Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Гангийн цогцолбор барьж байгуулах төслийн гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтын явц болон эцсийн шатанд тунаж үлдсэн компанийн мэдээллийг танилцууллаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Засгийн газар Гангийн цогцолбор барьж байгуулах олон улсын нээлттэй тендер зарлах шийдвэрийг гаргасан. Энэ хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам дэлхийн даяарх гангийн үйлдвэрлэгч, хөрөнгө оруулагчдад мэдээлэл хүргэсэн бөгөөд 60 гаруй компанид тендерийн урилгаа хүргүүлжээ. Ингээд өнгөрсөн наймдугаар сард Хятадын хоёр компани хураангуй жагсаалтад тунаж үлдсэн байна. Тус хоёр компанид хоёрдугаар шатны шалгаруулалтад оролцох урилгыг явуулж, өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын үнэлгээний журмаар дахин үнэлж, эцсийн шатанд Хятадын Beijing Jianlong Heavy Industry Group компани шалгарсан байна.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням: Гангийн цогцолбор нь Дархан-Уул аймгийн Орхон сумын нутагт баригдана. Нийт 651.2 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан. Эцсийн шатанд шалгарсан БНХАУ-ын Beijing Jianlong Heavy Industry Group компанитай Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын захирамжийн дагуу Ажлын хэсэг байгуулж, хэлэлцээр хийнэ. Хэлэлцээрийн үр дүнг шаардлагатай бол Засгийн газар УИХ-д танилцуулж, баталгаажуулны дараа ирэх хавар гэхэд бүтээн байгуулалтын ажил эхэлнэ.
Гангийн цогцолборын хувьд Монгол Улсын дотоодын хэрэгцээг бүрэн хангана. Баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, цементийн үйлдвэр гэсэн цогц үйлдвэр болох юм. Төслийн санхүүжилт нь 800 гаруй сая ам.доллар болох бөгөөд дөрвөн жилийн хугацаанд барьж байгуулах нөхцөлтэй.
Үйлдвэр ашиглалтад орсноор бид хүдрээ шууд ангижруулсан төмөр болгох технологийг анх удаа хэрэгжүүлнэ. Үр дүнд нь Монгол Улсын хамгийн их хэрэглэдэг арматурын үнэ хамгийн багадаа 20 хувь хямдрах тооцоолол гарсан. Энэ нь улс орны хэмжээнд хийх бүтээн байгуулалт, ард иргэдийн худалдан авч байгаа орон байр, сууцны үнэ нөлөөлөх хэмжээний бүтээн байгуулалт болно.