Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өчигдар Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлсэн. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн У.Отгобаяр нарын 25 гишүүн өргөн барьсан бөгөөд хаврын хурдан морины уралдааныг зөвшөөрөх, ингэхдээ 14 настай хүүхэд уралдуулах гэх мэт өөрчлөлтийг тусгажээ. Судалгаагаар 2025 онд хурдан морины уралдааны үеэр нийт 343 хүүхэд мориноос унаж, 50 хүүхэд даатгалын нөхөн төлбөр авсан байна. Хуульд найм болон түүнээс дээш насны хүүхдээр хурдан морь унуулахаар заасан. Харин Засгийн газрын 2019 оны шийдвэрээр жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-н хүртэлх хугацаанд зохион байгуулах хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 хүртэлх насны хүүхдээр морь унуулахыг хориглосон юм.
Гэвч энэхүү хоригийн улмаас уралдааныг төрийн хяналт, хараа хяналтаас гадуур, далд хэлбэрээр зохион байгуулах эрсдэл үүссэн гэж үзжээ. Ингэснээр уралдааны зориулалтын зам, хүүхдийн аюулгүй байдал, хамгаалалтын хувцас хэрэгслийн стандартыг хангахгүй байх, улмаар унаач хүүхэд хүйтэнд осгох, мориноос унаж гэмтэх зэрэг эрсдэл нэмэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудын эсэргүүцэл, шаардлага нэмэгдэж, хүний эрх болон хүүхдийн байгууллагуудаас уралдаан зохион байгуулах журмыг өөрчилж, эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал, санаачилга гаргасан байна. Тиймээс унаач хүүхдийн эрх, аюулгүй байдлыг зөрчихгүйгээр үндэсний өв соёл, уламжлалаа хадгалан хамгаалах, цаашлаад морин уралдаанаар дамжуулан жуулчдыг татах, аялал жуулчлалыг хөгжүүлэх шаардлага бий болсон гэж хуулийн төслийг санаачлагчид үзсэн байна. Мөн олон улсын стандартад нийцсэн морин тойруулга байгуулах, бооцоот морин уралдаан зохион байгуулахтай холбоотой эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгцээ шаардлага үүссэн байна. Энэ хүрээнд хаврын морин уралдааныг зохион байгуулах эрх зүйн орчныг тодорхой болгох зорилгоор Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлд хаврын морин уралдааныг хаврын тэргүүн сарын шинийн 15-ны өдөр эсвэл түүнээс өмнө, цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан аль нэг өдөр зохион байгуулж болохоор тусгажээ. Харин уралдаан зохион байгуулах товыг Засгийн газрын шийдвэрээр тогтоохоор заасан байна. Мөн уралдааны аюулгүй байдлыг хангах хүрээнд дараах шаардлагыг тавихаар тусгажээ. Үүнд: