Цаг уур, орчны шинжилгээний газраас энэ сарын 25-26-нд шилжих шөнө болон 26-ны өдөр зарим аймаг, сумдын нутгаар их хэмжээний цас орж, цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэх төлөвтэй байгааг сэрэмжлүүллээ.Тодруулбал, арваннэгдүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Дархан-Уул аймаг, Төв аймгийн баруун хойд хэсэг болон Сэлэнгэ аймгийн баруун талын сумдын нутгаар их хэмжээний цас орно. Харин арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Дорнод аймгийн хойд хэсгээр их цас орох урьдчилсан төлөв гарчээ.Мөн арваннэгдүгээр сарын 26-нд төвийн бүсийн нутаг, зүүн аймгууд болон говийн бүсийн хойд, зүүн хэсгээр цас орох төлөвтэй байна. Ойрын өдрүүдэд Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхаарууллаа.Улаанбаатар хотын хувьд энэ сарын 25-26-нд шилжих шөнө цас орж эхлэх бөгөөд 26-ны өдөр буюу Улс тунхагласны баярын өдөр үргэлжлэн цас орно. Улмаар 26-наас 27-нд шилжих шөнө ялимгүй цас орох төлөвтэй байна.Иймд цаг агаарын нөхцөл байдал хүндэрч, үзэгдэх орчин хязгаарлагдах, зам даваа хаагдах эрсдэлтэй тул иргэд, малчдыг сонор сэрэмжтэй байж, онцын шаардлагагүй бол холын замд гарахгүй байхыг анхааруулж байна.