ЧУУЛГАН: Монгол Улс засаглал, эрх мэдлийн хямрал руу орсон байна
УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна. Чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Н.Учрал нар оролцож байна. Өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцэн, 77.8 хувийн саналаар дэмжсэн билээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Монгол Улсын Ерөнхийлөгчийн шийдвэр их гэнэтийн байлаа. Таны энэхүү шийдвэр гадна дотнын бүлэглэлийн эсрэг хүчтэй цохилт болж чадлаа гэж хэлмээр байна. Та манай зургаа дахь Ерөнхийлөгч бил үү. Өмнө нь хулгар, хүзүүгүй, хээгүй, хийгүй Ерөнхийлөгч нар байсан. Харин та бол шуналгүй Ерөнхийлөгч. Би өөрөө цэрэг армийн хүн болохоор сайн мэдэж байна. Цэрэг армийнхан шуналгүй байдаг. Гадна дотнын нөхцөл байдал хүнд байна. Энэ хүнд үед Монголын төрийг самарчихлаа. Та одоо шалгуулна. Би бол танд бүрэн итгэлтэй байгаа. Хулгайд автаагүй гэж бодож байна. Миний хувьд таныг цаашдаа бүрэн эрхээ хэрэгжүүлээд явах ёстой гэж үзэж байна. Энэ бол үндсэн хуулиар танд ард түмний өгсөн эрх.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Хорвоо дээр байгаа бүхий л хүмүүс бие биенийгээ гүтгэж доромжилж байна. Сүүлдээ бүр Хууль зүйн сайд байсан хүн хилийн чанадаас яаж хүнийг гүтгэж доромжилж, хүний ой тойнд орохооргүй тоо баримт тавьж, мөрөөрөө төрийн алба хашиж байгаа, тусгай албаны хүмүүсийг юу юу гэж ярьж байгааг харж байгаа биз дээ. Үүнд хариуцлага тооцох боломжгүй болгосон. Та бүхний сонгууль ч дөхөж байна. Сүүлдээ бүр Монголын төрд бүтэн нэртэй, бүлээн царайтай хүнгүй болох нь.
Монголын төрийг олигтой удирдагчгүй болгож байна. Янз янзын байдлаар зохиож, нааж, гүтгэж байна. Иймэрхүү гэмт бүлэглэлтэй болж байна. Монголын төр удирдагчгүй боллоо. Үүний нэг тод жишээг та бүхэн харж байна. Энэ цаг үед дэлхий ертөнцтэй хамгийн сайн харилцаатай байгаа төрийн тэргүүн бол нөхөр У.Хүрэлсүх. Монголын төрийг самарчихлаа шүү дээ Хууль зүйн сайд байсан нэг нөхөр. Шувуу болоод ниссэн. Энэ нөхрийг шалгах ёстой. Д.Ганбат гишүүнийг Монголын парламентад их хувь нэмрээ оруулж ажиллаасай гэж хүсэж байна.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Та ард түмнээс дөрөв дэх удаагаа сонгогдсон. Монголын ард түмний итгэлийг хүлээсэн хүн. Өнгөрсөн хугацаанд олон зүйл болж байсан ч та надад янз бүрийн байдал гаргаж байсангүй. Улс төрийн нөхцөл байдал маш хурдан өрнөж байна. Танд болон таны гэр бүлд сайн сайхныг хүсье. Та манай салбарт хоёр ч том үндэсний хэсжээний хөтөлбөр санаачлан хэрэгжүүлсэн. Салбарынхаа хүмүүсийн мэндчилгээ болоод талархлыг илэрхийлмээр байна. Таны хийсэн төрийн айлчлалуудын үр дүнгээр манай салбартай холбоотой олон асуудлууд нааштайгаар шийдэгдэж байсан. Таны цаашдын ажил амьдралд сайн сайхныг хүсье.
УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан: Түүхэнд байгаагүй хамгийн өндөр буюу 68 хувийн саналаар ард түмний итгэлийг хүлээж сонгогдсон Ерөнхийлөгчийнхөө ажлаа өгөх хүсэлтийг бид хэлэлцээд сууж байна. Ийм байдалд хүргэсэн хүмүүс одоо бодох ёстой. Ийм түвшинд хүрэхээргүй байсан шүү дээ. Төр тогтворгүй байх нь хэнд хэрэгтэй юм бэ. Цаашид ийм тогтворгүй байдлыг байнга үүсгээд байх юм уу. Монголын төрд том хувь нэмэр оруулж, ард түмэнд ч хамгийн хүнд хэцүү цаг үед нь ковидын үед хамгийн сайн арга хэмжээ авч зохицуулсан хүн бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх юм. Та бүхэн улс эх орныхоо эрх ашгийг нэгт тавина гэж тангараг өргөсөн. Гэвч өөрсдийнхөө л эрх ашгийг бодож байгаа хүмүүс цөөнгүй байна.
УИХ-ын гишүүн Б.Батбаатар: Магтан сайшаах, муучлан буруушаах матрын нулимс том томоороо бөмбөрч эхэлдэг юм аа энэ цаг үед. Энэ танхим бол дуртайгаа бурж байдаг газар биш гэдгийг ойлгомоор байна. Кнопоо зарсан, тендер, өмч хулгайн замаар явдаг энэ байдлаас л өнөөдрийн энэ нөхцөл байдал үүссэн. Өнөөдөр манай гишүүд улстөрч гэхээсээ илүү төрийн зүтгэлтэн Монголын ард түмний охид хөвгүүд гэдгээ бодож асуудалд хандмаар байна.
Намын дотоод тооцоо, намынхаа ашиг сонирхол маргаашийнхаа сонгуулийн үр дүнгээр өнөөдрийн асуудлыг хэмжиж, дүгнэж, жигнэж болохгүй. Хэвлэл мэдээллийн байгууллагууд ч гаргаж байгаа мэдээлллүүдээ шүүлтүүртэй байлгамаар байна. Зүгээр нэг таамаг төдий зүйлийг бодит мэтээр мэдээлэх нь манай улсад л хохиролтой. Намууд нь нам шиг болж улстөрчдөө хариуцлага тооцдог байх хуулийн төсөл боловсруулж, эргүүлээд сольж болдог тийм тогтолцоо хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Сүүлийн үед дарангуйллын дэглэм тогтлоо гээд яриад байна. Ерөнхийлөгчийн институц нь эрх мэдэл хувиарлах тэнцвэрийг алдагдуулж хэт давамгай байдалтай байна гээд Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болъё гэж яриад байгаа. Давхар дээлтэй болох боломжийг олгож эхэлснээс хойш тэнцвэр алдагдсан. Үнэхээр тийм том эрх мэдлийг та авсан юм уу.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Айсан хүнд аргал хөдөлнө гэдэг л болж байна. Би уг нь дэг журам тогтоохыг хүсэж л ажилласан. Миний бие 70 мянган ард иргэдтэйгээ уулзсан хүн. Ард түмэн ч үүнийг хүссэн. Маш том хулгайд холбогдсон бүлэглэл байна. Эдгээр хүмүүст л хариуцлага тооцох хэрэгтэй. Зарим нь энэ танхимд ч сууж байгаа. Миний хийж буй ажил энэ хүрээд дуусаж байх шиг байна. Гэхдээ миний хувьд шударга ёсны тэмцлийг үргэлжлүүлэх болно. Гудамж талбайд нь үргэлжлүүлнэ гэж бодож байгаа, ард түмэнтэйгээ хамт. Тийм дэглэм тогтоочихоор институц Ерөнхийлөгчид байхгүй. Үндсэн хуулийг өөрчлөхөд заавал ард түмний санал асуулга хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Бид улсынхаа асуудлыг Нарантуул дээр наймаа хийж байгаа юм шиг яриад байгаа нь зөв үү буруу юу. Хууль зүйн сайдыг 2024 оноос хойш таван удаа сольсон. УИХ-ын даргаа гурав дахь удаагаа солилоо. Ерөнхийлөгч нь улсаа бодож байна гээд хугацаанаасаа өмнө өргөдлөө өгч, буух гэж байна. Энэ нь зөв байх. Гэхдээ Ерөнхийлөгчийн үгнээс ярих, ярихгүй юм байна гэж хэд хэдэн удаа сонслоо. Монгол Улсыг удирдаж байгаа хүмүүс энэ танхимд сууж байна. Та нар өмнөх улсууд шигээ шувуу болоод далай гатлаад нисчих вий. Гаднын улсын төлөө үнэн гэж байхгүй.
Монголын төлөө юм бол эндээ ирж улсын үнэн гэж үлдээсэй. УИХ-ын гишүүн, тэр дундаа Хууль зүйн сайд байсан нэг нөхөр тэнд элгэн садан, эх орон гэж бодсонгүй. Хол далайн цаана очиж гэнэт сэрсэн юм шиг баахан хулгай болсон илрүүлсэн гэж мэдээлж байна. Яс юман дээр 2016 оноос хойш тасралтгүй засагласан улаан намын цагаан байрны дээрэмчдийн дээрмийн асуудал улсын асуудал болж байна. Туурга тусгаар улс юм бол хүмүүсээ эх орондоо авч ирж хулгайгаа ил тод ярих ёстой гэдэг зарчмын байр суурьтай байна. Ерөнхийлөгчид хандаж хэлэхэд өгч чаддаг авч чаддаг хоншоортой эр хүн гэж үг байдаг. Та түүн шиг ирж чаддаг явж чаддаг хоншоортой улстөрч юм. Та босго тогтоож байна.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг: 2024 онд парламент бүрдсэнээс хойш хоёр Ерөнхий сайд, хоёр УИХ-ын даргаа огцруулж, өнөөдөр Монгол Усын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө чөлөөлөх асуудлыг ярьж байна. Шинэ үндсэн хууль 34 жилийн өмнө батлагдсанаас хойш түүхэнд болж байгаа анх удаагийн үйл явдал боллоо. Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хэн байхаас үл хамааран бид засаглал, эрх мэдлийн хямрал руу гулсан оржээ гэдгээ хүлээн зөвшөөрч, цаашид яах вэ гэдэг дээр дүгнэлт хийх хэрэгтэй.
Бид уг нь энэ танхимд улс орныхоо цэцэглэлтийн төлөө тулгамдаж байгаа асуудлаа шийдэхийн тулд олон хууль, ажил хэлэлцэж байх ёстой. Гэтэл хоёр жилийн хугацаанд улс төрийн зодоон тасарсангүй үргэлжиллээ. Энэ улс төрийн хямдрал бусад нийгэм эдийн засгийн байдалд үнэхээр их нөлөөлж маш их алдагдсан боломжийг бий болгож байна. Иргэд ч маш бухимдалтай байна.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Энэ хүнд хэцүү цаг үед хүнд ачаа үүрч явсан хүн хугацаанаасаа өмнө ажлаа хүлээлгэж өгөх гэж байна. Засгийн газраа бид хэдэн удаа сольж байна вэ. Их хурал гацаж, Ерөнхийлөгчөө буулгаж байна. Энэ бол эргэж харах ёстой маш ноцтой асуудал юм. Төр бол эдийн засгийг зохицуулдаг, эрхийг хамгаалдаг тогтолцоо. Гэтэл өөрөө мөнгөн дотор умбацан учраас хулгай гараад байгаа юм. Бүгдээрээ намыг эдийн засгаас холдуулъя. Төрийн өмчийн компаниудын үйл ажиллагааг сайжруулах биш ерөөсөө салгая. Улс төр болоод намаас салгацгаая. Төрийн албыг ч намаас салгая. Намуудыг бүтцийн хувьд шинэчлэх хэрэгтэй. Ерөнхийлөгчийг парламент сонгодог болъё гээд байгаа. Гэхдээ бид ийм нөхцөл байдалтай байж тэгэж сонгож болохгүй шүү дээ. Дэгээр тоглодог ийм байдалтай байж ёстой худлаа шүү.