Засгийн газрын ээлжит хуралдаанаар улсын ургац хураалтын явцын талаар мэдээлэл сонсжээ. ХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уг асуудлаар мэдээлэл өглөө.
Манай улс энэ онд нийт 1.4 сая тонн ургац хураан авчээ. Тодруулбал, 574.8 мянган тонн үр тариа хураан авснаас 519.8 мянган тонн улаанбуудай байна. Нийт 170 мянга орчим тонн төмс, 204.8 мянган тонн хүнсний ногоо, 394 мянган тонн тэжээлийн ургамал, 57 мянган тонн тосны ургамал хураасан байна. Хүн амын хэрэгцээний хувьд гурил болон төмсний хэрэгцээгээ 100 хувь, хүнсний ногооныхоо 80 орчим хувийг хангах бүрэн бололцоотой болжээ. Хураан авсан ургацын хэмжээ 1990-ээд оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.
ХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Засгийн газраас тариаланчдын өмнө тулгамдаад байсан зээлийн асуудлыг шийдвэрлэж, 910 иргэн, аж ахуйн нэгжид 139.7 тэрбум төгрөгийн эргэлтийн зээл олгосон. Мөн хаврын тариалалтын үеэр бензин шатахууны асуудал ид эхэлж байсан цаг үед аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг тасралтгүй явуулахын тулд 1245 иргэн, аж ахуйн нэгжид тухайн үеийн хамгийн бага үнээр буюу 3400 төгрөгөөр түлш олгосон. Инфляц хөөрөгдөж байгаагийн нэг шалтгаан нь хүнсний салбарын үнэ өсөж байгаатай холбоотой. 2026 оны төсвийн тодотголоор дотооддоо үйлдвэрлэдэг зарим бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах зорилгоор 120 сая орчим төгрөгийг баталсан. Ингэхдээ батлагдсан хөрөнгөөр дараах зүйлсийг хийхээр зорьсон.
Нэгд: Улаанбуудайн стратегийн нөөцийг 100 мянган тоннд хүргэж, газар тариалан эрхлэгчдээс ургац авъя.