УИХ 2026 оны долдугаар сарын 2-нд Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Уг хуулийг 2027 оны нэгдүгээр сарын 1-ээс дагаж мөрдөнө. Хуулийн шинэчлэл нь тэтгэвэр авагчийн орлогыг нэмэгдүүлэх, ажил олгогчийн санхүүгийн ачааллыг бууруулах, нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлэхэд чиглэжээ. Тэгвэл энэ хүрээнд ямар өөрчлөлтүүд орж байгааг тоймлон хүргэе.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг сая төгрөг болно
Ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792 мянган төгрөгөөс нэг сая төгрөг болно. Мөн нийт ажилтан, албан хаагчийн цалин хөлсний орлогод ногдуулах хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу нэг сая төгрөгөөр тооцох аж.
Үйлдвэрлэлийн ослын даатгалын шимтгэл буурч, ажилгүйдлийн даатгалын шимтгэл нэмэгдэнэ
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг ажлын байрны эрсдэлийн түвшингээс хамааруулан бууруулна. Тодруулбал, ажил олгогчийн төлдөг 0.5, 1.5, 2.5 хувийн шимтгэлийг 0.3, 1.2, 2.2 хувь болгох юм. Харин ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг 0.5 хувиас 0.6 хувь болгон нэмэгдүүлнэ. Ингэснээр ажлаасаа чөлөөлөгдсөн иргэдэд тэтгэмж олгох эх үүсвэр бэхжих аж.