МАН-ын бүлэг өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 22-нд Их тэнгэрт хуралджээ. Хурлын үеэр 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших асуудлаар намын удирдлага, эрх бүхий байгууллагаас албан ёсны шийдвэр гараагүй байхад зарим улстөрч бие даан байр сууриа илэрхийлж буй асуудлыг хөндсөн байна.Тодруулбал, намын дотоод дүрэм, шийдвэр гаргах зарчмыг баримтлалгүйгээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших санаархлаа илэрхийлж, хувийн улс төрийн үйл ажиллагаа явуулж буй 50-иас дээш насны улстөрчдөд хатуу анхааруулга өгсөн гэх мэдээлэл байна.МАН нь улс төрийн ууган хүчний хувьд намын сахилга бат, дотоод зохион байгуулалт, хамтын шийдвэрийг баримтлах ёстойг гишүүд нь хэлжээ. Түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуульд намаас хэнийг нэр дэвшүүлэхийг албан ёсоор шийдээгүй байхад улстөрчид өөрсдийгөө нэр дэвшигч мэтээр олон нийтэд танилцуулж байгаа нь намын нэгдмэл байр суурь, нэр хүндэд сөргөөр нөлөөлж болзошгүй гэжээ.Иймд Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой аливаа улс төрийн үйл ажиллагаанд намын дүрэм, эрх бүхий байгууллагын шийдвэрийг баримтлах шаардлагатайг хатуу сануулжээ.