Засгийн газраас Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон. Тэгвэл УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Засгийн газар уг хуулийн олон заалтыг өөрчлөн дордуулж, анхны үзэл санааг байхгүй болгосон хэмээн шүүмжиллээ.
Түүнчлэн Хууль зүйн сайд Г.Тэмүүлэн өмнө нь санаачилсан хууль бус хөрөнгийг хураах хуулийн төсөл нь Үндсэн хууль болон хүний эрхийн зарим зохицуулалтад нийцээгүй гэж үзэн дахин боловсруулсан гэдгээ мэдээлсэн. УИХ-ын гишүүн О.Алтангэрэлийн хувьд үүнтэй санал нийлэхгүй гэдгээ мэдэгдэв.
Тэрээр, "Засгийн газраас өргөн барьсан төслийг Үндсэн хууль зөрчсөн гэж хэн нэгэн албан тушаалтан, ялангуяа нэг сайд дүгнэлт хийх боломжгүй. УИХ-ын Тамгын газар ч ийм дүгнэлт хийхгүй. Өдий 550 хоног хэлэлцээгүйнхээ бурууг Үндсэн хууль зөрчсөн байсан мэтээр ярьж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
Хуулийн төслийн амин сүнс нь өнгөрсөн жилүүдэд ард түмний боломжийг хулгайлсан хүмүүсийг хөрөнгийг хураая гэсэн зорилготой байсан. Одоогоос 555 хоногийн өмнө өргөн барьсан хуульд улстөрд нөлөө бүхий этгээдийг төрийн өндөр албан тушаалтнаар ажиллах хугацаанд түүнд болон хамаарал бүхий этгээдэд бий болсон хөрөнгийг шалгах ажиллагаанд заавал хамруулж, 2027 оны хоёрдугаар сараас эхлүүлнэ гэсэн заалт байсан. Өөрөөр хэлбэл, төрийн өндөр албан тушаалтан, улстөрд нөлөө бүхий хүн гэхчлэн маш олон төрлийн албан тушаалтныг зааж өгсөн. 2002 оноос хойш албан тушаал хашсан бүх хүнийг шалгая. Энэ хуулийг буцаан хэрэглэе гэсэн үзэл санаа байсан юм. Харамсалтай нь, шинэ хуулийн төсөлд бүр эсрэгээр нь хийсэн байна. Тухайлбал, шалгах ажиллагаа эхлэх үеийн хөрөнгийг цэвэр хөрөнгөд тооцно гэсэн утгатай зүйл оржээ. Ингэвэл энэ хууль утгаа алдана. Одоо цаашаагаа яах вэ гэдэг асуудал чухал ч ард иргэд өнгөрсөн хугацаанд бий болсон авлига, хулгайг сонирхож байна. Төрийн өндөр албан тушаалд байхдаа хувьдаа болон өөрийнхөө хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгосонд бухимдаад байгаа. 2002 оноос хойших хэргийг хармаар байна.