УИХ-ын гишүүн, Шадар сайд Н.Номтойбаяр "Бодь"-ийн оффтейк гэрээ болон төмөр замын асуудлыг хянан шалгах түр хороо байгуулах саналыг 87 гишүүн дэмжиж, гарын үсэг зурсан талаар мэдээллээ.Бодьтой холбоотой авлигын хэргийг ил тод болгож, холбогдсон хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэе гэдэгт гишүүд нам харгалзахгүй нэгдэж байна. Хувийн шалтгаанаар байхгүй байгаа гишүүд ирээд гарын үсэг зурна гэв. Нийт 90 гаруй гишүүн гарын үсэг зурах хүлээлттэй байгаа аж. Түүнчлэн "Бодь"-ийн оффтейк гэрээ болон авлигад тараасан гэх 110 сая ам.долларын энэ асуудалд төрийн өндөр албан тушаалтан бүгд нэр холбогдлоо. Үүнийг мухарлаж, нэг талд нь гаргах ёстой гэж тэрээр онцлов. УИХ-ын гишүүн, Шадар сайд Н.Номтойбаяр: Энэ сэдвийг ярьсан хүн бүр ямар нэгэн байдлаар хохирол амсаж байна. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ "Бодь"-той холбоотой асуудлыг шалгаж, холбогдох мэдээ, материалыг төрийн нууцаас гаргаж ил болгоё гэж ярьсан ч удалгүй огцорсон. Д.Амарбаясгалан УИХ-ын дарга байхдаа үүнийг ярьсан ч Бортээгтэй холбоотой хэрэгт гүтгэгдэж, бүр хүн амины хэрэгт холбогдсон. Үр дүнд нь ажлаа өгсөн. Г.Занданшатар ч мөн адил ажлаа өгсөн. Тухайн үед Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Х.Нямбаатар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй холбоотой байр сууриа илэрхийллээ. Гэтэл төрийн тэргүүн "би өөрөө шалгуулъя" гээд өргөдлөө өгөөд буучихлаа. Энэ гэрээтэй холбоотой яриа гарахад яагаад улс төр өрнөөд байна вэ. Хүмүүс яагаад хэлмэгдэж, гүтгэгдэж, ял завшаад байна вэ. Бид үнэн мөнийг эцэслэх цаг болсон. Одоо зөвхөн нотлох баримт ярих ёстой. Ямар нэгэн байдлаар үндэслэлгүйгээр гүтгэхээ зогсооё. Үүнийг зогсооё гэж УИХ-ын 86 гишүүн гарын үсгээ зурчихаад байна. 110 сая ам.долларын ард олон асуудал бий. Аудитын байгууллага хяналт шалгалт хийгээгүй. "Эрдэнэс Тавантолгой" болон "Тавантолгой төмөр зам" компани тооцоогоо хийж чаддаггүй. Тайлан балансдаа энэ мөнгийг яаж тусгахаа мэддэггүй. Маш их хэмжээний авлигын асуудал байж болзошгүй, төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон онц ноцтой гэмт хэрэг байж болзошгүй юм. Одоо энэ асуудлыг хуулийнх нь дагуу ил тод, нээлттэй, гэрчийн мэдүүлэгт суурилж хийе. Хянан шалгах түр хороог УИХ-ын тухай хууль болон Дэгийн тухай хуульд заасан эрхийн хүрээнд байгуулъя. Засгийн газрын ээлжит хурлаас өнөөдрийг хүртэл нууцад байсан, тухайн үеийн ҮАБЗ-ийн 2019 оны 0505 дугаартай нууц шийдвэрийг ил болгох тогтоол гаргасан. Одоо хууль хүчний байгууллага, ялангуяа АТГ ажлаа хийх боломж нь бүрдэж байна. Одоо ажлаа хий. УИХ Хянан шалгах түр хороог байгуулъя. Шалгаж байгаа хуулийн байгууллагуудаас хуульд заасны дагуу мэдээлэл, тайлбар авах ажлыг хийнэ.