоод 20-иод мянгахан тонныг авч байсан үе ч бий. Тэр үед тариаланчид ингэж эсэргүүцэж жагсдаггүй л байсан. Гэтэл одоо Р.Бурмаа сайдын үед 20 мянган тоннын квотын сураг гарахаар жагсаад бөөн юм болж байна. Өмнөх хоёр сайд маань хоёулаа тариа тарьдаг, гурилын үйлдвэртэй байхад Р.Бурмаад ямарч мах, гурилын үйлдвэр байхгүй нь өмнө нь дээрэмдэж, тонож байсан хүмүүст мэдээж таалагдахгүй. Өөрөөр хэлбэл, өмнө нь дээрэмдэж тонож байсан хүмүүс өнөөдөр дээрэмчдийн бүлгийн ахлагчаа сольё л гэж яваад байгаа юм гэжээ.
Ер нь бол жилийн жилүүдэд улстөрийнхөн ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийг салбарын сайдаар томилж ирсэн. 2012 оны сонгуулиас өмнө өвөл бүр л зүүн аймагт шүлхий өвчин гардаг байв. Тэр үед зүүн аймгийн шүлхийн өвчнийг зохиомлоор “гаргадаг”, гарсан байсан ч, хөл хориог зориуд сунгаад хориотой бүс дотор малаа зарах, мөнгөтэй болох малчдын хэрэгцээ дээр хотоос давуу эрхтэй очсон тусгай ченжүүд дурын үнээ хэлж мал цуглуулдаг гэх хардлага ч явдаг байлаа. Тиймэрхүү схемийн нэгэн хувилбар газар тариалангийн салбарт байдгийг П.Цэнгүүн “Өдрийн сонин”-ы ярилцлагадаа хэлжээ.
Харин үндэсний үйлдвэрлээ дэмжих тухайд энэ хүн бас өөр санаа гаргаж байна. Тэрээр үндэсний үйлдвэрээ дэмжих хамгаалах ёстой, гэхдээ амьжиргааны төвшин, иргэдийн худалдан авах чадвар өндөр болсон хойно. Харин манайх шиг хүн амынх нь 35 хувь ядуу байхад үндэсний үйлдвэрээ дэмжинэ гэвэл ядуустаа үнэтэй гурил, өндөг идүүлэх гэж байгаатай л адилхан. Хэрвээ гадаад худалдаа чөлөөтэй болчихвол “Алтан тариа”-н гурил хамаагүй хямд байх бололцоотой. Гэтэл “Гацуурт”-ын Чинбат, бас уяач Цандэлэгийн буудайг л ав гэж шахаад надад хямд гурил үйлдвэрлэх бололцоо өгөхгүй байна. Үр дүнд нь ард түмэн үнэтэй гурил идэж байна, би үнэтэй гурил зарж байгаадаа ичиж байна гэж ярьжээ. Харин зах зээл дээр “Алтан тариа”-н монополь шигээ хямд гурил үйлдвэрлэх, үнэ бууруулахад чиглэлд бусдыгаа яагаад манлайлж болдоггүй тухай энэ эрхэм ярилцлагадаа дурдаагүй байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн