Уран бүтээлч болох хүсэлдээ хөтлөгдөн Ай Вэйвэй Парсонсын урлаг, дизайны сургуульд суралцахаар Бээжингээс Нью-Йорк хотод ирсэн ч элсэлтийн шалгалтандаа унажээ. Ингээд амьдрахын тулд яалт ч үгүй мөнгө олох шаардлагатай тул Хятадад байгаа аавынхаа адил жорлон цэвэрлэж, орон сууц нүүлгэж амьжиргаагаа залгуулах болов. Тэрээр Нью-Йоркын Манхэттэн дүүрэг дэх хүн ам сийрэг, жижиг тосгонд умгар өрөө хөлслөн амьдардаг байжээ. Түүний өрөөнд унтах гудаснаас өөр тавилга гэхээр зүйл байсангүй. Гэвч хоосон өрөө, сохор ч зоосгүй энэ амьдрал нь түүнд коммунист Хятадад байхаас ч илүү үнэ цэнэтэй санагдах болжээ.
Энди Уорхолын хөрөгтэй хамт.
1981 онд, 24 настайдаа АНУ-д ирэх хүртлээ Ай Вэйвэй АНУ-ыг “муу муухайгийн эзэнт гүрэн”, Нью-Йорк хотыг “капиталистуудын үүр” хэмээн боддог байв. Хожим Ай Вэйвэй энэ тухай “Нью-Йоркт буусан анхны сэтгэгдлээ санаж байна. Онгоц доошлоход хот тэр чигтээ очир алмаазан аяга шиг гялалзаж байсан. Оройн харанхуйд ч тийм их гэрэл гэгээ байхыг анх удаа харсан минь тэр” гэжээ. Тэрээр их хотод буусныхаа дараа гудамжаар алхахдаа нүүрний булчингаа өвдтөл инээж, амаа хөштөл гайхсан тухайгаа дурсчээ.
Ай Вэйвэй АНУ-д очоод худалдан авсан анхны ном нь “Энди Уорхолын философи” нэртэй зохиогчийнх нь гарын үсэгтэй хуулбар ном байжээ. Энэ нь түүний англи хэл дээр уншсан анхны ном болсон бөгөөд хямд үнээр худалдаж авсан ч маш үнэ цэнэтэй зүйлийг түүнд өгсөн нь уран бүтээлийн үзэл санаа, чиг баримжаа байв.
Ингээд Ай Вэйвэй 1983 оноос эхлэн Энди Уорхол, Марсель Дюшан, Жаспер Жонс нарын уран бүтээлийн чиг, хандлагыг судалж эхэлжээ. Улмаар 1986 онд тэрээр Нью-Йоркийн урлагийн оюутнуудын холбоонд элсч, “Times Square”-т аялагчдын хөргийг зурж мөнгө олдог болсон байна.
Ай Вэйвэй 1981-1993 он хүртэл арав гаруй жил Нью-Йоркт амьдрахдаа Энди Уорхолтой уулзаж чадаагүй юм. Тэд ертөнцийн хоёр хязгаарт ч биш ердөө 6.4 км, булан тойроод л орж болохоор ойр зайд амьдарч байсан хэрнээ хэзээ ч уулзаж байсангүй. Гэвч тэд энэ хугацаанд уран бүтээл, үзэл баримтлалаараа холбогдон танилуудаас ч дотно найзуудын хэмжээнд хүрчээ. Тэд бие биеийнхээ урланг булан тойроод л байгааг мэддэг байсан ч, оюун санаа бүтээлээрээ холбогддог байсан учир санаатайгаар уулзаагүй гэдэг.
Ай Вэйвэй Нью-Йорк хотноо амьдарч байхдаа яруу найрагч Аллен Гинзбергтэй дотно танилцаж, нөхөрлөсөн байна. Гинзберг бол Энди Уорхол, Марсель Дюшан нарын хүрээлэлд багтдаг поп-арт урлагийн томоохон төлөөлөл байв. Аллен Гинзберг, Энди Уорхол, Марсель Дюшан нар яруу найргийн уншлага хийж, байнга уулзалддаг байсан бөгөөд тэд Хятадын талаар тун их сонирхдог байжээ. Гинзберг нэгэн өдөр Хятад руу аялахдаа Ай Вэйвэйн аавтай уулзаж, нэг шүлэгтээ аавынх нь тухай дурдсанаар тэд найзууд болжээ. Ингээд Гинзберг өөрийн хүрээлэл дэх найзууддаа Ай Вэйвэйг танилцуулснаар Бээжингээс ирсэн уран бүтээлч поп-арт урлагийн томоохон төлөөллүүдийн хүрээлэлд багтах болсон байна.
Хар бор ажил хийж, гудамжинд хүмүүсийн хөргийг зурж олсон мөнгөөрөө Ай Вэйвэй камер худалдан авч, өөртөө нээсэн шинэ ертөнц бүрээ алгасалгүй гэрэл зурагт буулгах болжээ. Тэрээр Жан-Мишель Баскат болон Кейт Харинг нарын адил АНУ-д цагаачилсан алдарт уран бүтээлч болох шинэ мөрөөдөлтэй болов. Үүний хажуугаар Ай Вэйвэй казиногийн “blackjack"-ын мэргэжлийн тоглогчболсон гэдэг.
1993 онд Ай Вэйвэйн аавынх нь бие муудсанаар Хятад руу буцах болов. Нью-Йоркт байх хугацаандаа тэрээр Гинзбергийн тусламжтай Уорхол тэргүүтэй сод авьяастнуудтай танилцан, тэдний хүрээлэлд багтах болсон нь томоохон аз завшаан байв.
Хятад руу буцахдаа Ай Вэйвэй Энди Уорхолын зурсан үнээний зургийг авч явжээ. Эх орондоо очсон хойноо үнээний зургийг ханандаа өлгөснөөр хүчнийхэнтэй хийх “дайн” нь эхэлсэн гэдэг. Учир нь, тухайн үед Хятадад амьтан байтугай Мао Зедунь, Зянь Земинээс өөр хүний зургийг ханандаа өлгөх хориотой, тун бүдүүлэгт тооцогддог байв.
Эх орондоо буцаж очсоныхоо дараагийн жил Ай Вэйвэй “Хар хавтастай ном”, 1995 онд “Цагаан хавтаст ном”, 1997 онд “Хар саарал хавтаст ном”-уудаа гаргасан байдаг. Энэ нь түүний “тэрслүү” үзлийн эхлэл болсон байдаг. Үүний дараа тэрээр үг хэлж, гудамжинд ганцаараа жагсч, эсэргүүцлээ илэрхийлж “Тэрслүү Ай Вэйвэй” нэрийг зүүсэн юм.
Гэхдээ түүний тэрслүү үзэл АНУ-д амьдарсан цагаас л эхэлсэн юм биш. Хятадын коммунистуудаас шийтгэл хүлээсэн алдарт яруу найрагч Ай Цины хүү бол Ай Вэйвэй. Түүний аав 1928 онд Хятадад урлагийн сургуульд элссэн бөгөөд багшийнхаа буянаар 1929-1932 онд Парист суралцаж, Ренуар, Ван Гог, Оросын Маяковский тэргүүтэй уран бүтээлчдийн бүтээлтэй танилцсан нь үзэл бодол, арга барил нь төлөвшихөд чухал нөлөө үзүүлжээ. Түүний чөлөөт арга барил, дэвшилтэт үзэл бодол нь Ай Вэйвэйд ч нөлөөлсөн нь илэрхий. 1958 онд Засгийн газар Ай Цинийг гэр бүлийнх нь хамт бөглүү тосгонд цөлсөн нь тэдний гэр бүлийнхнийг улам хүчирхэг болгохын зэрэгцээ үзэл бодлыг нь хурцатгасан аж.
Зураач, дизайнер, кино найруулагч ,продюсер, зохиолч бөгөөд поп уран бүтээлч Энди Уорхол 1970 оноос эхлэн Мао Зедуний соёлын хувьсгал, суртал ухуулгын талаар хэлсэн үгнээс эш татан удирдагчийн хэдэн зуун хөргийг зурах болсон байна. Үүгээрээ “Жижиг улаан ном” номоо гаргасан байдаг. Уорхол Хятадын айл бүрийн хананд өлгөөтэй байдаг Мао Зедуний нэгэн хэвийн хөргийг өнгө будгийн өөр өөр зохицол, найруулгаар зурсан байдаг. Тухайлбал, 1980-аад оны үед Францын гоо бүсгүйн илэрхийлэл болж байсан эрүү хавьцаах мэнгэ Мао Зедуньд байсныг олж харан Хятадын удирдагчийн нүүрийг нь цэнхрээр, уруулыг улаанаар зурж, мэнгийг нь тодруулсан байдаг.
1982 онд Бээжинд очсоныхоо дараа Энди Уорхол уран бүтээлийн цуглуулгаа нэмсэн байдаг аж. Ерөнхийдөө Уорхол Маог социалист реализмын шинжтэй уран бүтээлийн өгөгдөхүүн болгон хувиргасан юм. 1960, 70-аад оны үед хятадууд Коммунист удирдагчаа тахин шүтэх үзлийг бий болгосон байдаг билээ. Улаан лоолийн “Кэмббел” соус болон Кока Кола ундаа зэрэг олон бүтээгдэхүүнүүдийн шошго, түүнчлэн Мэрлин Монро, Элизабет Тейлор, Элвис Пресли нараас авахуулаад урлаг соёлын алдартнуудын хөрөг зургийг зурсан байдаг. Ай Вэйвэй "Энди Уорхолын зурсан Маогийн хөрөг миний багадаа хардаг байсан нөгөө нэг л хөрөг ч түүний цаана элэглэл, уур уцаар гээд олон зүйл нуугдаж байдаг" гэжээ.
Ай Вэйвэй, Энди Уорхол нар нэг ч удаа уулзаж байгаагүй ч бие биеийнхээ бүтээлийг үнэлдэг, зарим талаар тун адил хүмүүс байжээ. Тэдний аль аль нь чимх шог, бяцхан элэглэл, наргианд дуртай үүнийгээ ч уран бүтээлдээ шигтгэдэг. Мөн уран бүтээлүүд нь нийт олонхид зориулаагүй ч маш өндөр үнэд хүрдэг байсан юм. Тэднийг нэгтгэдэг нэгэн зүйл нь муур байв. Ай Вэйвэйд одоо 40 муур байдаг. Үүнийг Ай Вэйвэйн инстаграмыг дагагчид сайн мэдэх биз ээ. Харин Уорхолын хувьд 20 мууртай байсан бөгөөд бүгд Сэм гэдэг нэртэй байсан юм. Энди Уорхолыг нас барсны дараа нэг муураа Ай Вэйвэй Сэм хэмээн нэрлэсэн байдаг.
Түүнчлэн тэдний аль аль нь олон нийтийн харилцаа холбооны хүчийг эрхэмлэдэг. Ай Вэйвэй 2005 онд Хятадын твиттер гэдэг “Сина Вэйбо” вэбсайт нээгдэхэд анх блог хөтөлж эхэлсэн байдаг. Ингээд дөрвөн жилийн хугацаанд тэрээр өөрийн дэмжигчдийг нэгтгэж, үзэл бодлоо илэрхийлж Засгийн газрын хараанд өртсөн юм. 2013 оноос Засгийн газар нь түүний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хаав. Хэдий Энди Уорхол нас барсан ч Ай Вэйвэйд уран бүтээлээрээ нөлөөлсөн хэвээр л байв.
2015 он арванхоёрдугаар сарын 9.
Контемпорари бүтээл, инстоляциуд нь барууны орнуудад өндрөөр үнэлэгддэг Ай Вэй Вэй 2008 оны Бээжингийн олимпийн “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнг барихад дизайны зөвлөхөөр ажиллаж байжээ. Гэхдээ тэрээр уг хүрээлэнгийн нээлтэд ч ирсэнгүй. Бас л даажигнаад өнгөрөв. Гэхдээ энэ нь олон улсын анхаарлын ихэд татаж, Ай Вэйвэй Хятадаас илүүтэй баруунд томоохон брэнд болсон юм.
Тухайн онд Сычуанд газар хөдөлж олон мянган хүн амь үрэгдсэн юм. Түүний дотор хүүхдүүд байсан нь Ай Вэйвэйн тэрслүү занг хөндөв. Ингээд тэрээр амь үрэгдсэн сурагчдын дурсгалд зориулсан мянган үүргэвч бүхий зохиомжилсон бүтээлээ Мюньхэнд гаргасан юм. Сургуулийг чанаргүй материалаар барьсан нь энэ олон хүний үхлийн шалтгаан болсон хэмээн тэрээр үзэж, энэ талаар баримт цуглуулан нийтлэл хүртэл бичжээ. Үүний дараахан түүнийг цагдаа нар зодож, гэмтээсэн нь Ай Вэйвэйг улам бүр олны хараанд өртүүлэв. Эмнэлгийн орон дээр хэвтэж байхдаа Ай Вэйвэй Германд гарч буй үзэсгэлэнгийнхээ талаар утсаар заавар зөвлөгөө өгч байсан гэдэг.
Хятадад “тэрс үзэлтэн” гэгдсэн 20 гаруй хүнийг сүүлийн хоёр жил баривчилж, эсвэл гэрийн хорионд оруулсан байдаг. Үүний нэгэн адил Ай Вэйвэйг 2011 онд татвар төлөхөөс зайлсхийсэн хэмээн баривчилсан байдаг.
Берлиний Урлагийн их сургуулийн зүгээс Ай Вэйвэйд профессороор ажиллах саналыг 2011 онд тавьж байжээ. Тэрээр Берлинийг зорихын даваан дээр 2011 онд Бээжингийн нисэх онгоцны буудалд дээрээс баривчлагдан саатуулагдаж, 81 хоног шоронд хоригдсон байдаг. Шоронгоос гарсныхаа дараа гэрийн хорионд байж, улмаар Засгийн газар нь түүний гадаад паспортыг нь хураан авсан юм. Харин гурван сарын өмнө түүний пасспортыг буцаан олгосны дараа тэрээр Их Британий нийслэл Лондон хотноо өөрийн үзэсгэлэнгээ гаргасан билээ. Гадаад паспортоо эргүүлэн авсныхаа дараахь хоёрдахь үзэсгэлэнгээ тэрээр хамтарсан буюу “Уорхол, Ай Вэйвэй” хэмээн нэрийдэж энэ сарын 9-нд Австралид нээсэн юм.
Үзэсгэлэнгийн "Letgo" танхимд
Тэрээр энэхүү үзэсгэлэндээ 20 хүний эрхийн төлөө тэмцэгчийг Энди Уорхолын хөргийг нь зурснаар, эвлүүлдэг тоглоомоор эвлүүлэн үзэсгэлэндээ байрлуулсан юм. Үзэсгэлэнгийн “Letgo танхим” буюу Энди Уорхолын зурсан хөргүүдийг эвлүүлдэг тоглоомоор эвлүүлэн, хүний эрхийн төлөө тэмцэгч алдартнуудын эшлэлийг бичсэн энэхүү танхим нь Уорхолын дурсгалд зориулагдсан аж. Хэдий Энди Уорхол нас барсан ч яагаад энэхүү үзэсгэлэнгээ хамтарсан хэмээн нэрийдэх болсон нь үүнээс ойлгомжтой.
"Унадаг дугуй миний хүүхэд насандаа мэддэг байсан хамгийн том тээврийн хэрэгсэл байсан. Одоо болтол хятадууд дугуйгаа унасаар байгаа нь юу ч өөрчлөгдөөгүйг харуулах шиг. Тиймээс ч би 1500 унадаг дугуйг нийлүүлэн зохиомжилсон бүтээлээ “Үүрд” хэмээн нэрлэсэн"
Дэлхийд алдартай "Лего" тоглоомын хэсгүүдээр хүний эрхийн төлөө тэмцэгчдийн хөргийг бүтээх санаагаа тоглоомыг үйлдвэрлэгчдэд хэлж, тусгай захиалга өгсөн ч "Лего" компани түүний хүсэлтийг хүлээн аваагүйн дээр харин ч буруутгасан юм. Тус компанийн мэдэгдсэнээр хүүхдийн тоглоомыг улс төрийн болоод элдэв гаж зорилгоор ашиглах нь зохимжгүй, "Лего"-гийн бүтээлүүд багачуудын оюун сэтгэхүйг хөгжүүлэхэд л ашиглагдах ёстой гэжээ. "Лего" компани Хятадын уран бүтээлчийн хүсэлтийг хүлээн аваагүй ч Ай Вэйвэй хангалттай олон "Лего" тоглоомтой болж чадсан байна. Түүнийг дэмжигчид өөрсдөдөө байсан тоглоомын хэсгүүдийг хандивлаж, хангалттай хэмжээний хуримтлал үүсгэсэн байна.
"Эхэндээ би улс төрийн байдлаас хол байхыг хичээж, өөрийн улс төрийн талаархи үзэл баримтлалыг уран бүтээлдээ нуухыг хичээдэг байсан. Гэсэн ч би улстөрийн уран бүтээлч болсон. Миний бүтээлүүд улс төрийн утга агуулгатай байдаг. Бага ярьж, ихийг харуулах нь зүйтэй гэдгийг АНУ-д байхдаа ойлгосон"
"Би зовж байгаатай адил олон хүн зовсоор л байна. Миний өмгөөлөгч одоог болтол шоронд байна. Нэг жил хагасын хугацаа өнгөрчихөөд байхад ямар ч ял оноохгүй хэрнээ хорьсоор л байна. Маш олон, бүр дэндүү олон хүн шоронд байна. Үг хэлэх эрх чөлөө ч юмуу хүний эрх, өөр ямар нэгэн зүйл үүнд хэзээ ч чөлөөлж чадахгүй. Тиймээс энэ бүхний төлөө хэн нэгэн нь өөрийгөө золиослох хэрэгтэй болно. Миний юу олж авахыг хүсч байгаатай харьцуулахад энэ зовлон хажууд нь үнэхээр бага"