Сүүлийн саруудад огцом өссөн шатахууны үнийг бууруулж, нийлүүлэлтийг тогтворжуулахын тулд Засгийн газар улсын төсвөөс татаас гаргаж, импортлогч аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгохоор болсон. Уг шийдвэрийн үр дүнд өнөө шөнийн 00:00 цагаас энгийн хэрэглээний болон Евро стандартын автобензиний жижиглэнгийн үнэ буурах нөхцөл бүрджээ. Энэ талаар Ерөнхий сайд Н.Учрал дараах мэдээллийг өглөө.
Тэрээр "Бензин шатахууны хомсдлоос үүдэлтэй нийлүүлэлтийг нэмэгдүүлэх ажил эхэлсэн. Манай улс өнгөрсөн хугацаанд шатахууны нийт хэрэглээний 97 хувийг ОХУ-аас авдаг байсан бол одоо харьцаа нь 70:30 болсон. Үндсэндээ ОХУ-аас 70 хувь үлдсэнийг нь БНХАУ, БНСУ зэрэг улсаас нийлүүлж байна. Үр дүнд нь энэ сард бензиний нийлүүлэлт 90 мянган тонн давлаа. Энэ бол сайн хэрэг. Нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор евро 3-аас дээш стандарттай бензиний үнэ өндөр байгаад байна. Бид нийлүүлэлтээ эхэлж шийдэж, аж ахуй нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлж байж тухайн компаниуд үнэ бууруулах бодлого барина. Засгийн газар 100 сая ам.долларын баталгаа гаргаж өгье нийлүүлэлтээ нэм гэхээр байхгүй юмыг яаж дэмжих вэ гэдэг байсан. Иймээс Монголбанктай ярилцаж, Хөгжлийн банкаар дамжуулан 7 хувийн хүүтэй урт хугацаатай зээл гаргаж, нөөц бүрдүүлэх ажлыг дэмжиж байна. Өнөө шөнийн 12 цагаас эхлэн энгийн АИ92 бензиний үнэ 150 төгрөгөөр, Евро 3-аас дээш стандартын 92 бензин 1000 төгрөгөөр тус тус буурна" гэв.