БНСУ-ын тэргүүлэгч дижитал банк болох КакаоБанк М банкны хувьцаа эзэмших гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд КакаоБанк М банкны хувьцааны 15 хувийг эзэмших бөгөөд энэ нь зөвхөн хоёр улсын хоорондох хамтын ажиллагаагаар хязгаарлагдахгүй Монгол Улсын банк, санхүүгийн салбарт олон улсын технологи, инновац, дэлхийн тэргүүлэгч банкны сайн туршлагыг нэвтрүүлж, дижитал банкны хөгжлийг дараагийн шатанд гаргах чухал алхам болж байна.
КакаоБанк нь дэлхийн шилдэг 5 дижитал банкны нэг төдийгүй өдгөө 27 сая гаруй харилцагчтай, хөрөнгийн хэмжээ нь 60 тэрбум ам.доллар орчимд хүрсэн, БНСУ-ын хамгийн том бүрэн дижитал банк юм. КакаоБанк Зүүн өмнөд азийн орнуудтай стратегийн түншлэлээ өргөжүүлж, технологи, инновацын экосистемийг бий болгох зорилгоор Тайландын BankX, Индонезийн Superbank зэрэгтэй хамтын ажиллагаагаа эхлүүлээд байгаа бөгөөд Төв Азид хийх тэлэлтийнхээ гол гүүр болгож Монгол Улсын цор ганц бүрэн дижитал М банкийг сонгон стратегийн түншлэл хийж байна. Энэ нь КакаоБанкны олон улсад хийсэн гурав дахь томоохон стратегийн түншлэл болж байна.