“Эксперт” буландаа цаг үеийн асуудлаар хуульч О.АЛТАНГЭРЭЛ-ийг урьж ярилцлаа.
-С.Зоригийг хөнөөсөн хэргийг 18 жилийн дараа олон нийтэд хаалттай байдлаар анхан шатны шүүх хэлэлцэж, шийдлээ. Үүнээс болоод хардлага, янз бүрийн маргаан дэгдлээ. Зөв хүмүүсээ яллав уу, захиалагч нь яасан бэ гэх мэтээр. Өчигдөр Ерөнхий прокурорын тушаалаар энэ хэргийн захиалсан, зохион байгуулсан хүмүүсийг шалгах ажлын хэсгийг байгууллаа. Гаднаас нь ажигласан хуульч хүний хувьд шүүх хурлыг бүхэлд нь хаалттай явуулсан явдлыг юу гэж дүгнэсэн бэ?
-Нотлох баримт цуглуулах ажиллагаа угаасаа нууц. Хэрэг гарснаас 18 жилийн хугацаанд тагнуул, цагдаагийн ажлын хэсэг ажиллахдаа юу хийснийг бид бүгд мэдэхгүй. Ганц энэ хэрэг ч биш ер нь л гэмт хэргийг илрүүлэх арга ажиллагаа нууц байдаг. Хэргийг прокурор дээр хянаад шүүхэд шилжүүлэх хүртэл өмгөөлөгч хүн хавтаст хэрэг дотор юу байгааг мэддэггүй шүү дээ. Тийм учраас явуулсан ажиллагаа нууц байх нь зөв. Дээрээс нь хэргийн араас 2-3-хан хүн явсан байж таарахгүй. Өргөн бүрэлдэхүүнээр нууцын зэрэглэлтэй ажилласан учраас ажиллагаанд оролцсон хүмүүс, ажиллагаа зэрэг нь нууц байх ёстой. Бид бол гүйцэтгэх ажил гэж нэрлэдэг, энгийнээр бол тагнуулын ажил юм л даа. Шүүх хурлын нээлттэй хэлэлцүүлгийн явцад энэ бүхэн задрах өндөр магадлалтай. Тийм учраас нотлох баримт цуглуулах ажиллагааг нууц байх ёстой буюу хаалттай байдлаар хэлэлцэх ёстой гэж үзэж байгаа юм.
Харин С.Зоригийг хөнөөсөн гэх хүмүүсийг ялласан нотлох баримт өөрөө нууц байх ёсгүй. Жишээлбэл, гэмт хэргээ нуун далдлах зорилгоор дөрвөн хүний амийг хөнөөсөн гэдэг зүйл ярьж байгаа. Ямар хүмүүсийн амь насыг, хэзээ, хаана, яаж хөнөөсөн юм бэ гэдэг нь огт нууц зүйл биш. Бид өнөөдөр С.Зориг гэдэг хүний амь насыг хөнөөсөн шүүх хуралдааныг ажиглаад байгаа болохоос цаана нь бидний мэдээгүй дөрвөн хүний амь яригдаж байна. Талийгаач С.Зориг гуай төрийн сайд байсан болохоор хэргийг нь ярих ёстой, нөгөө дөрвөн хүн жирийн иргэд байсан учраас ярих ёсгүй гэдэг зүйл байж болохгүй. Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй. Нэгнээсээ илүү үнэтэй хүний амь гэж ерөөсөө байхгүй. Гэтэл дөрвөн хүний мэдээлэл байхгүй байна. Түрүү түрүүчийн шүүх хурлууд дээр манай шүүх хэрэг шийдвэрлэчихээд мэдээлэл өгдөг. Авлига, албан тушаалын хэрэгт шалгагдаж байгаа нөлөө бүхий хүмүүс өөрсдийгөө өмгөөлж хэвлэлээр янз бүрийн мэдээлэл гаргадаг. Олон нийтэд буруу ойлголт төрүүлдэг учраас шүүх хэргийг тайлбарладаг жишиг бас байдаг. Энэ хэрэг дээр ялангуяа шүүхийнхэн тайлбарлах ёстой. -Тэгэхгүй бол иргэд шүүхэд итгэхгүй байгаа зүйлс харагдаж л байна?
-Хүн болгон захиалагчтай хэрэг гэж боддог байсан. Тэр нь ч тодорхой болж, захиалагчийг нь шалгаж байгаа юм байна. Тэгвэл гүйцэтгэсэн гэх гурван иргэнийг шийтгэчихлээ. Үүнээс өөр мэдээлэл олон түмэнд байхгүй. Яагаад С.Зориг гэдэг хүнийг алав. Өнгөрсөн хугацаанд энэ гурван хүн яаж явав. Ямар нотлох баримтаар энэ хэргийг нотлов. Шүүгдэгчдийн гэр бүлийнхэн “Гэм буруугүй байсан, хэлмэгдүүллээ. Давж заалдана” гэж ярих нь тэдний эрх чөлөөний асуудал. Ингээд олон нийт нэг талын мэдээлэлтэй үлдэж байна. Энэ хамгийн аюултай. Ийм учраас шүүх нэн даруй өөрсдийн байр суурийг тодорхойлж хэлэх ёстой. Тэгэхгүй бол нийслэлийн шүүх, Дээд шүүхээр хэргийг хэлэлцэхэд, олон нийт “Энэ шүүх чинь хүнийг хилсээр яллаад байгаа юм биш биз дээ” гэсэн хардлагатай үлдэнэ. Иргэдийн шүүхэд итгэх итгэл сулрах нь эргээд шударга ёсыг сахиулахад хамгийн их саад болдог зүйл. -Шүүх хурлыг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид хийчихлээ. Уг хорих ангид шүүх хурал хийхээ хоёр жилийн өмнөөс больсон биз дээ?
-Товчхондоо бол хорих ангид хүнийг шүүсэн нь хүний эрхийн томоохон ухралт . Шүүх хурлыг хаалттай хийсэн, харуул хамгаалалттай явуулсан байж болно. Гэвч Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярт нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх дээр одоогийнхоос доор харуул хамгаалалт, одоогийнхоос доор байртай байхад нь хийж л байсан шүү дээ. Хорих ангид хийсэн шүүх хурлаас цагаадаж байсан хүнийг би хувьдаа мэдэхгүй . МИАТ-ийн удирдлагуудад холбогдох, 2008 оны долдугаар сарын 1-тэй холбоотой цагдаагийн удирдлагуудын хэрэг, Гал үндэстэн холбооны Ч.Мөнхбаяр нарын хэрэг гээд нэрлэж болно. Тэд бүгд ял шийтгэл авсан. Өөрөөр хэлбэл, энэ хүмүүст ял оноох нь тодорхой байсан юм биш үү гэж. Шүүхэд ийм зүйл байх ёсгүй. Цугласан нотлох баримтын хүрээнд шүүх дотоод итгэл үнэмшлээрээ шийдвэр гаргах ёстой байтал хорих ангид хийдэг. -Миний сонссоноор Шүүхийн ерөнхий зөвлөлийн хоёрдугаар хүн болох Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайханаас “Хорих ангид шүүх хурал явуулахгүй” гэсэн бичгийг С.Зоригийг хөнөөсөн гэх хэргийг хэлэлцэхийн өмнө шүүхэд явуулж л дээ. Тэгсэн чинь цагдаа, тагнуулын байгууллага зөвшөөрөл өгөөгүй учраас хорих ангид хийсэн гэх юм. Шүүх засаглал шүүх хурлаа хаана хийхээ тэднээс асуудаг болчихсон юм уу?
-Хэрвээ шүүхийнхэн хаана шүүх хурлаа хийхээ тагнуул, цагдаагийнхнаас асуудаг болсон юм бол яриангүй ухралт . Хууль сахиулах байгууллага хэчнээн ч эрх мэдэлтэй байгаад Монгол Улсын шүүхэд нөлөөлөх ёсгүй. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд ч шүүхэд нөлөөлөх ёсгүй. Гэтэл ТЕГ чинь Ерөнхий сайдын, цагдаагийн байгууллага Засгийн газрын эрх хэмжээний байгууллага шүү дээ. Шүүхэд хэнбугай ч нөлөөлөх ёсгүй. Бичиг цаас ирсэн, болохгүй гэсэн гэдэг байдлаар хорих ангид шүүх хурал хийсэн үндэслэлээ тайлбарлаж байгаа бол муу л байна. -Та долдугаар сарын 1-ний хэрэг дээр ял шийтгүүлсэн цагдаагийн хурандаа нарын өмгөөлөгчөөр ажиллаж байсан. Дараа нь таныг Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байхад ЦЕГ-ын Дотоодын цэргийг татан буулгасан. Тэр үед ямар үндэслэлээр татан буулгаж байв? Одоо энэ албыг сэргээн байгуулахаар УИХ дээр хуулийн төсөл орж ирсэн учраас асууж байгаа юм.
-2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдалд цагдаагийн байгууллага ажил үүргээ маш амжилттай гүйцэтгэсэн гэж боддог. Өнөөдөр аль нэг улсаас хараат бус, ардчилсан замаар засаг төрөө өгч авалцаад явж байгаа дэг журмыг цагдаагийн байгууллагын 300 гаруй албан хаагч, насаараа тахир дутуу болсон тэр залуус, шоронд хилсдэж суусан энэ дөрвөн хүн авчирч өгсөн гэж боддог. 1921 оны ардын хувьсгалыг МАН, 1990 оны ардчилсан хувьсгалыг АН өмчилдөг шиг, 2008 оны хувьсгалын шинжтэй эмх замбараагүй байдлыг таслан зогсоосон гавьяагаараа алдарших ёстой хүмүүс нь цагдаагийн албан хаагчид. Ч.Амарболд, О.Зоригт, Г.Ганбаатар, Д.Батсүх нарыг яллахдаа цэргийн гэмт хэрэг гэдэг зүйл ангиар ялласан. Цэргийн гэмт хэрэг гэж ялласан үндэслэлээ “Ч.Амарболд нь Дотоодын цэргийн командлагч байсан” гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл, энэ үндэслэлээр цагдаа хэмээх иргэнлэг байгууллагыг цэргийн байгууллага болгож хувиргасан. Ял шийтгэл оногдуулахдаа ингэж цэргийнх болгодог, албан үүрэг гүйцэтгэхэд нь “иргэнийх бай” гэж шаарддаг саармаг зүйл байх ёсгүй. Дотоодын цэргийн нэрийг нь өөрчлөөд цагдаагийн байгууллагад нь шингээгээд, чиг үүргийг нь гүйцэтгүүлээд явахад болохгүй зүйл байгаагүй. Одоо тэгээд яах юм. Дотоодын цэргийг байгуулсны дараа хэн нэгэнд хариуцлага тооцох болохоороо “цэргийн хүн” гэх юм уу. Эсвэл цагдаагийн хүн гэх юм уу. Батлан хамгаалах, цэргийнхэн нь нэг талдаа, хууль сахиулах байгууллага нь нэг талдаа байя гэсэн дэлхий нийтийн концепцийг зөрчих гэж байна. Дотоодын цэргээ санагалзсан хүмүүст энэ албыг эргээд сэргээх нь сайхан л байгаа байх. Гэхдээ бид чинь дурсамжаар биш, хуучнаа сэргээхээр биш шинэ үе рүү тэмүүлж яваа биз дээ . Цагдаагийн байгууллага бол өдөр тутам иргэнтэй харилцдаг, хуулийг сахиулах байгууллага шүү дээ. Концепцийн хувьд батлан хамгаалах, хууль сахиулах байгууллагыг нийлүүлж байгаа нь ухралт болж байна гэж харж байна. -Долдугаар сарын 1-ний үймээнээр хүн буудсан хүмүүс олдсон юм уу. Ер нь энэ хэргийг мухарлаж тогтоосон юм уу?
-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж байна. Энэ өөрчлөлтөөр төрийн албан хаагчийг гадаадад данстай байхыг хориглох юм. Төрийн албан тушаалтны эхнэр хүүхэд, төрөл саданг нь оффшорт данстай байхыг зөвшөөрөх хэрэгтэй юу?
-Энэ дээр бол Хууль зүй, дотоод хэргийн яамны байр суурийг зөвшөөрөхөөс арга байхгүй. Тэгж хүний Үндсэн хуулиар олгосон эрхийг зөрчинө гэж байхгүй. Жишээлбэл, хүүхэд нь биеэ даагаад тусдаа гарахад хуулийн тусдаа субъект. Аав, ээж нь гэмт хэрэгтэн байхад хүүхэд нь сайн сайхан амьдарч яваа жишээ өчнөөн бий. Гэтэл “Чи тэрний хүүхэд учраас” гэж тэр хүний эрх чөлөөг насан туршид нь хязгаарлаж болохгүй. Үүн шиг “Чи тэрний хүүхэд учраас” гэж насан туршид нь данс эзэмшихийг хязгаарлаж болохгүй . -Даргын хүүхэд дарга байж болохгүй гэж шүүмжилдэг шиг үү.
-Харин тийм. Ийм учраас яамны тавьж байгаа асуудал зөв санагдсан.
-Гэхдээ амьдрал дээр зарим албан тушаалтан эхнэр хүүхэд, төрөл садныхаа нэр дээр хөрөнгөө нуудаг юм биш үү?
-Бодит байдал тэр л дээ. Гэхдээ жилд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн 80 хувь нь хутгаар үйлдэгдэж байна гээд айл болгоны хутгыг хурааж болдоггүй. Айл болгоны гэрт хутга байлаа гээд хүн бүр алуурчин болдоггүй. Хулгайч нь 300 байлаа гээд цаана нь амьдарч байгаа гурван сая хүнийг хулгайчийн хамсаатан гэж болохгүй. Харин танай www.itoim.mn сайтаар дамжуулаад үгээ дайчихъя. Хууль бусаар хөрөнгөжсөн, оффшорт данстай гэгдэж байгаа зүйлтэй Монгол Улс яаж тэмцэх вэ гэдэг хөтөлбөр боловсруулмаар байгаа юм. Нэгдүгээрт, гадаад улстай яаж харилцаж мэдээллээ авдаг болох юм. Хоёрдугаарт, энэ чиглэлийн мөрдөн шалгах ажиллагаагаа яаж цаашаа эрчимжүүлэх вэ. Гуравдугаарт, дахиж мөнгө хулгайлж гадаадад нуудаг асуудлыг яаж багасгах вэ гэдэг дээр нэгдсэн хөтөлбөр хэрэгжүүлэх цаг боллоо. Оффшор гэдэг асуудал ойрын 2-3 жил яригдаад ч зогсохгүй хэдэн арван жил үргэлжилж болзошгүй. Монголын үндэсний баялгийн мөнгийг зөөдөг жимийг яаж хаах ёстой вэ гэдэг дээр манайхан анхаарал тавих ёстой. Тэрнээс биш оффшорыг хязгаарлах хуулийн төсөл батлаад л зогсвол үр дүн муутай . -Эхний ээлжинд хуулиа баталж, төрийн албан тушаалтныг оффшорт данстай байхыг хориглохыг дэмжиж байна. Гэхдээ Монгол Улс хууль батлаад цаашаа хэрэгжих боломжтой юу. Жишээ нь, Швейцарийн банк, оффшор бүс гэгддэг гадаад улс Монголын хуулийг тоох уу?
-Одоо бид олон улстай эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх ёстой. Цагдаа, тагнуулын байгууллага чадлаараа ажиллаж байгаа боловч ямар ч улстай эрх зүйн харилцан туслалцах гэрээ хийж байж үйл ажиллагаагаа бүтэлтэй явуулна. Ийм учраас санаачлага Засгийн газраас гарах ёстой. Эрх зүйн харилцан туслалцааны гэрээнүүдийг маш сайн байгуулж, өөр улсуудын хууль сахиулах байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шаардлагатай. Ээ дээ, ер нь 2005-2012 он хүртэл маш олон хүн Виржинийн аралд данс нээлгэсэн шүү. Хэдэн 10 мянгаараа тоологдох данс, мөнгө тэнд эргэсэн. Гэтэл бид тэр талаар мэдээлэлгүй сууж байна. Бид БНХАУ-тай хамгийн ойр хөрш мөртлөө Виржинийн аралтай ойрхон Хонконгтой эрх зүйн харилцан туслалцааны асуудлаар юу хийсэн билээ. Ингэж гүн рүү нь харахгүйгээр хууль батлаад зогсвол дэндүү харамсалтай. Санаачилга даанч алга. Миний хувьд энэ чиглэлээр судалгаа, баримтаа хуваалцаад хэнтэй ч хамтран ажиллахад бэлэн байгаа. -Манайх хуулиа батлаад цаад улстайгаа хамтран ажиллах гэрээгээ байгууллаа гэж бодъё. Тэгэхэд үйлчлүүлэгчийн эрхээ хуулийн байгууллагын шаардлагаас дээгүүр тавьдаг банк байна. Тийм л амархан мэдээллийг нь, мөнгийг нь гаргаад өгчихдөг юм бол жишээ нь Швейцарийн банкинд хэн найдаж мөнгөө хадгалуулах вэ?
-Швейцарийн банкны нууцлалыг хамгийн түрүүлж эвдэж чадсан улс бол Америк. Мөнгө угаах гэмт хэрэгтэй дэлхий даяар тэмцэхэд нууцлал саад болж байна гэж шахалт үзүүлсээр байгаад. Энэ том улсуудын гаргасан жишиг замууд байгаа учраас Монгол Улс байнгын оролдлого явуулж байх ёстой. Бид оффшор бүсэд бүртгэлтэй компаниудын мэдээллийг авч чаддаггүй юм гэхэд Хятадын авлига авсан албан тушаалтнуудыг Монголд мөнгөө нуулгахгүй байх сонирхол БНХАУ-ын Засгийн газарт байгаа. Олон улсын харилцаанд бид адилхан л субъект. Монголоос гарсан мөнгийг Хятадад угаалгахгүй байх сонирхол бидэнд байна. Ийм сонирхол манайхны олноор зорчдог бусад улсад ч байгаа. Харилцан ашигтай байдлаар нэгэндээ туслах гэрээг байгуулж чадна гэдэг бол цэвэр дипломат харилцаа, дипломат уран чадвар ын асуудал. Дээрээс нь олон улсын эрх зүйн асуудал. Манайд үүнийг хийгээд явах чадвартай сайн хуульчид байгаа ч ашиглахгүй байна. -2002 оны Эрүүгийн хуулийг 2015 онд өөрчилсөн. Шинэ Эрүүгийн хуулийг 2016 оны есдүгээр сарын 1-нээс мөрдөх ёстой байтал дахиад хойшлуулчихлаа. Одоо өргөн барихдаа 40 хувьд нь засвар хийнэ гэж байна. Та хууль боловсруулах ажлын хэсэгт байсны хувьд юу хэлэх вэ?
-Харьцангуй энэ салбарт дуу хоолойгоо хүргэж байсан дэд сайд байна. Хийх ёстой ажлаа хийгээд л явж байх шиг байна. 2015 онд баталсан шинэ Эрүүгийн хуулийг өөрчлөх ёстой юм бол өөрчилнө л биз. Харин 2017 оны долдугаар сарын 1-нээс хойшлуулалгүй мөрдөөсэй гэж хүсч байгаа. Яагаад гэвэл шинэ Эрүүгийн хууль бол манай эрүүгийн тогтолцооны маш том шинэтгэл . Манай залуучууд мөнгө хөөж гадагшаа дайжиж байна гэхээсээ илүүтэй Монголын хуулийн шударга бус байдал, хоцрогдсон эрүүгийн эрх зүйн системээс маш их дайждаг. Хөрөнгө оруулалт зугтаад байгаагийн шалтгаан бас энэ. Гаднын хөрөнгө оруулалагчийг оруулж ирээд, яаж хөрөнгийг нь дарамталж авах вэ гэдэг болсон шүү дээ. Нэг бол төр, засаг нь шийдвэрээ буцаагаад дээрэмдчихнэ. Эсвэл хамтран бизнес эрхлэгч нь шүүх цагдаагаар айлгаж байгаад хөрөнгийг нь булаагаад авчихна. Ингээд байхад бид эдийн засгийн хөгжлийн тухай яриад яах билээ. Эрх зүйн тогтолцоогоо шударга, сайн системчилж чадаагүй улсын эдийн засаг хөгжихгүй. Хэдхэн гэр бүл баяжиж, нийт ард түмэнд юу ч оногдохгүй. Жигдхэн хөрөнгөжсөн иргэдтэй улсад хууль дүрэм маш сайн хэрэгжсэн байдаг. Тийм учраас маш олон эрдэмтний урд хугацааны хөдөлмөрийн үр дүнд бүтсэн Эрүүгийн хуулийг хугацаа алдалгүй хэрэгжүүлэх чухал. -Шинээр өргөн барьсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг УИХ батлах нь бараг тодорхой болж байна уу даа?
-Хоёр хуулийг харьцуулаад харж л байна. Ерөнхийдөө нэр дэвшигчид тавигдах шаардлагыг айхтар өөрчлөөгүй юм шиг боловч анхаарвал зохих хэд хэдэн зүйл байна аа. Хуулийг хэлэлцэх үеэр хоёулаа эргээд тусгайлан энэ сэдвээр ярилцая. Болж байна уу.
-Тэгвэл “өөр юм” асууя. УИХ-ын гишүүн С.Жавхлан нам байгуулбал, УИХ-д суудалгүй намд элсвэл тэр нам нь парламентад суудалтай нам болох уу?
-Улс төрийн намын тухай хуульд “УИХ-д суудалтай нам” гэж юу хэлэхийг заагаагүй. Үндсэн хууль дээр бас байхгүй. Тэгсэн мөртлөө Улсын дээд шүүхийн 2006 оны 48 дугаар тогтоолоор УИХ-д суудалтай нам гэж юуг хэлэхийг тайлбарласан. Сонгогч нэр дэвшигчийг дугуйлах үед нэр дэвшигчийн нэрнийх нь урд ямар нэгэн намын нэр байсан байх шаардлагатай болсон. Намын гишүүн УИХ-д сонгогдвол нам нь УИХ-д суудалтай байна. Улсын дээд шүүхийн энэ тайлбарыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл дээр оруулаад иржээ. УИХ-д суудал бүхий нам гэж “тухайн нам, эвслээс нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүн бүхий нам, эвслийг” гэж хуульчилж байна. Дээд шүүхийн тогтоол бол хуулийг өргөтгөж тайлбарласан байна . УИХ-д суудал бүхий намыг хууль тогтоогчид тодорхойлж хуульчлаагүй байхад Дээд шүүх хуулиас давсан тайлбар хийжээ. Энэ дээр маргаан үүсдэг хуулийг л барих ёстой. -Хуулийг тайлбарлах эрх Дээд шүүхэд бол байгаа.
-Хуулийг тайлбарлах л эрхтэй. Гэтэл өргөтгөж тайлбарласан байна. Хуулийг нарийн тодорхойлъё гэвэл хуульд л зааж өгөх хэрэгтэй. Одоогийн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл шиг. Гэтэл Дээд шүүх Н.Энхбаяр гуайг Ерөнхийлөгч байхад хамтарсан Засгийн газрын үед зориуд ингэж зааж өгчээ. Дээд шүүхийн гишүүдэд хууль тогтоох биш хууль тайлбарлах л эрх өгсөн. Гэтэл тайлбарлахдаа хууль тогтоох байгууллагын эрх мэдлийг эдэлчихсэн тайлбар харагддаг. Хууль батлагдаад явбал С.Жавхлан гишүүн нам байгуулбал нам нь парламентад суудалтай болохгүй юм байна. Өөр намд элсээд оруулж ирье гэвэл бас болохгүй байна. Хууль батлагдаагүй байхад Ерөнхийлөгчийн сонгууль явахад хүрвэл би Дээд шүүхийн тогтоол хууль зөрчсөн байна гэж заргалдана. С.Жавхлан нам байгуулж, намаасаа хэн нэгнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй гэж хэлнэ. Харин хууль батлагдчихвал хуулиа л дагана.
-Дан хуулийн юм асуучихлаа. Улс төрийн болон Хөдөлмөрийн үндэсний намын асуудлыг бас дараа ярилцлахаар үлдээв. Монголын Хуульчдын холбооны “Фемида-2016” арга хэмжээн дээр таныг про-боно хуульчаар шалгаруулсан.Танд болон хамт олонд нь баяр хүргэе. Ямар шалгууртай шагнал байв?
-Нийтэд тустай ажил хийсэн гэдэг утгаар шагналаа л даа. Өнгөрсөн есдүгээр сард Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо буюу Дарь-Эхийн гэр хороолол дунд “Иргэний хамгаалалт” хууль зүйн туслалцаа үзүүлэх төвийг байгуулсан . Энэ төв маань иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлдэг. Шаардлагатай бол өмгөөллийн үйлчилгээ үзүүлнэ. Хүмүүс яагаад гэр хороолол дунд төвөө нээсэн юм гэж асуудаг юм. Хотын төвөөр, эсвэл гүүр даваад амьдардаг хүмүүс хуульч хөлслөөд авах хэмжээний бололцоотой байна. Яг гэр хороолол дунд өөрсдийнхөө эрхийг зөрчигдсөнийг мэдэхгүй, мэдсэн ч яаж эрхээ хамгаалахаа ойлгохгүй хүмүүс байна. Энэ хүмүүстээ тусалъя гэж төв нээсэн. 2016 оны арванхоёрдугаар сарын 29-ний байдлаар “Иргэний хамгаалалт” төвийнхөн маань эрүү, иргэн, захиргааны чиглэлээр 128 хүнд туслалцаа үзүүлсэн. Нийтэд тустай сайн үйлийг маань дэмжиж Монголын Хуульчдын холбооноос шагнал өгсөнд их баяртай байгаа. Төрийн дээд одон медалиас илүү энэ шагнал их баярлуулж, цаашид юм хийх урам өглөө. -Танай төвийн бусад хуулийн фирмээс ялгагдах онцлог нь юу юм?
-“Би дүүргийн Тамгын газарт өргөдөл бичих гэсэн чинь яаж бичих ээ мэддэггүй. Халамжаас миний нэрийг хасчихсан байна. Групп тогтоолгоно гэж яадаг юм бэ” зэрэг асуудал дээр зөвлөгөө өгдөг газар нэг ч байдаггүй. Ийм учраас амьдралын өдөр тутмын асуудал руу бид чиглэж ажиллаж байгаа. Дээр нь өмгөөллийн үйл ажиллагаа явуулна. Байнгын орон тооны гурван ажилтантай. Бас оюутнууд ирж дадлага хийдэг.
-Төвийнхөө үйл ажиллагааг өргөжүүлэх хүсэл байна уу. Хүнээс үйлчилгээний хөлс авахгүй бол яаж санхүүгээ босгох вэ?
-Өргөжүүлэх хүсэл байлгүй яах вэ. Манайх Дашчойлон хийд шиг дүрэмтэй. “Манай үйлчилгээ танд таалагдсан бол та сэтгэлээрээ хандив өгч болно. Өгөхгүй ч байж болно” гэдэг зарчим. Санхүүгийн асуудал ийм болохоор төвийнхөө салбарыг нэмж чадахгүй байна. Гэхдээ хүмүүс манай үйлчилгээнд сэтгэл ханамжтай байгаагаас гадна үйл ажиллагаа маань хүмүүст хүрч байгаа юм байна. Сая Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар хууль зүйн зөвлөгөө өгөөч гэсэн саналыг манайд тавьсан. Бид хоёр дахь салбараа Монголын Залуучуудын холбооны байрны нэг өрөөнд нээхээр тохижуулаад дуусч байгаа .