Хар тамхины хэрэг нэг жилд 1.8 дахин нэмэгдэж, хэрэглэгчдийн 86 хувь нь хүүхэд залуучууд байна
Монгол Улсад хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг жил бүр 20-25 хувиар өсөж байгаа бөгөөд энэ төрлийн хэрэгт холбогдогчдын дийлэнх нь залуучууд байна. Тодруулбал, холбогдогчдын 85 хувь нь 18-35 насныхан байгаа юм. Сүүлийн есөн жилийн хугацаанд улсын хэмжээнд нийт 311,560 гэмт хэрэг бүртгэгдсэний 0.64 хувь буюу 2100 нь хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг байжээ. Эдгээр хэрэгт нийт 2422 хүн холбогдсон байна. Энэ хугацаанд цагдаагийн байгууллага 21 төрлийн мансууруулах бодис хураан авч, 50 тэрбум төгрөгийн хууль бус эргэлтийг таслан зогсоожээ. Холбогдогчдын насны хувьд 18-25 насны 1223, 26-35 насны 868 иргэн байгаа бол боловсролын түвшний хувьд 60.5 хувь нь бүрэн дунд боловсролтой байна.
Манай улсын хар тамхины хэрэглээ гамшгийн хэмжээнд хүрсэн гэдгийг Хууль зүй дотоод хэргийн сайд асан С.Амарсайхан удаа дараа мэдээлж байгаа. Нийлүүлэлт, борлуулалтад хууль хяналтын байгууллагынхан ч холбоотой. Мөрдөс зүүсэн, хуулийн байгууллагаар халхавчилсан бүлэглэлүүд хүүхдүүдийг хар тамхинд оруулж, гэмт хэргийн сүлжээ байгуулсан гэж мэдэгдсэн. Мөн энэ сарын эхээр УИХ-д хар тамхины нөхцөл байдал ямар хэмжээнд хүрсэн талаар хаалттай мэдээлэл өгчээ. Гэсэн хэдий ч парламент болон хууль хүчний байгууллагаас ямар нэгэн арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрээд байна.
Хар тамхитай тэмцэх албаны дарга, цагдаагийн хурандаа Э.Товуудоржийн мэдээлснээр, зөвхөн энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар 455 гэмт хэрэг илрүүлж, 518 хүнийг холбогдуулан шалгажээ. Мөн 134,825 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний мансууруулах бодис хураан авч, 6.6 тэрбум төгрөгийн хар зах зээлийг таслан зогсоосон байна. Энэ үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 1.8 дахин, холбогдогчдын тоо 1.4 дахин, хураан авсан бодисын хэмжээ 1.5 дахин өсжээ. Монгол Улс мансууруулах бодис үйлдвэрлэдэггүй бөгөөд энэ төрлийн бодисуудыг гадаад улсаас оруулж ирдэг. Тэдгээрийн дийлэнх нь Турк улсаас нийлүүлэгдэж байгааг албаныхан мэдээлсэн юм.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
ХАР ТАМХИНД ДОНТСОН ХҮНИЙГ ЗӨВХӨН ГЭМТ ХЭРЭГТЭН БИШ, ХОХИРОГЧ ГЭЖ ХАРАХ ШААРДЛАГАТАЙ
Хар тамхитай холбоотой гэмт хэргийн тоо нэмэгдэж, холбогдогчдын дийлэнх нь залуучууд байгаа нь энэ асуудлыг зөвхөн гэмт хэрэг илрүүлэх, ял шийтгэл оногдуулах замаар шийдвэрлэх боломжгүйг харуулж байна. Сайд Г.Тэмүүлэнгийн үзэж байгаагаар, хар тамхины хэрэгт холбогдсон хүнийг зарим тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн этгээд төдийгүй хохирогч гэж харах шаардлагатай. Учир нь мансууруулах бодист донтсон хүнд сэтгэл зүйн болон эрүүл мэндийн тусламж үзүүлэх, эмчлэх, нийгэмшүүлэх тогтолцоо, түүнийг зохицуулах эрх зүйн орчин Монгол Улсад хангалтгүй байгаа юм.
Хар тамхины тухай хуулийн төслийг суурь өөрчлөлттэйгөөр УИХ-д өргөн барьсан ч зөвхөн хуульд өөрчлөлт оруулах нь хангалтгүй гэж сайд үзэж байна. Харин хар тамхитай тэмцэх бодлого, үйл ажиллагаа, холбогдох байгууллагуудын уялдаа холбоо, эмчилгээ болон нийгэмшүүлэх тогтолцоог бүхэлд нь шинэчлэх шаардлагатайг онцолсон юм.
МАНСУУРУУЛАХ БОДИС ХЭРЭГЛЭСЭН ҮЕДЭЭ БУСДЫН АМЬ НАСАН, ЭРҮҮЛ МЭНДЭД ХАЛДСАН ХЭРЭГ НЭМЭГДСЭЭР БАЙНА
Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ нь зөвхөн тухайн хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй бусдын амь нас, аюулгүй байдалд ч эрсдэл учруулж болзошгүйг харуулсан нэгэн хэрэг энэ оны наймдугаар сард нийслэлийн Баянгол дүүрэгт гарчээ. Тус дүүргийн 33 дугаар хороонд байрлах CU ажилтан ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ үл таних эрэгтэйд хутгалуулж, хүнд гэмтсэн байна. Тухайн этгээд ямар нэгэн шалтгаангүйгээр ажилтанд халдаж, зэвсгийн чанартай зүйлээр цээж болон гуяны хэсэгт нь дөрвөн удаа хутгалжээ.
Мөрдөн шалгах ажиллагаагаар иргэн Б нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ уг хэргийг үйлдсэн болохыг тогтоосон байна. Улмаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ. Уг хэргийн шүүх хуралдааныг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 2026 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн 13:30 цагт товлосон юм.
Үүнээс гадна 2026 оны аравдугаар сарын эхээр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт ажилладаг 24 настай сувилагч эмэгтэй ажлын байран дээрээ өөртөө унтуулгын болон тайвшруулах үйлчилгээтэй эм тарьж, ухаан алдсан хэрэг гарсан. Мөн гурравдугаар сарын 9-нд "Шангри-Ла” худалдааны төвийн камергүй аваарын шатны орчимд 16–17 насны өсвөр насны хүүхдүүд нэгнийгээ хувцсаа тайлахыг шаардан зодож, бичлэг хийж буй дүрс олон нийтийн сүлжээнд цацагдаж олны анхаарлыг татсан. Тэгвэл эдгээр хүүхдүүд ч мансуурлуулах бодис хэрэглэсэн үедээ дээрх хэргийг үйлдсэн гэдгийг албаныхан мэдээлж буй. Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үедээ бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан хэрэг нэмэгдсээр байгаа ч Зөрчлийн хуулиар 100 мянган төгрөгөөр торгуулиад өнгөрсөөр байна.
Дэлхий нийт ч ижил сорилттой нүүр тулж байна
НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх газар зургадугаар сарын 26-нд "Дэлхийн хар тамхины тайлан 2026"-г гаргасан байна. Тайланд дурдсанаар 2024 онд 331 сая орчим хүн мансууруулах бодис хэрэглэсэн нь 15–64 насны хүн амын 6.2 хувь бөгөөд 2014 онд энэ үзүүлэлт 5.2 хувь байжээ. UNODC-ийн танилцуулгад өсвөр насныхны хэрэглээ өндөр хэвээр, зарим тохиолдолд насанд хүрэгчдийнхтэй дүйцэхүйц түвшинд байгааг онцолсон юм. 2024 онд дэлхийн зах зээл дээрх шинэ сэтгэцэд нөлөөт бодисын тоо 755-д хүрч, үүнээс 118 нь анх удаа илэрсэн. Үүний зэрэгцээ амфетамин төрлийн өдөөгч бодисын хураалт 2024 онд 604 тонн болж, түүхэн дээд түвшинд хүрсэн бөгөөд дийлэнхийг нь метамфетамин буюу мөс эзэлжээ. UNODC-ийн тооцоогоор мансууруулах бодисын хэрэглээний эмгэгтэй 12 хүн тутмын зөвхөн нэг нь эмчилгээ хүртэж байна. Нөгөө талаас 2024 онд дэлхийн хэмжээнд 5.9 сая орчим хүн хар тамхины хэргээр эрүүгийн хэрэгт холбогдсон байна.
Монголын ойр орчмын бүс нутагт нөхцөл байдал улам хурцдаж байна. UNODC-ийн бүс нутгийн тайланд Зүүн болон Зүүн өмнөд Азид 2025 онд хураасан метамфетамины хэмжээ 349 тонн болж, өмнөх жилийнхээс 48 хувиар, арван жилийн өмнөхөөс тав дахин их байгааг мэдээлсэн юм. Монголын Хар тамхитай тэмцэх алба бодисын дийлэнх нь Туркээс орж ирдэг гэж мэдээлсэн нь олон улсын судалгаатай нийцэж байгаа юм. UNODC-ийн 2026 оны тайлангийн дагуу Туркт метамфетамин хамгийн их санаа зовоосон бодис болж, эмчилгээ болон хураалтын тоогоор героин, каптагоныг гүйцэж түрүүлсэн бөгөөд бодисын ихэнх нь Баруун өмнөд Азиас гаралтай гэжээ. Европын холбооны Хар тамхины агентлаг 2024–2025 онд Туркт шингэн метамфетамины хураалт нэмэгдсэнийг илрүүлсэн байна.
Улс орнууд ямар арга хэмжээ авч байна вэ
Хятад: Хятадын Хар тамхитай тэмцэх үндэсний хорооны мэдээлснээр 2025 онд 35-аас доош насны шинэ хэрэглэгчийн тоо өмнөх оноос 41.6 хувиар буурч, 27 мянга орчим хэрэг илрүүлж, 41 мянган сэжигтнийг баривчилжээ. Гэсэн хэдий ч хяналтын жагсаалтад ороогүй бодисын хэрэглээ залуучуудын дунд тархаж байгааг анхааруулжээ. Хятадын эрх баригчид цаашид донтолтын эмчилгээг сайжруулж, эдгэрч буй хүмүүсийг нийгэмд эргэн нэгдэхэд нь туслах зорилт тавьсан байна.
Өмнөд Солонгос: Энэ улсад хар тамхины хэрэгт залуучуудын эзлэх хувь 2018 онд 41.7 хувь байсан бол 2025 оны эхний 10 сард 61.8 хувь болж огцом өссөн. Засгийн газар 2026 оны төлөвлөгөөндөө хатуу хяналтыг нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх ажилтай хослуулж, хиймэл оюунд суурилсан илрүүлэлт нэвтрүүлэх, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон улсын шуудангийн давхар шалгалтыг улс даяар хэрэгжүүлэх арга хэмжээ тусгажээ. Мөн хар тамхины хэрэгт холбогдсон өсвөр насныхнаас мэдүүлэг хүлээн авч, шийтгэлээс илүү эмчилгээ, эдгэрэлтийг тэргүүн ээлжинд тавих болсон байна.
Португал: Хар тамхинд донтогчийг хохирогч гэж харах хандлагын хамгийн удаан хэрэгжиж буй жишээ нь Португал юм. Тус улс 2001 онд хувийн хэрэглээний бүх төрлийн бодисыг биедээ хадгалахыг гэмт хэрэгт тооцохоо больж, урьдчилан сэргийлэх, эмчлэх, хор хөнөөлийг бууруулах, нийгэмшүүлэх ажлыг нэгтгэсэн үндэсний стратеги хэрэгжүүлсэн. Бага хэмжээний бодистой баригдсан хүнийг мэргэжлийн комисст шилжүүлж, үйлчилгээнд холбодог. Үр дүнд нь хар тамхины хэрэглээ болон хэтрүүлэн хэрэглэснээс нас барах үзүүлэлт Европын дунджаас доогуур хэвээр байгаа ч сүүлийн жилүүдэд гэмт хэрэг нэмэгдсэн талаар шүүмжлэл гарсаар байгаа юм.