“Автобус I”, “Автобус 3”, “Цахилгаан тээвэр” компанийг нэгтгэн “Зорчигч тээврийн нэгтгэл” хэмээх нийслэлийн өмчит компанийг байгуулсан. Тус компанийн ажилтнууд цалингаа нэмүүлэхийг шаардаж энэ сарын 25-наас ажил хаялт зарласан. Үүний нийслэлд автобус үйлчилгээний хүртээмжтэй байдал алдагдаад байна. Бид энэ талаар нийслэлийн Тээврийн газрын мэргэжилтэн Д.Болдоос тодрууллаа.
-Одоогийн байдлаар хэдэн автобус үйлчилгээнд явж байгаа вэ. Зохицуулалтыг хэрхэн хийж байна?
-Нийслэлийн хэмжээнд 909 автобус үйлчилгээнд гарах ёстой. Өнөөдрийн байдлаар 681 автобус үйлчилгээнд явж байна. Энэ нь “Зорчигч тээврийн нэгтгэл” компанийн ажилтнууд ажил хаясантай холбоотой. Тус нэгтгэл 27 чиглэлд нийтдээ 245 автобустайгаар үйл ажиллагаа явуулдаг. Одоогийн байдлаар 29 техник л үйлчилгээнд явж байна. 13 троллейбус, 16 автобус гэсэн үг л дээ. Ерөнхийдөө “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн үйлчилгээ үзүүлдэг маршрутын хүртээмжийг жигд байлгахын тулд бусад аж ахуйн нэгжийн нөөцөд байгаа тээврийн хэрэгслийг нөхөж явуулж байна. 23 чиглэлд 10 аж ахуйн нэгжийн 47 том оврын автобус “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн үйлчилгээ явуулахгүй байгаа чиглэлд нөхөж явж байгаа.
-Автобус хүрч чадахгүй байгаа чиглэл байна уу?
-Бүгдийг нь нөхөж ажиллуулахаар хичээж байна. Одоогоор манай 15 байцаагч зургаан цэгт зохицуулалт хийн ажиллаж байна. Автобус ирэлгүй удах, эсвэл зорчигчдын ачааллаа дийлэхгүй бол наашаа төвтэйгөө ярьж өөр чиглэлд явж буй автобусыг дуудаж түр хугацаагаар оруулж, ачааллыг багасгах ажлыг газар дээр нь хийж байгаа.
-Зорчигч тээврийн нэгтгэлийнхэн ажил хаяна гэдгээ танайд урьдчилан мэдэгдсэн үү?
-Энэ сарын 6-ны өдөр 11-нд ажил хаяна гэсэн эхний бичгийг ирүүлсэн. Дараа нь хугацаагаа хойшлуулж тавдугаар сарын 8-нд “Бид энэ сарын 13-нд ажил хаяна” гэж мэдэгдсэн. Хамгийн сүүлд 25-нд ажил хаяна гэж энэ сарын 18-нд бичгээр мэдэгдсэн. Монголын Тээвэр холбоо, газрын тосны ажилчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос эдгээр бичгийг ирүүлсэн.
-Төмөр зам, МИАТ-ийнхэн онцгой тээвэр учраас ажил хаяж болдоггүй. Үүн шиг автобус компанийн ажилтнуудад ажил хаях эрх ямар байдлаар зохицуулагдсан байдаг бол?
-Хууль тогтоомжоор зохицуулсан байгаа. Нарийн мэдэхгүй байна.
-Нийслэлийн Тээврийн газраас Зорчигч тээврийн нэгтгэлийн ажил хаялтыг зогсоолгох шийдэл гаргах, цалинг нь нэмүүлэх талаар оролцож болох уу?
-Манайх зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээг тасралтгүй явуулах, шуурхай зохицуулалт хийх, хяналт шалгалт явуулах л эрхтэй. Тэрнээс компанийн цалингийн бодлого, ажилтнуудын нийгмйин хангамжийн асуудалд оролцох эрхгүй.
-Одоо иргэдийн зүгээс ямар гомдол ирж байна?
-Голчлон ажил хаясан нэгтгэлийн ажилтнуудын санал гомдол ирж байна. Автобус удаан хүлээж байна гэсэн гомдлууд бас байгаа.