Open iToim app
Эдийн засаг | 8 мин уншина

​Д.Алтанхуяг: Иргэд урьдчилгаа төлөхгүйгээр орон сууцтай болох боломжтой

Нийтэлсэн 2016 оны 5 сарын 19
Төрийн орон сууцны корпорацийн Тэргүүн дэд захирал Д.АЛТАНХУЯГТАЙ ярилцлаа.
-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу түрээсийн орон сууц хөтөлбөрийн эхний ээлжийг амжилттай хэрэгжүүлж дууслаа. Энэ жилд ашиглалтад орох хэчнээн байрыг түрээслүүлэхээр төвөвлөж байна вэ?
-Улаанбаатар хотод түрээсийн байранд хамрагдсан иргэдэд албан ёсоор түлхүүрийг нь гардуулан өгснөөр 350 иргэн байрандаа орлоо. Цаана нь түрээсийн орон сууц хөтөлбөрийн шалгуурыг хангасан 2000 гаруй иргэн байгаа. Эдгээр иргэд “дараагийн түрээсийн байр хэзээ ашиглалтад орох уу”” гэдэг асуулттай үлдсэн байгаа. Эдгээрийн иргэдийнхээ асуултад хариулах нь зүйтэй. Долдугаар сард  “Буянт-Ухаа-2”  хорооллын үргэлжлэл  972 айлын байр ашиглалтад орно. Дээр нь, Барилга хот байгуулалтын яамны захиалгаар Сүхбаатар дүүргийн долдугаар хороонд 720 айлын байр ашиглалтад орно. Ингээд долдугаар сарын дундуур улсын комисс хүлээн авч, иргэд түрээслүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тэгэхээр ирэх намраас 1600 гаруй орон сууцыг иргэдэд түрээслүүлэх боломж нээгдэнэ гэсэн үг. Ер нь 2015-2021 он хүртэл хөдөө орон нутагт 4000, Улаанбаатар хотын хэмжээнд 16 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулж түрээслүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Түрээсийн орон сууцны хөтөлбөр хэрэгжиж эхлэсэн энэ хугацаанд иргэдийн орон сууцанд амьдрах хэрэгцээ өндөр байгаа харагдаж байна. Гэтэл өнөөдөр зах зээлд түрээслүүлж буй орон сууцны нийлүүлэлт хангалтгүй байна. Уг нь хувийн барилгын компаниуд барьсан байшин олон байгаа шүү дээ. Цаашид хувийн хэвшлийнхний байрыг иргэдэд түрээслүүлэх тал дээр ямар ажлууд хийж байна вэ?
-“Бэрин групп” барилга хот байгуулалтын яамны захилгаар 720 айлын орон сууцыг барьж, иргэдэд түрээслүүлэхээр болсон. Цаашид бусад хувийн компаниудтайгаа хамтран түрээсийн орон сууц хөтөлбөрийг хүртээмжтэй болгох талаар ярилцаж байна. Хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтарч ажиллахад нэг орон сууцны өртөг өндөр тусч байгаа. Төрийн орон сууцны корпорацийн зарласан үнээс 30-40 хувиар өндөр өртгөөр иргэдэд байраа түрээслүүлэх хүсэлтэй байна. Хэрвээ хувийн хэвшлийнхэн өртгөө бууруулж, өнөөдрийн хэрэгжүүлж байгаа үнэд хүргэвэл тухайн бүрт нь шийдлээ хийж, хамтран ажиллах бүрэн боломжтой. Хувийн компаниудын хэлсэн үнээр байр түрээслүүлье гэхээр иргэдийн орлогоос давж, иргэнд ирэх санхүүгийн дарамт нь өндөр болж байна. Тиймээс хувийн хэвшлийнхэнтэйгээ олон хувилбараар ярьж, хамтран ажиллах аргыг хайж байна.
-Түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн иргэдэд түрээслүүлсэн байрыг нь өмчлүүлнэ, өмчлүүлэхгүй гэсэн мэдээлэл гарч иргэдийг төөрөгдүүлсэн. Түрээсийн орон сууц хөтөлбөрийг гардан хэрэгжүүлж байгаа байгууллагын хувьд асуухад иргэд түрээсэлсэн орон сууцаа өмчлөх үнэхээр боломжтой юм уу?
-Иргэдэд түрээсийн орон сууцыг нь өмчлүүлэх боломжтой. Гэхдээ Засгийн газрын тогтоолд иргэдэд зөвхөн түрээслүүлэх зориулалттай гэж заасан байгаа. Дараа дараагийн хөтөлбөрийг түрээслэнгээ өмчлөх боломжтой болгох саналыг Засгийн газарт хүргүүлж байгаа. Түрээсийн байрыг өмчлөлийн хэлбэрт шилжүүлэх, эсвэл түрээслүүлэх талаар олон улсад хэрэглэдэг олон хувилбар байдаг. Монголын нөхцөлд түрээслэнгээ өмчлөх гурван хувилбарыг хэрэгжүүлэх боломжтой. Нэгд, зөвхөн түрээслүүлэх хэлбэрээр орон сууцанд амьдарч байгаад хугацаа нь дуусахаар дараагийн хэрэглэгчид шилждэг. Хоёрт, түрээслэнгээ өмчилдөг. Гуравт, ямар нэгэн урьдчилгаа төлбөр төлөхгүйгээр түрээсийн үнэ дээрээ байрны үнийг шингээж төлөх байдлаар шууд өмчлөх хувилбар байна. Монголын нөхцөлд энэ гурван хувилбарыг гурвууланг нь хэрэгжүүлэх боломжтой. ТОСК-ийн үйл ажиллагааны үндсэн зорилго бол төрөөс иргэдээ орчин үеийн чанар стандартай орон сууцаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлж байгаа. Ингэхдээ эхний ээлжид дандаа өмчлөлийн байрыг гаргаж, хажуугаар нь түрээсийн орон сууц хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ. 1990 онд ажиллаж байсан Засгийн газар тогтоол гаргаж түрээсийн орон сууцны хөтөлбөрийг баталсан байдаг. Харамсалтай нь, огт хэрэгжихгүй явсаар 2016 онтой золгосон. Өөрөөр хэлбэл, 17 жилийн дараа түрээсийн орон сууц хөтөлбөр бодит ажил хэрэг болж, хэрэгжиж байна. Үүнийг хэрэгжүүлж, эхлэлийг тавьж байгаа нь хамгийн зөв алхам.
-ТОСК орон сууцны томоохон хорооллуудыг барихдаа Чингис бондоос хүүтэй эх үүсвэр зээлсэн. Цаашид орон сууцны олон төслийг эхлүүлж, иргэдэд худалдахаас гадна түрээслүүлэнгээ өмчлүүлэх боломжтой гэж ярьж байна. Иргэд орон сууцанд орохын тулд нийт өртгийн 30 хувьтай тэнцэх эх үүсвэрийг төлдөг. Гэтэл ямар урьчдилгааг төлөхгүйгээр түрээслүүлэнгээ өмчлүүлэхээр танай байгууллагад ч, улсад ч алдагдалтай биш үү?
-Аливаа юм бүхэн өөрийн гэсэн өртөгтэй, санхүү эдийн засгийн тооцоотой байдаг. Манай байгууллагын хувьд улсын төсвийн хөрөнгөөс нэг ч төгрөг авдаггүй. Засгийн газрын үнэт цаас буюу Чингис бондоос жилийн найман хувийн хүүтэй 100 сая ам.долларын зээл авч, үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Тиймээс алдагдалгүй ажиллахын төлөө явах ёстой. 2012 оноос өмнө орон сууцны зээл 18, 20 хувь байсан. Тухайн үед орон сууцны зээлийн хүүг бууруулна гэж ярихад ямар ч боломжгүй гэж байсан ч буулгаж чадсан шүү дээ. Дараа нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарч, найман хувийн зээлийг буруу байна гэж зогсоосон. Гэтэл УИХ найман хувийн зээл буруу биш, харин ч хүүг бууруулах боломжтой гээд бууруулсан. Юм бүхнийг боломжгүй, сонгуулийн шоу гэж байсан ч өнөөдөр бодит байдал дээр хэрэгжиж үр дүнгээ өгч байна. Монголын 21 аймаг, гурван дүүрэг, шинэ сууршлын бүсэд баригдсан орон сууцыг иргэд таван хувийн хүүтэй авах боломж нээгдсэн. Үүн шиг түрээслэнгээ өмчлөх, эсвэл шууд өмчлүүлэх бүрэн боломж байгаа. Харин үүнийг хэрэгжүүлэхэд санхүүгийн тооцооллыг маш зөв хийх ёстой. Тухайн өрхийн сарын орлогод дарамт учруулахгүйгээр хийх хэрэгтэй байгаа. Ингэхдээ ам мертийн үнэ хамгийн хямд байх ёстой. Хоёрт, иргэдийн сард төлөх мөнгөн дүн бага, хугацааг нь урт байхаар зохицуулах хэрэгтэй байгаа. Энэ хоёр хүчин зүйлийг шийдчихвэл түрээслэнгээ бусдад шилжүүлэх, эсвэл түрээслэх хугацаандаа байрны урьдчилгаа хуримтлуулж өмчилж авах, урьдчилгаа төлбөр төлөхгүйгээр тухайн орон сууцны нийт өртгийг шингээж түрээсийн төлбөр дээрээ давхар төлөөд явах боломжтой. Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн бүртгэлийг хийж байхад иргэдийн 80 гаруй хувь нь “түрээсэлсэн байраа урт хугацаандаа өмчилж авах боломжтой юу?” гэдгийг л ихээр сонирхож байсан. Тиймээс Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулж иргэд байраа түрээслэнгээ өмчлүүлэх боломжийг нээнэ. Тухайн иргэн түрээсийн орон сууцанд амьдрах таван жилийн хугацаандаа найман хувийн зээлийнхээ 30 хувийн урьдчилгааг бэлдээд шууд өмчилнө. Эсвэл 20-25 жил сар бүр түрээсийн төлбөр дээрээ байрны өртгийг нэмж төлж өөрийн өмч болгоно. Энэ нь гэр хороололд амьдардаг иргэдийн зөв бодлогоор дэмжиж, орон сууцаар хангах үе шаттай ажлыг зохион байгуулахад чухал түлхэц болно.
-Тэгэхээр таны ярьж байгаагаар өнөөдрийн байдлаар “Буянт-Ухаа-2” хороололд байр түрээслэхээр болсон 350 өрх таван жилийн хугацаандаа 30 хувийн урьдчилгаагаа цуглуулж чадсан бол тухайн түрээсэлж буй орон сууцаа өөрийн эзэмшлийнх болгох боломжтой гэсэн үг үү?
-Тийм ээ. Хамгийн гол нь Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулж, түрээслэнгээ өмчлүүлэх боломжтой гэдгийг эрх зүйн хувьд шийдэх ёстой. Төрийн орон сууцны корпорацийн мэргэжилтнүүд маш олон хувилбараар тооцоо хийж түрээслэнгээ өмчлүүлэх боломжтой гэж үзэж байгаа. Өнөөдөр мөнгөтэй хүмүүс бүгд орон сууцтай болсон байна. Шууд бэлэн мөнгөөр орон сууц худалдан авч чадахгүй хүмүүс нь 30 хувийн урьдчилгаа төлж, үлдсэнийг нь жилд найман хувийн хүү төлж сар сараар нь төлбөр хийх байдлаар орон сууцтай болсон. Гэтэл 30 хувийн урьдчилгаагаа төлөх гэтэл мөнгөгүй хэсэг бүлэг хүмүүс байна. Эдгээр хүмүүсийг дэмжихийн тулд 20 хувь дээр нь Засгийн газар баталгаа гаргаж, иргэд 10 хувийн урьдчилгаа төлж байртай болох асуудал яригдаж байсан ч хэрэгжээгүй. Үүнийг манай байгууллагын судалгааны багийнхан судалж ТОСК дангаараа хариуцаад хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн. Ингэхдээ ТОСК өөрийнхөө дэргэд орон сууцны хуримтлалын сантай болох ёстой. Хоёрт, хууль эрх зүйн хувьд ТОСК үнэт цаас гаргах эрхээ олж авсан байгаа. Өөрөөр хэлбэл, ТОСК өөрөө хөрөнгө босгож орон сууц барьж, иргэд хямд үнээр орон сууцанд хамруулах боломжтой болж байгаа. Одоо Засгийн газар, Монголбанк албан ёсны зөвшөөрөл өгвөл олон улсын зах зээл дээр бонд босгож эхэлнэ. Босгосон хөрөнгөөрөө орон сууц барьж, нэг хэсгийг нь өмчлүүлж, түрээслүүлж эргэлтийн хөрөнгөөр дараагийн орон сууцны хорооллыг барих боломжтой. ТОСК барилга барихдаа хорооллын хэмжээнд нийгмийн бүх асуудлыг шийдсэн цогц хороолол барих төлөвлөгөөтэй ажилладаг. Өнөөдөр нийслэлийн хот төлөвлөлт алдагдсан байгаа. Үүнийг засахын тулд хотын хойд талаас эхлэн орон сууцны хорооллыг цогцоор нь барих шаардлага бий. Манай байгууллага дахин төлөвлөлтийн хүрээнд Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд 1620 айлын орон сууцны хороолол барихаар зураг төсөл бэлэн болсон байна. Хөрөнгө оруулагч, гүйцэтгэгч компани тавдугаар сарын 20-ноос бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх гэж байна. Мөн Унгарын төрийн оролцоотой барилгын компанитай хамтран “Smart Ulaanbaatar” хорооллыг хамтран барихаар болсон. “Буянт-Ухаа-2” хорооллын баруун талд Морингийн даваанд манай байгууллагын нэр дээр бүртгэлтэй 50 га газар дээр уг хорооллыг барихаар зураг төслийн ажыг зургадугаар сард эхлүүлнэ. “Буянт-Ухаа-2” хороолол нийт 28 га талбайд хийгдэхээр зураг төсөлтэй. Эхний ээлжийн 2400 айлын орон сууцны хорооллын барилгын ажил бүрэн дуусч, ашиглалтад оруулсан. Үүний хажууд нэг орцондоо 65 айлтай 12 дахвар жаран ширхэг 3600 айлын орон сууцны хорооллын ажлыг удахгүй эхлүүлнэ. Уг хороололд 240 хүүхдийн багтаамжтай гурван цэцэрлэгтэй, нэг ээлжиндээ1250 хүүхдийн багтаамжтай хоёр ерөнхий боловсролын сургууль, зургаан давхар 12 ширхэг үйлчилгээний төв, долоон давхар дулаан граш, кино театр, соёл урлагийн төв баригдана. Энэ төслийг монголын хувийн компани өөрөө хөрөнгөө босгож барихаар болж, өнгөрсөн долоо хоногт ажил гүйцэтгэх гэрээнд гарын үзэг зурсан. Тавдугаар сарын 25-наас эхлэн бүтээн байгуулалтын ажил эхэлнэ.
-Танай байгууллагыг хувийн хэвшлийнхний өмнүүр орж бизнесийг нь булаалаа гэж ярих хүн цөөнгүй байдаг. Энд ямар тайлбар өгөх вэ?
-Төр хамгийн сайн менежер л байх ёстой. ТОСК төрийн менежерийн үүргийг биелүүлж байгаа. Хувийн хэвшлийн ажыг булааж аваад орон сууц барьж байгаа зүйл огт байхгүй. ТОСК хямд эх үүсвэр орон сууцыг иргэдэд нийлүүлэхийн тулд газар, дэд бүтцийн бүх асуудлыг цогцоор нь шийдэж барилгаа үндэсний аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтран барьдаг. Зах зээлд нийлүүлж байгаа орон сууцны хоёр хувийг ТОСК-ийн захилгаар барьж байгаа шүү дээ. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн