Зээлээ удаан хугацаанд төлөөгүйгээс болж дахин зээл авах боломжгүй болсон 620 мянга гаруй иргэнд зээлийн эрх дахин нээгдэв. УИХ-ын дарга С.Бямбацогтын танилцуулснаар, зээлийн мэдээллийн журамд оруулсан шинэчлэлийн хүрээнд 1.5 сая төгрөг хүртэлх хугацаа хэтэрсэн зээлээ бүрэн төлсөн иргэний зээлийн ангилал хэвийн болно гэв. Гар утас, цахилгаан, дулаан, ус, интернэтийн төлбөрийн өр зээлжих оноонд нөлөөлөхгүй болж, зээлийн мэдээлэл бодит цагаар шинэчлэх аж. Мөн банк, санхүүгийн байгууллагууд зээл олгохоос татгалзсан шалтгаанаа иргэнд заавал тайлбарлах үүрэгтэй боллоо.
Гар утас, интернэтийн төлбөр гэх мэт жижиг өрөө хугацаандаа төлж чадаагүйгээс хариуцлагагүй зээлдэгч болсон иргэн цөөнгүй. Олон жил санхүүгийн үйлчилгээ авч чадахгүй байсан эдгээр хүмүүст энэ нь мэдээж сайн мэдээ. Гэвч хариултгүй үлдэж буй асуулт нь хар жагсаалтаас гаргаснаар асуудал бүрэн шийдэгдэх үү?
Өрхийн орлого буурч, үнэ өссөөр байна
Өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал таатай биш байна. Ялангуяа үнийн өсөлт иргэдийг туйлдуулж байна. Ойрын жишээ авъя. Бид 14 хоногийн өмнө нэг ширхэг талхыг 2,900 төгрөгөөр авдаг байсан бол одоо 3,700 төгрөгөөр авч байна. Бензин, мах, хувцас бүс барааны үнэ ч мөн адил өссөөр. Нөгөө талд иргэдийн орлого үнийн өсөлтийг гүйцэхгүй, хол тасарч байна.
Үндэсний статистикийн хорооны III улирлын дүнгээр нэг өрхийн сарын дундаж бодит орлого 2.7 сая төгрөг болж, өмнөх оныхоос 2.2 хувиар буурчээ. Өөрөөр хэлбэл, инфляцын нөлөөг хасаад тооцоход өрхийн худалдан авах чадвар жилийн өмнөхөөс сулрав. Нөгөө талд нэг өрхийн сарын дундаж зарлага өмнөх оныхоос 6.8 хувиар өсөж, 3.4 сая төгрөг болжээ. Орлого, зарлагын зөрүү 700 мянга.