Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсны 102 жилийн ой тохиож байна. Бид үүнийг товчхондоо "улс тунхагласны баяр" гэдэг. Гэвч энэ товчилсон нэрнээс болж олон хүн уг өдрийг улсаа байгуулсан, тусгаар тогтносон өдөр мэтээр ойлгодог. Гэтэл манай улс тэртээ 820 жилийн өмнө Их Монгол Улсаа байгуулж, улсаа тунхагласан түүхтэй.
Мөн эл өдрийг арванхоёрдугаар сарын 29-нд болдог өдөртэй андуурдаг. Үнэндээ энэ хоёр өдөр тус тусдаа өөр түүхтэй.
1911 оны арванхоёрдугаар сарын 29 бол монголчууд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлоос салж, тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан өдөр. Харин тэр үед төрийн тэргүүнд Богд хааныг өргөмжилж, Богд хаант Монгол Улс байгуулсан.
Харин арваннэгдүгээр сарын 26 бол засаглалын хэлбэрээ өөрчилсөн өдөр. 1924 оны энэ өдөр Улсын Анхдугаар Их Хурал Монгол Улсын анхны Үндсэн хуулийг баталж, олон зуун жил үргэлжилсэн хаант засгийг халж, Бүгд Найрамдах засаглалыг тогтоосон юм. Улсаа Бүгд Найрамдах Монгол Ард Улс хэмээн нэрлэж, нийслэл Хүрээг Улаанбаатар хот болгон өөрчилжээ.
Анхдугаар Үндсэн хууль 6 бүлэг, 50 зүйлтэй батлагджээ. Хуулийн 3 дугаар зүйлд төрийн бүх эрх мэдэл ард түмэнд хамаарна гэж заасан бөгөөд хамжлагат ёсыг халж, хамжлагат, харьяат ардууд иргэн болсон нь нийгмийн бүтцийг үндсээр нь өөрчилсөн алхам байлаа. Газар, уурхай, ой, усыг ард түмний мэдэлд шилжүүлж, гадаад худалдааг төрийн онцгой эрхэд хамааруулсан аж. Мөн эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй адил эрхтэй болсон нь Ази тивдээ анхдагч алхмуудын нэг байв. Сонирхолтой нь энэ хуулийг баталсан Их Хурлын 77 төлөөлөгч бүгд эрэгтэй байжээ. Мөн шашныг төрөөс тусгаарлаж, боловсролыг бүх нийтэд үнэ төлбөргүй болгох зарчмыг тогтоожээ. Арван гэр, баг, сум, хошуу, аймаг гэсэн таван шатлалтай засаг захиргааны бүтцийг бий болгож, улсын сүлд соёмбо, улаан өнгийн тугийг улсын туг болгосон байна.