Open iToim app
Анализ | 7 мин уншина

Аж богдын нутгаар

Аж богдын нутгаар
Нийтэлсэн 2016 оны 1 сарын 26

Алдарт Алтайн цаадах говьд очиж үзэх хүслэн төрчихөөд, намрын сэнгэнэсэн айраг ууж байгаад ирсэн хүн айргаа санаад шүлсээ үе үе гүдхийн залгидагтай адил байв.
Монгол орны гучин гурван уудам минь
Монгол нутгийн гучин гурван говь минь гэж Тангадын Галсан гуайн шүлэглэсэнчлэн энэ алдартай говиудаар туулж үзэхсэн гэхдээ <<тахь хулан ээлжлэн унаж>> сэтгэл санаагаараа ес тойрчихоод байсан цаг.
Өглөөгүүр Г.Зуунай (Улсын бага хурлын гишүүн) утас цохиж “Амралтын өдөр оруулаад гурваас дөрөв хоногийн зав гарга. Чиний үзэхийг хүсээд байгаа Аж богдыг бид нар давах гээд байна. Нисдэг тэргээр явна. Телевизийн оператор, гэрэл зурагчид явна. Тав хоногийн өмнө хэллээ шүү” гэв .
Дүн өвөл болж байдаг, говьд очих гэж байдаг, өвгөн минь ямар хувцастай явмаар юм бэ дээ гэж эхнэр маань ярьж байсан юм.
Энэ бол наддаа л холын аялал юм. Манай гэрийн ханан дахь газрын зураг дээр Алтайн цаадахь говь цэлийн харагдаж, Аж богдыг хэзээ нэгэн цагт давна даа гэж хэлдэг байсан маань биелэхэд цөөхөн мөч үлджээ.
Нисдэг тэрэгний нэгэн жигд тод дуунд дорхноо дасч, цонхоор эргэн тойрноо харж явлаа.
Нисдэг тэрэг ёнгиноод хоёр чих шуугиад явчив. Арга ч үгүй юм. Аж богдыг давж яваа юм байна. Бид явсаар Алтай сумын төвд байрлах хилийн отряд дээр цайлаад цаашаа Наран сэвстэйгээс эхлэн хилийн заставуудаар бууж, суун нислээ.
Дор үелзэн үелзэн өнгөрөх элсэн манхан, өвс ургамал юу ч алга. Ямар очиж үзсэн биш гэхдээ Сарны хөрсөн дээр яваа юм шиг л санагдана. Хааяа нэг хавтгайн сүрэг тэшин өнгөрөхийг зурагчингууд дээрээс нь харан зургийг ч харин нэг авах шиг болов. Алдарт гэрэл зурагчин Ц.Нина гуай, оператор Умбаням нар нисдэг тэрэгний хаалга онгойлгуулж олс бүсээр хүлүүлэн тонгойж, ил задгай зураг авч яваа нь гадаадын кинон дээр гарч байгаатай л адил байлаа.
Мантуу үүрсэн харийн хүн
Манхны нь давж чадаагүй говиор . . . явсаар л. Тэмээ, мориор туулахын арга алга. Учир нь ус байхгүй. Хэдэн зуун км үргэлжилсэн уудам нутаг байна. Яах аргагүй, манай Галсан абугайн говь нь эх орноо хамгаалж ирсэн тэр нутаг энэ байна. Манай баатарлаг хилчид байгаль цаг уурын энэ өвөрмөц нөхцөлд хичнээн он жил үе зуунаар эх орноо нэр төртэй хамгаалж байхыг харлаа. Хилийн баганан дээр цагаан нэхий дээлтэй нохойгоо хөтөлсөн хилчин дайчидтай зургаа татуулав.
Шөнө орой болоход отрядын төвд ирчихсэн хилчин дайчидтай уулзалт хийж тэдний хүүхэд багачуудтайгаа хамтран бэлтгэсэн концертыг үзэж шөнө дунд өнгөрөв. Бөртийх ч үүлгүй говийн тэнгэрт түг түмэн одод гялалзахыг харан хорвоод хоёр нарны хооронд их зүйл үзэх юм даа, их говьд зоригтон хүмүүс л амьдардаг энэ нутагт, эх орныхоо дархан хилийг манаж яваа дайчид хийморьтой сайхан хүмүүс юмаа гэж бодогдоно. Энд зун мал байж чаддаггүй газар хүн тэсээд, дасаад л ажиллаж амьдарцгааж байна. Ингээд бодохоор зориг золбоот хилчид маань мөн ч их гавъяатай яа гэж дахин дахин бодогдож байв.
Аж богд тэр харагдаж байна. Тахийн шар нуруу гараад ирлээ. Энэ ингэн усны говь гэх зэргээр отрядын дарга гялалзсан цагаан залуу онгоцны дугуй цонхоор харан зааж явна.
Алсад хөхрөөд байгаа чинь Байтаг богд шүү дээ гээд тэр санаа алдав. Энэ хооронд бас ажил төрлөө танилцуулж, зовлон жаргалаа яриад авалгүй яахав. Дөнгөж сая батлагдсан Үндсэн хуулийн дагуу хилийн хуулийг хэрхэн гаргахыг ч, хилийн зурвас, бүс, хилчдийн амьдралыг ч нүдээр харж яваагийн хувьд толгойдоо төсөөлж л явлаа.
Маргааш өглөө нь хилийн отрядын зочид буудлын өрөөнд орноосоо өндийн, тэмдэглэлийнхээ дэвтрийг сөхөж, хэрвээ би их говийг явганаар туулсан бол гэсэн санаархуу юм тавьж байтал хүүхдүүдийн шулганалдах шуугих чимээ нэмэгдээд явчив. Гадуур хүрмээ өмсөн буудлаас гарч харвал хүүхдүүд хичээлдээ явцгааж байна. Илжиг унаад жижигхэн саваа мод барьчихсан багачууд сургуулийнхаа гадаа очоод цүнхээ үүрэн хичээлдээ орж, илжигнүүд нь даргаа хүргэж өгөөд эргэж байгаа машин шиг зогсох нь зогсож, энэ тэрүүгээр элс үнэрлэн тонгойн явах нь явж байв. Уях, цагдах юм ч алга.
Ганц энэ ч биш говийн алслагдсан суурингийн өглөөний ерөнхий зураг надад содон харагдана.
Буудалд үйлчилж байсан цэрэг ирж, өглөөний цай уухыг мэдэгдэхэд нөгөө цэргээс “Хүүхдүүд илжигээ яагаад уяхгүй дур дураар нь орхичихов? гэхэд Илжиг их ухаантай амьтан. Сумын төвөөр хэсч жаал явж байгаад хичээл тарах дөхөхөөр өөрсдөө очоод сургуулийн гадаа зогсчихдог юм” гэв.
Хотын зах замбараагүй бужигнаан шуугианаас дөнгөж өчигдөрхөн гарсан надад энэ хүртэл сонин.
Төдөлгүй Аж богдын өврөөр өвөлжиж буй Алтай сумын малчин айлуудаар орцгоохоор гарлаа. Сумын төвөөсөө хойш 40 гаруй км ээс айлууд нь эхлэх юм. Өвс ногоо Аж богдынхоо ам усаар л байдаг учраас тэр.
Анхны буусан айл маань Банзрагчийнх гэдэг хоньчин айл байна. Гэрийн эзэн хонио хариулж яваа гэнэ. Гэр нь тохь тухтай өнгөлөг. Гэрийн эзэгтэй ингэний сүүгээр сүлсэн сайхан цай чанаж ажын бор ааруул, цагаан тостой таваглан, хажууд нь бас арвайн гурил шар тостой тавьж дайлав.
Улс орон даяар картын системд байгаа, гурил ховордсон энэ үед талх, боорцогны оронд арвайн гурил зуурч идэх хэн бүхэнд сайхан байв.
Арвайн гурилын нөөц хэр байна гэж албархуу маягийн асуулт тавиад тэрнээсээ санаа зовов. “Манай Алтайчууд хэзээнээсээ халтар арвай тариалж ирсэн. Айл болгон жижиг чулуун тээрэмтэй, түүгээрээ дор хаяхад дөрөв, таван шуудай арвай хураадаг. Бараан дээрээсээ арвайгаа оруулж ирээд тээрэмдээд идээд байдаг” гэж яриад хоёр дугуй чулуу эрэгнэгээсээ гаргаж, арвай тээрэмдэн, миний аяганд хийж өглөө. Гэрийн ажилсаг эзэгтэйн сэтгэл шингэсэн арвайн гурил онцгой сайхан амттай.

Тэгтэл надад бас л нэг сонин гэхээр зүйл харагдсан нь үүдэнд хөлийн чимээ гарч хаалгыг угзачсан нь тохоштой илжиг эзэндээ ирсэнээ мэдэгдэж байгаа хэрэг аж. Гэрт бүр ороод ирэв. Түүнд тохсон уутнаас бэлчээр дээр эрт гарсан хоёр хурга, жижиг халуун сав зэргийг гаргав.
Хонин дээр яваа нөхөртөө гэрийн эзэгтэй цагаан тос, халуун савтай цай тэргүүтнийг илжгэндээ тохоод явуулдаг, эзэн нь цайгаа уугаад бэлчээрт гарсан хургаа уутанд нь хийгээд хариуд нь явуулдаг юм байна. Илжиг ингээд л алба залгуулаад байдаг аж.
Эзэгтэй илжигээ мөн ч ухаантай амьтан шүү гэж магтаж байна. Эдний илжиг хоёр жилийн өмнө унагалж дудран гаргажээ. Илжигний дудран их хөөрхөн байсан юмсанж. Эрхлүүлэх гэхээр эх нь харамлаад энэ номхон илжиг төрөл арилжсан юм шиг авир гаргаж байсан гэнэ.
Дудрангаа хээр аваачиж хайрч хазах хатуу хөрстэй газар байнга зогсоож явуулах юм гэнэ. Тэр нь туурайгий нь хатууруулж ямар ч хад чулуутай, элстэй, намаг шалбаагтай газар алзахгүй явдаг болгох гэж үрдээ хат суулгаж буй хэрэг юм байна л даа. Илжиг чинь урт насалдаг, юухан хээхнээр хооллодог амьтан гэж бидэнд ярив. Эдний сум 300 гаруй илжигтэй юм байна. Би л хувьдаа илжиг шиг зөрүүд, муухай дуутай, арга ядсан айлын адуу юм байхдаа гэж бодож явсан минь бас л нэг эндүүрэл байсныг мэдэж авлаа. Юмыг гадна талаас нь өнгөц дүгнэж болохгүй л юм байна.
Дараагийн айлд очиход говийн сүрлэг амьтантай таарав. Тэр бол орсон буурнууд. Ганц буур биш гурав дөрвөн буур нэг дор цагаан хөөс цахруулан гулгаж тэших, хүрхрэн явахтай таараад машинтай минь арай бөмбөрүүлчихгүй байгаадаа гэж бодогдохоор сүрдэм юм.
Орсон буур гэдэг ч сайхан сүрлэг амьтад юм даа, бас л нэг байгалиас заяасан сүр хүчин гэдэг энэ байх. Тэмээчин Гомбодорж хоёр зуу гаруй тэмээ маллаж бйна.
Олон ч ингэ ботголож, ширээн дээр нь ингэний айраг, аарц, цавцайн байна. Энэ сайхан тэмээдээ айл айлаар тараах л байх даа хэмээн санаа алдаж сууна. Учир нь нэгдлээ тараах хурал хийсэн, олигтой шийдэлд хүрээгүй дахин хуралдах юм гэнэлээ гэж сонин дуулгав.
Ухаантайхан шиг тараахгүй бол зарим газар нэгдлийнхээ ганц нэг хонгилын хивсийг хүртэл метр, метрээр нь огтолж байна гэнэлээ шүү, тасрахгүй зарга заальхайтай хоцрох вий ултай л шийдээрэй гэж хамт явсан сумын даргад хэрэндээ зөвлөгөө өгч явлаа.
Ажын ямаа, тэмээний ааруул, архи алдартай юмсанж. Бидэнд аль нь болохыг мэдэхгүй мөнгөн аяганд бүлээсгэсэн шимийн архи хийн барив. Өвлийн хүйтэнд бүхэл махны дараа нэг явуулчих гэж сумын дарга нь шахна. Ямар ч байсан нэг балгаж үзэхэд ердийн монгол архинаас арай сулавтар арай чихэрлэг ч юм шиг санагдав. Энэ айлд тухалж суухад эндхийн нэгэн онигоог сонсов. Тэр жил энд судалгаагаар явсан хоёр орос мэргэжилтэн төөрөөд арай л хатаж үхэхийн даваан дээр айлын бараа харжээ. Айлд ороод л эзэгтэйгээс ус өгөөч гэж гуйвал хүн өдрийн од шиг орж ирдэг тул зочиндоо хар ус өгөх муу ёр, цай чанахын хооронд харин монгол архи өгье байз гэж бодон нэг нэг шанага хүйтэн монгол архи өгтөл нөгөө хоёр нь нэг амьсгаагаар уучихаад баярлалаа гээд давхиад явчихжээ. Харин тун удсангүй буцаад ирэх юм гэнэ. Юм хумаа мартсан юм болов уу дахиж замаа алдаж төөрчихсөн юм болов уу гэж бодтол эзэгтэй та саяын бидний уудаг ус байдаг худгийг зааж өгнө үү гэсэн гэдэг онигоо юм.
Түүнтэй адилхан Гомбодоржийн тэмээний архи толгой дүүрүүлж хэл тультрааж мэдэхээр эд ч билүү, эртхэн явж хэд гурван хотоор бууя хэмээн хөгжилдөн гарлаа.
Алтайн цаадах говьд хоёр хоног яваад нэг л зүйлийг хамгийн их ойлголоо. Энэ бол ус чандмань эрдэнэ гэдгийг. Наран сэвстэйн харуул дээр очиход хилийн баганы дөнгөж цаана нь хэдэн зуухан метрт ямар ч цагт дундардаггүй их устай худаг байх юм.
Гэтэл хилээс цааш 100 гаруй километрт огт ус алга. Хэдэн мазаалай маань яаж болдгийг бүү мэд. Ингээд бодохоор ус гэдэг юутай чухал болохыг Монголынхоо Алтайн цаадах говьд мэдэрлээ.
1992.01.25
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн