ЧУУЛГАН: Эрх баригч нам нэг жилийн дотор ҮАБЗ-ийн гурван гишүүнээ огцрууллааЧУУЛГАН: Эрх баригч нам нэг жилийн дотор ҮАБЗ-ийн гурван гишүүнээ огцрууллаа
УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна. Чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Н.Учрал нар оролцож байна. Өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцэн, 77.8 хувийн саналаар дэмжсэн билээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Ерөнхийлөгч нэр төрөө цэвэрлэхийн тулд огцрох санал гаргаж байгааг дэмжиж байгаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд хэд хэдэн суманд ажиллалаа. Иргэд талцал, хуваагдал, идэж уух явдал хэрээс хэтэрснийг хэлж байна. Хөдөө орон нутагт цас их орж, өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч байна. Малын өвчин маш их гарсан.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Ерөнхийлөгч зургаан жилийн бүрэн эрхийн хугацаанд ажиллахаар ард түмэндээ тангараг өргөсөн. Гэхдээ ажлаа өгч, нэр төрөө сэргээлгэхээр шийдсэнд нь хүндэтгэж байна. Үүнийг УИХ-ын гишүүд бид үлгэрлэх ёстой. Таны хийж хэрэгжүүлсэн олон ажил үр дүнгээ өгсөн. Тэр дундаа эрүүл мэндийн салбарт олон арга хэмжээ санаачилж, хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгсөн.
УИХ-ын гишүүн Л.Энхнасан: Ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх асуудлыг анх удаа хэлэлцэж байна. УИХ хэлэлцээд шийдвэрээ танилцуулах ёстой. Тантай холбоотой хэргийг шалгуулахын тулд та заавал бүрэн эрхийнхээ хугацааг дуусгах шаардлагатай байсан уу? Эсвэл өөр шалтгаан байсан уу? Батлан хамгаалахын сайд Д.Батлут өргөдлөө өгсөн. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ч бас даргагүй байна.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Нэгэнт Ерөнхийлөгч чөлөөлөгдөх өргөдлөө өгчихсөн, үүнийг шийдэх эгзэгтэй цаг үед ирсэн байна. Улсын Ерөнхийлөгчийн ажил бол улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, Үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлтэй холбоотой эрхэм дээд алба юм. Надад бас ярих зүйл байна, ярихгүй зүйл ч байгаа гэдгийг та бүхэн ойлгож байгаа байх. Одоогоор төрийн тэргүүний ажлаа өгөөгүй байна. Өгөөд иргэн болсны дараа надад ярих зүйл нэлээдгүй гарах байх.
Ерөнхийлөгчийн нэр хүнд цэвэр, цэмцгэр байх ёстой. Ерөнхийлөгч бол ард түмнээ, аюулгүй байдлаа, гадаад ертөнцөд улс эх орноо төлөөлдөг эрхэм алба. Сүүлийн 5-6 сарын хугацаанд Ерөнхийлөгчийн нэр төрд эрээ цээргүй халдлаа. Хүний санаанд багтамгүй асуудал зохиож, гүтгэж байна. Хилийн чанадад оргон зайлсан гэмт хэрэгтнүүд бий. Гэмт хэргийн бүлэглэл байна. Ажил хийлгэхгүй байна. Ард түмний дунд эмх замбараагүй байдал үүсгэхийг оролдож байна. Надад нэг л сонголт байна. Үүрэгт ажлаа хүлээлгэж өгөөд, төрийн тэргүүний эрхэм нэр хүндийг сэргээх. Тиймээс би энэ шийдвэрийг гаргасан.
УИХ-ын гишүүн Б.Уянга: Тавантолгойгоос Гашуунсухайт руу нүүрс тээвэрлэх төмөр замын баримтыг хэлье. Анхны бүтээн байгуулалт 2011-2013 онд явагдсан. Энэ үед Зам, тээврийн сайдаар УИХ-ын гишүүн Х.Баттулга ажиллаж байсан. 2014 оноос өргөн, нарийн цариг гэдэг асуудлаас үүдэж бүтээн байгуулалт зогссон. Ингээд 14 жилийн дараа буюу 2022 онд энэ бүтээн байгуулалт эцэслэгдсэн. Анхнаасаа энэ асуудалтай холбоотой байсан Х.Баттулгаас эхлээд шалгах ёстой.
УИХ-ын гишүүн Д.Батлут: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний ерөнхий командлагчаар ажиллах хугацаандаа хэлсэн амлалтдаа бүрэн дүүрэн хүрсэн. Тэр дундаа цэрэг, стратегийн олон шинэчлэл хийсэн. Үндэсний хэмжээнд олон чухал хөтөлбөр санаачилсан.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: Монгол Улсын Ерөнхийлөгч сонгогдсон цагаасаа хойш 153 тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Ерөнхийлөгчийн төсөв татвар төлөгчдийн мөнгөнөөс бүрдэж байгаа. Өнгөрсөн таван жилийн хугацаанд УИХ-д ямар нэгэн тайлан тавиагүй учраас таны тайлантай танилцах ёстой гэж үзэж байгаа.
Мөн Ерөнхийлөгчийн олгодог шагналтай холбоотой мэдээлэл авахаар ЕТГ-т дөрвөн удаа, Ерөнхийлөгчид хоёр удаа албан бичгээр хандаж байна. Хариу авч чадаагүй. ЕТГ-т хэдэн шагналын тодорхойлолт очсон бэ? Зарим хүний хувьд арван жилийн өмнө тодорхойлолт нь очсон хэр нь шийдэгдэж чадахгүй байхад танил талтай хүмүүс хэдхэн сарын дотор шагнал авч байна. Та бүрэн эрхийнхээ хугацаанд хэдэн ширхэг одон, медаль гардуулсан бэ? Төрийн шагналд хэдэн төгрөг зарцуулсан бол? Нэг бүрийн одон, медальд хэдэн төгрөг зарцуулдаг вэ? Ер нь үе үеийн Ерөнхийлөгч нар энэ тоог гаргаж өгч байгаагүй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ерөнхийлөгчид зарцуулаад байх зардал байхгүй. Ө.Шижир ЕТГ-ын дарга байсан, сайхан хариулаад өгөөрэй. ЕТГ-ын зардлыг Тамгын газрын дарга л мэддэг. Ерөнхийлөгч өөрөө ч мэдэхгүй, гарын үсэг зурдаггүй. Гол зүйл нь ажилчдын цалин. МОНЦАМЭ агентлаг шилжиж ирээд төсөв нэмэгдэж харагдаж байгаа юм билээ. Ерөнхийлөгчид өөр илүү, дутуу ямар ч зардал байхгүй. ЕТГ хэцүү шүү дээ. Техник хэрэгсэл, сандал ширээгээ шинэчилж чадахгүй, өгсөн мөнгийг нь аваад явж байдаг. Цаашдаа ЕТГ-аа харж, хандаж, дараагийн шинэ Ерөнхийлөгчид хэдэн цаас тавьж өгөөрэй.
Шагнал их зовлонтой асуудал байдаг. Хэдэн мянган хүний шагналын материал ирдэг байх. Ерөнхийлөгчийн үнэхээр хэцүү ажлын нэг. ЕТГ-ын Шагналын тасаг бүгдийг нь шалгаж үзнэ. Орон нутаг, УИХ-ын гишүүдээс тодорхойлолт ирдэг. Би шагналыг ахмадуудад өгөх зарчим баримталсан.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Ерөнхийлөгчийн өргөдлийг дэмжье гэхээр тойргийнхоо гишүүдэд зэмлүүлэх байх. Гадаад харилцаа сайжирсан, нүдэнд харагддаг болсон ийм хүнээ дэмжээд явуулна гэдэг хүнд нөхцөлд байна. Зарим нэг хүн хулгай хийчихээд гадагшаа явчихдаг. Хилийн чанадаас янз бүрийн юм яриад байдаг.
УИХ-ын гишүүн С.Батболд: Ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр ажлаа өгч байгаа нь Монголын төрд маш том жишиг тогтоож байгаа үйл явдал болж байна. Нийт ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч ийм шийдвэр гаргаж болдог юм байна. Бидний дунд хулгайч гишүүн суугаад байна. Б.Батбаатар гэж. Нам дээр очихоор намын, сайд болгохоор яамны мөнгө хулгайлж идчихдэг. Хулгай бол хулгай, хулгайч бол хулгайч байдаг.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:
Дараа дараагийн төрийн тэргүүн яаж ч шударга ажиллаад, зохион байгуулалттай үйлдэл явагдах бүрд энэ үйлдэл давтагдах уу? Энэ нь өөрөө нөгөө талаасаа төрийг тогтворгүй болгоно. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 221 хоног дутуу байхад хүсэлтээ өгсөн. Нийт хугацааныхаа 90 хувийг дуусгаж, 10 хувь нь үлдсэн. “Баялагтаа эзэн Монгол” болох таны амлалт биелсэн үү? У.Хүрэлсүх Ерөнхийлөгч эргэн ирэлт хийдэг гэж хүмүүс ярьж байна. Та өнөөдөр чөлөөлөгдсөн тохиолдолд төрийн өндөр албан тушаалд эргэн ирэх үү? Зарим нь таныг буугаад намын дарга, Ерөнхий сайд болно гэж ярьж, бичиж байна. Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг батлуулсан бол зөв байсан.
Ерөнхийлөгчийн нэр хүндийг хуулиар хамгаална гэж заасан ч огт хамгаалдаггүй юм билээ. Захын нөхөд гүтгэж, доромжилж байгаа. Ерөнхийлөгч ажлаа хийх аргагүй болтол доромжилж байгааг та бүхэн харж байгаа. Сүүлдээ Ерөнхийлөгчийг хамгаалах зүйлгүй болохоор ажлаа өгөөд нэр төрөө сэргээлгэхээс аргагүй болж байна.
Гүтгэлийн хууль чинь байхгүй болсон. Одоо та нар удахгүй өөрсдөө гүтгүүлнэ. Сүүлдээ Хууль зүйн сайд байсан хүн гэмт хэрэгтэн болж, гадагшаа гарчихаад хилийн чанадаас бусдыг гүтгэж байна. Янз бүрийн зургийн эвлүүлэг хийж байна. Тэр хүн хэчнээн гүтгэсэн ч хариуцлага хүлээх хуулийн заалт байхгүй, аваад хаячихсан. Одоо энэ хуулиа хурдан хийх ёстой. Тэгэхгүй бол Монгол төрийн дархлаа өдөр ирэх тусам унана. Хэн дуртай нь юу ч зохиож ярьж болдог болсон. Хуулийн байгууллага яаж ч чадахгүй.
Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг яг өргөн барих гэж байсан ч амжсангүй. Бэлэн болчихсон байгаа. Эх оронд хэрэгтэй бол би хаана ч очиж магадгүй.
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар: Сүүлийн нэг жилийн хугацаанд УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч өргөдлөө өгч, чөлөөлөгдлөө. 1992 оны Үндсэн хууль бол шилжилтийн хууль. 2023 онд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар Үндсэн хуульд өөрчлөлт хийхдээ зөвхөн намаа ялуулах өөрчлөлт хийсэн. Тиймээс 1992 оны Үндсэн хуулийг гацаанаас гарах шаардлагатай. 126 гишүүний маш том үүрэг бол шинэ Үндсэн хууль батлах.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Өнөөдрийн чуулган битгий шүүх хурал байгаасай. Ерөнхийлөгчийн ажлыг УИХ биш, цаг хугацаа, ард түмэн шүүж, дүгнэнэ. Монгол Улсад шударга бусын өлсгөлөн байна. Шударга ёс энэ танхимаас эхлэх ёстой. Ерөнхийлөгч энэ үлгэр дуурайллыг үзүүлж байна. Өнөөдөр энэ хүний хийсэн бүтээснийг салбар салбарт дүгнэх байх.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Би Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй гэж амлачихсан. Гэхдээ тогтолцооны өөрчлөлт хийх нь зүйтэй. Шинэ Үндсэн хууль хийх хэрэгтэй. Хоёр танхимтай парламенттай болох, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох эсвэл Ерөнхийлөгчийн тогтолцоо руу орох гэсэн хувилбарууд бий.
Ерөнхийлөгчийн санаачилсан төсөл, хөтөлбөр үр дүнтэй байгаа. Ерөнхийлөгч мөнгө төгрөг хуваарилаад байдаггүй, манлайлал үзүүлдэг.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням: 1990 оны цагаан төмөр морин жил МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Батмөнх бүрэн эрхээсээ бүрэн татгалзаж, Монголын ардчиллыг тосож авч байсан. Үүний үр дүнд олон намын тогтолцоотой парламент бий болж, бид энд суугаад ярьж байгаа. Тэр хүний зөвтгөх үзэл давамгайлж, 30 жилийн дараа шийдвэрийг нь дүгнэж байна. 2026 онд улаан морин жилд У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Монголын төр, үндэсний эв нэгдэл, аюулгүй байдлын төлөө өөрийн хүсэлтээр ажлаа өгч байна. Дэглэм байсан бол ийм асуудал байхгүй.
УИХ-ын гишүүн А.Ганбаатар: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2000 онд “Төрөө хямралаас гаргая, түмнээ ядуурлаас аваръя” уриатайгаар Хэнтий аймгаас сонгогдож байсан. Үүнээс хойш 26 жил өнгөрсөн байна. Та төрийн эрх барих дээд байгууллагад дөрвөн жил, сайдаар гурван жил, Ерөнхий сайдаар дөрвөн жил, Төрийн тэргүүнээр таван жил ажилласан. Өөрөөр хэлбэл, энэ улс орны эдийн засгийн бүхий л нөхцөл байдал дунд та 26 жил явсан байна.
Дээрээс нь сүүлийн 12 жилийн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал тантай шууд холбогдоно. Өнөөдөр байдал ямар байна вэ? Монголчууд хүүхдээ бүтэн хооллож чадахгүй, ахмадууд нүдэндээ нулимстай, амьдрал нь хангалуун бус байна. Залуучууд ирээдүйд итгэх итгэлээ алдчихсан, гадагшаа явахыг мөрөөддөг болсон. Нийт ард иргэд нь өр, зээлийн дарамтад орчихсон улс орон хэвээрээ л байна.
Таны Төрийн тэргүүнээр ажилласан таван жилийн хугацаанд гадаад харилцаа маш сайн байсан. Гэхдээ танай намын зөрчил, гаднаас ярьж байгаа танай намын нөхөд дэлхийд Монгол Улсыг шившиг болгочихлоо. Дэлхийн томоохон хэвлэлүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч авлигын улмаас огцорлоо гэж бичиж байгааг бүгд харж байгаа байх.
Эрх баригч намынхан ҮАБЗ-ийн гурван гишүүнээ огцрууллаа. Эрх баригч намаас сонгогдсон төрийн тэргүүнээ шахалтад оруулж, чөлөөлж байна.
Эх оронд хэрэгтэй бол ирнэ гэлээ. Уг нь та өнгөрсөн хугацаанд яригдсан энэ их авлига, хулгайгаа сайхан цэгцэлчихээд нэр төртэй буувал Монголын улс төрийн түүхэнд хамгийн том өв үлдээнэ.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Сүүлийн жилүүдэд улс оронд авлига гаарч, шударга ёс бүдгэрч, төрд итгэх иргэдийн итгэл, сэтгэл буурсан. Төрийн тэргүүн хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөж байгаа энэ үед АН парламентаа хамгаалах, шударга ёсны талд байна.
Ерөнхийлөгч олон жил төрийн дээд албанд ажиллалаа. Бид цаашдаа яах ёстой вэ? Итгэл алдарч байна. Энэ нь улс төрийн намуудын асуудал байна уу, тогтолцооны өөрчлөлт хийх ёстой юу? Та дүгнэлтээ хэлэх ёстой байх. Энэ чигээрээ бид цааш үргэлжлэх боломжгүй болсон.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Тогтолцооны өөрчлөлт хийх ёстой. Шинээр сонгогдох Ерөнхийлөгчийн сонгуультай хамт ард түмний санал асуулга явуулах ёстой. Шинэ Үндсэн хууль хийх ёстой. Хоёрхон сонголт байгаа. Нэгдүгээрт, хоёр танхимтай парламенттай болж, Ерөнхийлөгчөө парламентаас сонгодог тогтолцоо руу явах. Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн тогтолцоотой болох. Ерөнхийлөгч ард түмнээсээ сонгогдоод гарч ирж, Засгийн газраа өөрөө байгуулж, Ерөнхий сайдаа өөрөө томилоод, парламент нь хяналт тавиад явдаг. Энэ тогтолцоо дэлхийн бараг бүх ардчилсан улсад байгаа. Би хэлсэндээ байдаг хүн шүү. Тогтолцооны өөрчлөлтийн асуудлаар та бүхэн ажиллах ёстой. Бүх ард түмнээс асуу.
УИХ дээр Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийг заавал батлах ёстой. Энэ хуулийг эсэргүүцэж, иргэний дайн хийнэ гэж ярьсан хүмүүс ч бий.
Шувуу болоод нисчихсэн нөхрийг авчрах хэрэгтэй. Орогнол хүсээд явж байгаа гэсэн. Асар том гэмт хэрэг хийгээд зугтчихсан нөхөр шүү дээ. 500 тэрбум ам.доллар хууль бусаар олгоод, завсраас нь авлига аваад явсан.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.