УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна. Чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Н.Учрал нар оролцож байна. Өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцэн, 77.8 хувийн саналаар дэмжсэн билээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. Энэ үеэр Ерөнхий сайд, МАН-ын дарга Н.Учрал үг хэллээ.
Тэрээр "Бүх ард түмнээс сонгогдсон төрийн тэргүүн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байгаад харамсаж байна. Би эрх барьж байгаа намын даргын хувьд намаасаа дэвшүүлж, Ерөнхийлөгчөөр ажиллах 6 жилийн хугацаанд төрийн тэргүүний стандартыг тогтоож чадсан гэдгийг цаг хугацаа нотолно. Ерөнхийлөгчийн гаргасан энэ шийдвэр залуу үед ёс зүйн өндөр манлайлал үлдээж байгаа. УИХ-ын гишүүний халдашгүй байдлын ард нуугддаг, сайд болохгүй бол амьдрал дуусах гээд байгаа мэт ханддаг улстөрчид нэгийг бодох ёстой. Монгол төрийн тэргүүн, бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч нэр төрөө сэргээлгэхээр гаргаж байгаа шийдвэр бол ёс зүйн манлайлал. Тиймээс УИХ-ын гишүүд сахилга хариуцлагаа сайжруулна шүү. Албан тушаалын ард нуугдаж шантааж хийдэг элдэв зүйлээс холхон байгаарай. Дэлхий нийт биднийг харж байна. Улстөржиж болно. Гэхдээ улс орноо бодох хэрэгтэй. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр нэртэй төртэй, ёс зүйтэй ажилласан Ерөнхийлөгч таны цаашдын ажил амьдралд амжилт хүсье" гэлээ.