Б.Болд: Мөнгөнд итгэл үнэмшил хэрэгтэйБ.Болд: Мөнгөнд итгэл үнэмшил хэрэгтэй
Дэлхийн бизнес, санхүүгийн төвүүдийн нэг болох Сингапур улсад “Mongolia Investment Forum” буюу “Монголын Хөрөнгө Оруулалтын Форум” гурав дахь жилдээ амжилттай боллоо. Форумын оролцогчдын тоо, цар хүрээ гурван жилийн өмнөхөөс өссөн нь Монгол Улс хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байсаар байгааг харуулж байна.
2025 онд Сингапурт болсон форумд Монголын 20 гаруй тэргүүлэх компани, Goldman Sachs, J.P. Morgan, BlackRock, DBS зэрэг олон улсын байгууллагын 100 гаруй төлөөлөл, нийт 150 гаруй хүн оролцжээ. Харин 2026 оны форумд 200 орчим төлөөлөл оролцож, “Өөрчлөлт” сэдвийн хүрээнд эрчим хүчний шилжилт, геополитикийн хурцадмал байдал, нийлүүлэлтийн сүлжээний асуудлыг хэлэлцэв.
Түүнчлэн форумыг зохион байгуулагч Capital Markets Mongolia (CMM)-ийн шинжээчид Монголын улс төр, нийгэм, эдийн засаг, санхүүгийн зах зээлийн төлөв байдлын талаарх ээлжит тайлангаа хөрөнгө оруулагчдад танилцууллаа. Мөн форумд оролцсон Монголын тэргүүлэх банк, санхүүгийн байгууллагууд олон улсын зах зээлээс татан төвлөрүүлсэн эх үүсвэр болон төсөл, хөтөлбөрөө танилцуулсан юм.
Энэ жилийн Сингапурын форумын ярилцлагын зочноор Рио Тинто группийн Худалдааны асуудал хариуцсан захирал Б.Болд оролцож, дэлхийн эрчим хүчний шилжилтэд Монгол Улсад ямар нөөц, боломж байгаа талаар санал бодлоо хуваалцлаа. Түүний яриа хөрөнгө оруулагчдын анхаарлыг татахын зэрэгцээ “Монголыг яагаад сонгож хөрөнгө оруулах ёстой вэ” гэдэг тодорхой мессежийг хүргэв.
Э.Мөнхцэцэг нь iToim агентлагийн хамтран үүсгэн байгуулагч. Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй, 2017 оноос iToim.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна. Сэтгүүл зүйн салбарт 14 дэх жилдээ ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Б.Болд захирлын удирддаг Худалдааны алба (Commercial) нь Рио Тинто группийн худалдаа, борлуулалтыг голлон хариуцдаг бөгөөд арилжааны гол төв нь Сингапурт байрладаг. Тус алба 1,600 орчим ажилтантай, 100 тэрбум ам.долларын эргэлтийн хөрөнгө, 60 тэрбум ам.долларын борлуулалтыг удирдан чиглүүлдэг аж. Ийм том зах зээл, худалдааны сувгийг удирдаж буй эрхмийн үгийг сонсох нь хөрөнгө оруулагчдын хувьд үнэ цэнтэй байлаа.
CMM-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Э.Золбаярын Б.Болдтой хийсэн ярилцлагаас онцлох хэсгийг тоймлон хүргэе.
Дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ хаашаа чиглэж байна вэ?
Б.Болд: Тариф болон геополитикийн тогтворгүй байдлын улмаас зах зээл бүрд үнэ өөр өөрөөр тогтох үзэгдэл улам нэмэгдэж байна. Ийм нөхцөлд олон зах зээлтэй байх, тэдгээр зах зээлд нэвтрэх боломжтой байх нь маш чухал. Миний харж байгаагаар үнийн ялгаа улам тодорч байна.
Жишээ болгон төмрийн хүдрийг авъя. Төмрийн хүдрийн үнэ тонн тутамд 90 ам.доллар байна гэж бодъё. Бразилаас тээвэрлэвэл тонн тутамд ойролцоогоор 40 ам.долларын тээврийн зардал гарна. Харин Австралиас тээвэрлэвэл 14 ам.доллар төлнө. Өөрөөр хэлбэл, Австралийн үйлдвэрлэгчид тонн тутамд 76 ам.доллар авч байхад Бразилийн үйлдвэрлэгчид 50 ам.доллар авч байна гэсэн үг.
Миний хэлэх гэсэн зүйл бол газар зүйн ойр байдал, зах зээлд нэвтрэх боломж маш чухал. Нөхцөл байдал улам хүндэрч буй энэ үед бид бүтээгдэхүүнээ яг аль зах зээлд нийлүүлэх гэж байгаагаа ойлгох хэрэгтэй.
Критикал минерал ирээдүй мөн үү?
Б.Болд: Юуг критикал минерал гэж үзэх нь тухайн улсаас шалтгаална гэж би боддог. Хятадын хувьд төмрийн хүдэр бол критикал минерал. Учир нь хэрэгцээнийхээ 80 орчим хувийг импортоор хангадаг. Харин сансар, батлан хамгаалахын салбарын өнцгөөс харвал хариулт нь өөр байж болно. Улс бүрийн жагсаалт бага зэрэг ялгаатай.
Критикал минерал, ялангуяа бага хэмжээгээр олборлогддог зарим минералын тухайд хэлэхэд боловсруулах байгууламжгүй бол утгагүй. Боловсруулах байгууламж гэдэг огт өөр асуудал. Энэ бол металлурги, технологийн асуудал. Бидэнд хэрэгтэй зүйл бол зөв хайлуулах үйлдвэр. Зөв төрлийн боловсруулах үйлдвэртэй бол тухайн эрдсийг ялган авах сонирхол бий болно.
Гол асуулт нь Монголд эдгээр минералыг ялган авах зөв боловсруулах үйлдвэр бий юу, мөн бид аль зах зээлд нийлүүлэх гэж байна вэ гэдэг.
Монголоос нийлүүлэх гэж байгаа бол Хятадын зах зээлийг зорих нь зөв үү, эсвэл барууны зах зээлийг харах шаардлагатай юу. Та АНУ-ын эсвэл барууны хөрөнгө оруулагч байлаа гэж бодъё. Хоёр амаргүй хөршийн дунд оршдог Монголоос критикал минерал худалдаж авах нь таны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг үнэхээр нэмэгдүүлэх үү? Бид улс төрийн өнцгөөс ийм асуултад хариулах хэрэгтэй болно. Харин Япон эсвэл Солонгост нийлүүлэх гэж байгаа бол аль зах зээлийг зорьж байгаагаа тодорхойлж, салбараа ямар дарааллаар хөгжүүлэхээ ойлгох нь чухал.
Аливаа төсөл дээр хүрз тавихаас өмнө олон нийтийн хүлээн зөвшөөрлийг ав
Б.Болд:
Уурхайн хөрөнгө оруулалтын орчин цаашид хэрхэн өөрчлөгдөх вэ?
Б.Болд: Миний бодлоор хамгийн хэцүү нь нийгмээр хүлээн зөвшөөрүүлэх буюу нийгмийн лицензийн асуудал. Уурхайн бүтээн байгуулалтын техникийн хүндрэлийг инженерийн аргаар шийдвэрлээд явж болно. Харин нийгмийн зөвшөөрөл авах нь маш хэцүү.
Товчхондоо, хүмүүс гэрийнхээ арын хашаанд уурхай байлгахыг хүсэхгүй. Үзэсгэлэнтэй газар нутаг дээр нь өөр хүн машин техник, экскаватортой ирээд шууд нүх ухахыг хэн ч хүсэхгүй. Баялгийн эздэд үр өгөөжийг нь хүртээх ёстой бөгөөд тэр үр өгөөжийг эхнээс нь тодорхойлох нь маш хэцүү асуудал. Монголд бид энэ талаар их мэтгэлцдэг. Гэхдээ энэ бол зөвхөн Монголын асуудал биш, хаа сайгүй адилхан.
Уул уурхайн салбарын үнэ цэн, өгөөжийг сайтар тайлбарлаж, ойлгуулах нь чухал. Хайгуулд маш урт хугацаа шаардагддаг тул нөөцийг эзэмшиж буй компаниуд нийгмийн лицензээ бэхжүүлэхэд илүү их анхаарах хэрэгтэй.
Цаашид нийгэм усны хэрэглээ, орон нутгийн хүлээн зөвшөөрөл зэрэг асуудалд улам өндөр шаардлага тавина. Дэлхийн уул уурхайн компаниудын дагаж мөрддөг тодорхой стандартууд бий. Жишээлбэл, НҮБ-ын хүний эрхийн стандарт, IFC-ийн байгаль орчны стандарт. Үүнээс болж аливаа төсөл дээр хүрз тавихаас өмнө дор хаяж гурван жил хүлээх шаардлагатай болдог. Товчилсон зам хайж, алхам алгасах нь эргээд сөрөг үр дагавар авчирдаг. Итгэлцэл бий болгож, үйл ажиллагаа явуулах нийгмийн зөвшөөрөл авах нь дэлхийн хаана ч уул уурхайн хамгийн хүнд сорилтуудын нэг.
Амжилттай хөрөнгө оруулалт татсан туршлагаас Монголд хэрэгжүүлж болох сургамж
Б.Болд: Бид саяхан Аргентины литийн салбарт 11 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Таван удаа дефолт зарласан энэ улс одоо өмчийн эрхийг хамгаалж, олон улсын арбитрт хандах эрх олгож, 250 сая ам.доллараас дээш хөрөнгө оруулалтад татвар, төсвийн орчны тогтвортой байдлыг баталгаажуулдаг болсон. Өмчийн эрхийг өөрчлөхөд парламентын 75 хувийн санал шаардлагатай. Үр дүнд нь 140 тэрбум ам.долларын төслийн багц бүрдэж, 40 тэрбум нь аль хэдийнэ санхүүжжээ. Ирэх 10 жилд Аргентин дэлхийн зэс экспортлогч топ таван орны нэг болох боломжтой.
Монголчууд “мөнгө мөртэй” гэдэг. Тэр үнэн. Би залуудаа та нарын одоо хийж байгаа шиг ажил хийдэг байлаа. Тэр үед АНУ-ын Элчин сайдын яамны нэг хамтрагчийн хэлсэн үг миний санаанд үлдсэн нь: “Мөнгө их хулчгар. Мөнгө заналхийлэлтэй орчинд дургүй, тайван, тав тухтай орчинд дуртай. Хөрөнгө оруулалт гэдэг өөрөө мөнгө. Хэрэв та хөрөнгө оруулагчдыг байнга сүрдүүлбэл тэр мөнгө орж ирэхгүй”. Нэг үгээр, мөнгөнд итгэл үнэмшил хэрэгтэй. Итгэл үнэмшилгүй бол мөнгө, хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Уул уурхай бол ганхцан гадаадын шууд хөрөнгө оруулалт гэж харах нь өрөөсгөл. Хөрөнгө оруулагчийн гол зорилго бол хөрөнгөө ашигтай зүйлд оруулж, ашиг хүртэх шүү дээ. Харин тэр хөрөнгө оруулалтыг дагаж ажлын байр бий болж, бизнесүүд идэвхждэг, эдийн засаг тэлдэг.
Улс орнууд яг ийм хөрөнгийн төлөө өрсөлдөж байна. Гол асуулт нь тэр хөрөнгө өсөж үржих тогтвортой, таатай орчныг хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг. Тэгэхгүй бол та илүү өндөр хүү төлнө, эсвэл хүмүүс огт хөрөнгө оруулахгүй.
Та Дэлхийн түншүүддээ Оюу толгойн талаар юу гэж хэлдэг вэ?
Э.Золбаяр
Б.Болд: Товчоор хариулбал, би Оюу толгойгоор маш их бахархдаг.
Улстөрчид эрсдэл гаргаж энэ төслийг эхлүүлээгүй бол би энд байхгүй байх байсан болов уу. Энэ төсөл эхлээгүй бол дэлхийн топ 10 уурхайн нэг болох ийм том зэсийн уурхай бий болохгүй байсан. Энэ зам хол мэт санагдаж байсан ч өнөөдөр бид том тоглогч болох замдаа аль хэдийн гарлаа. Жилд хагас сая тонн зэс үйлдвэрлэх хүчин чадалтай уурхай болж байна. Үүнийг хараад би үнэхээр бахархдаг. Говьд хоосон тал байсан шүү дээ. Хөрөнгө оруулалт, санхүүжилтийг хэрхэн зөв бүтэцтэй болгох вэ гэдгийг мэдээж ярилцах ёстой. Энэ бол түншүүдийн хооронд яригддаг асуудал. Ногдол ашиг, зээлийн хүү зэрэг асуудал яригдах л ёстой. Харин уурхай хэвийн ажиллаж байна.
Тиймээс тийм ээ, би асар их бахархаж байна.
Монгол Улс хөрөнгө оруулалтыг яаж татах вэ
Б.Болд: Гадаадын шууд хөрөнгө оруулалтын боломжийн талаар би хамгийн түрүүнд банкуудтай ярилцана. Тэд ямар томоохон ханган нийлүүлэгчидтэй ажиллаж байна вэ гэдгийг харна. Тэдгээр бизнес үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд бонд, хувьцаа эсвэл өөр төрлийн хөрөнгө оруулалт хэрэгтэй юу? Миний хувьд энэ бол ашиглагдаагүй том боломж.
Хоёр дахь чиглэл бол төрийн өмчит компаниудын шинэчлэл.
Манай Үндсэн хууль хувийн болон төрийн өмчийг хуулийн өмнө ижил түвшинд авч үздэг. Гэтэл практикт бид заримдаа төрийн өмчийг давуу эрхтэй мэт андуураад байх шиг санагддаг. Үүнийг өөрчлөх нэг арга нь төрийн өмчит компаниудыг хөрөнгийн зах зээлд гаргах явдал. Ингэснээр тэд 100 хувь төр гэсэн ганц эзэнд биш, бүх хувьцаа эзэмшигчдэдээ үйлчилдэг болно. Миний бодлоор энэ нь гадаадын шууд хөрөнгө оруулалт татахад тусална.
Үндэсний баялгийн сангийн хүрээнд олон зүйл урагшилж байгааг би мэднэ. Гэхдээ бидэнд төрийн өмчит компаниудын шинэчлэл хэрэгтэй гэж би боддог. Монголын нэг сорилт бол манай бизнесийн орчинд мега болон мини хэмжээний бизнес зэрэгцэн оршдог явдал.
Бид дэлхийн хэмжээний маш том уурхайнуудтай. Манай нүүрсний салбар Австралийн зарим коксжих нүүрсний үйл ажиллагааг гүйцэж түрүүлж байна. Арав гаруй жилийн өмнө бид үүнийг мөрөөдөж байсан. Одоо бид Австралиас илүү их коксжих нүүрс экспортолж байна шүү дээ.
Жишээлбэл, Квинсландын Боуэн сав газар (Bowen Basin) жилд ойролцоогоор 240 сая тонн нүүрс үйлдвэрлэдэг бөгөөд үүний 140 сая тонн нь коксжих нүүрс. Энэ жил Монгол Улс 100 сая тонн нүүрсний түвшинд хүрэх замдаа явж байна гэж би бодож байна. Энэ бол асар том хэмжээ.
Зэс ч бай, нүүрс ч бай, бид дэлхийн хэмжээний асар том бизнесүүдтэй. Харин нөгөө талд нь жижиг, дунд үйлдвэрүүд болон бусад бизнесүүд байна. Энэ хоёрын хоорондох зөрүүг нөхөхийн тулд хөрөнгө оруулагчдыг татах хэрэгтэй. Үүнд цар хүрээ, ил тод байдал шаардлагатай. Үүний зэрэгцээ дотоодын ханган нийлүүлэгчид экспортлогч болох боломжийг бүрдүүлэх хэрэгтэй.
Эцэст нь нэг зүйл хэлье. Би ажлын гараагаа хөрөнгө оруулалтын банкираар эхэлж байсан. Тэр үед нэг банкир найз маань уул уурхайн өсөлт (boom) болгонд хоёр салбар пуужин шиг өсдөг гэж хэлж байсан. Тэр хоёр нь үл хөдлөх хөрөнгө болон банк. Учир нь хоёулаа зайлшгүй хэрэгтэй болдог.
Манай олон ажилтан банкуудын хувьд моргейжийн сайн харилцагч байдаг. Банкууд ч манай уул уурхайн ханган нийлүүлэлтийн сүлжээнээс бий болж буй эдийн засгийн үйл ажиллагаанаас үр өгөөж хүртдэг. Дээрээс нь үл хөдлөх хөрөнгийн эрэлт нэмэгддэг. Уул уурхайн идэвхтэй үйл ажиллагаа явагддаг газар бүрд энэ хоёр салбарыг анхаарахад илүүдэхгүй. Тэд үнэхээр огцом өсдөг.
Монголыг сонирхож буй хөрөнгө оруулагчдад өгөх зөвлөгөө
Б.Болд: Миний бодлоор энэ нь юу худалдаж авч, юунд хөрөнгө оруулж байгаагаас шалтгаална. Хэрэв та хувийн хөрөнгө оруулалт хийхээр судалж байгаа бол Монгол Улс 3.5 сая хүн амтай, хүн ам нь өндөр боловсролтой гэдгийг санаарай. Ийм түвшний боловсролтой хүн амтай улс олон олдохгүй.
Мөн залуу, эрч хүчтэй ардчилалтай. Мэдээж олон асуудал бий. Гэхдээ миний баттай хэлж чадах нэг зүйл бол энд юу ч удаан нуугддаггүй. Хүн ам цөөн тул хүмүүс ерөнхийдөө юу болж байгааг мэддэг.
Та гэрийн даалгавраа сайн хийх хэрэгтэй. Хүмүүстэй ярилц. Хамтран ажиллах түншээ ол. Бизнесийг хамтран амжилттай хөгжүүлсэн туршлагатай, нэр хүндтэй олон компани бий.
Монгол бусад бүх зах зээлээс илүү гэж би хэлэхгүй. Би дэлхийн олон газраар, тэр дундаа Африк, Америк тивээр явж байсан. Мэдээж би Монголыг илүү өндрөөр үнэлж ярьж байж магадгүй ч Монголын тухай нэг зүйл надад маш тод харагддаг. Бид ардчилсан үзэл баримтлалдаа маш хатуу байр суурьтай. Хаана юу болж байгааг бид маш сайн мэддэг.
Хэрэв та гэрийн даалгавраа сайн хийвэл энэ бол хөрөнгө оруулалт хийхэд нэлээд аюулгүй газар.
Монгол бол ганц дарангуйлагч удирддаг, 20 жилийн дараа гэнэт бүх зүйл нурчихдаг улс биш. Таван жил тайван байж байгаад гэнэт нэг дарангуйлагч гарч ирж, хөрөнгийг тань хураачихдаг улс биш. Манайд тийм асуудал байхгүй.
Мэдээж өөр асуудлууд бий. Татварын шинэчлэлээр бид гадаадын хөрөнгө оруулалтыг татахыг зорьж байна. Гэхдээ миний хувьд Монголын боломж нь дэлхийн хэмжээний уул уурхайн үйл ажиллагаа, уул уурхайн ханган нийлүүлэлтийн сүлжээ, залуу бөгөөд цөөн хүн амынхаа давуу талыг хэрхэн ашиглахад оршиж байна гэснээр яриагаа өндөрлөсөн юм.
Түүнчлэн, форумд оролцогч хөрөнгө оруулагчдын зүгээс Монголд ирэхийн тулд юуны өмнө баталгаа, урьдчилан таамаглах боломжийг хайдаг. Өмчийн эрх нь хамгаалагдаж, тоглоомын дүрэм нь гэнэт өөрчлөгдөхгүй, харилцааны болон бодлогын тогтвортой, ил тод байдал зайлшгүй чухал гэдгийг онцлов.