Н.Энхбаяр: Инфляцыг тогтворжуулахын тулд нийлүүлэлтийн сүлжээг системтэйгээр бүрдүүлэх хэрэгтэй
Эдийн засагч Н.Энхбаяртай үнийн тогтвортой байдлын хүрээнд ярилцлаа.
-Монгол Улсын эдийн засаг түүхий эдээс хамааралтай, нийлүүлэлтийн сүлжээ сул, гадаад шоконд өртөмтгий байх онцлогтой. Ийм нөхцөлд үнийн тогтвортой байдлыг хангахад хамгийн чухал нөхцөл, бодлогын уялдаа юу байх ёстой вэ?
-Ирэх оны төсөв, мөнгөний бодлого бол эдийн засгийн гол шийдвэрүүдийн нэг. Засгийн газар, Сангийн яам, Монголбанкны бодлогын уялдаа чухал. Инфляц иргэдэд хамгийн мэдрэгддэг үзүүлэлт юм.Монгол Улс далайд гарцгүй, түүхий эдээс өндөр хамааралтай улс. Экспорт, импортын тээврийн зардал өндөр, нийлүүлэлт тогтворгүй. Бэлчээрийн мал аж ахуй улирлын онцлогтой, хавар-зуны эхэн хүртэл шинэ мах хомс, логистик, мэдээллийн систем сул. Хүнсний инфляц, ялангуяа махны үнийн өсөлтөд өндөр хувь эзэлдэг. Гадаад зах зээлийн шок, газрын тосны үнэ, геополитик гэх мэт, уур амьсгалын эрсдэл зэрэг удирдах боломжгүй хүчин зүйлс олон. Тиймээс инфляцыг нэг оронтой тоонд байлгах зорилт тавьсан ч богино хугацаанд бүрэн хянах хэцүү. Гол шийдэл нь дунд, урт хугацаанд ханган нийлүүлэлтийн сүлжээг (мах, шатахуун гэх мэт) системтэйгээр бүрдүүлэх явдал. Дотоодын нефть боловсруулах үйлдвэр 2028–2029 онд ашиглалтад орж, хэрэгцээний 30–40 хувийг хангах боломжтой. Энэ бүхэн нэг байгууллагын хүчээр биш, Засгийн газар, УИХ, хувийн хэвшил, банкуудын хамтын хүчин чармайлтаар шийдэгдэнэ.
-Манай одоогийн нөхцөлд нийлүүлэлтийн гаралтай үнийн дарамтыг хязгаарлах боломжтой гэж үзэж байна вэ?
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
-Дэлхийн банк, ОУВС, АХБ зэрэг байгууллагууд геополитик, уур амьсгал, шатахууны эрсдэлийг анхааруулж байна. Орос-Украйны дайн үргэлжилж, ОХУ-ын нефть боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгч, экспорт хориг үргэлжилсээр байна. Монгол найрсаг харилцааны улмаас одоогоор хоригт багтахгүй байгаа ч нөхцөл тогтворгүй. Зуд, эрчим хүчний станцуудын элэгдэл (50–60 жилийн настай) зэрэг дотоод эрсдэл ч өндөр. Мөнгөний бодлогын зорилтод нийлүүлэлтийн гаралтай үнийн дарамтыг хязгаарлах, ханган нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн тогтолцоо бүрдүүлэх тухай тусгасан. Энэ нь зөвхөн зээл олгохоос илүүтэйгээр үйлдвэрлэгч -боловсруулах-тээвэрлэх – агуулах - зах зээл гэсэн бүх үе шатыг стандарт, технологи, мэдээллийн системтэй холбох юм. Мөн орон нутгийн махны үйлдвэрүүдэд орчин үеийн савлагаа (вакуум, яс багатай), хөргөлттэй тээвэр, найдвартай агуулах нэвтрүүлэх. Бодит цагийн мэдээллийн урсгал (хэдэн тонн мах хаанаас хэзээ нийлүүлэгдэх) бий болгох, Улаанбаатар төвтэй хуучин нөөцлөх аргыг орхиж, бүс нутгийн сүлжээ, шаардлагатай үед импортын зохицуулалт хийх зэрэг бодлогын шийдлүүд нэн хэрэгтэй байна.
Зөвхөн Улаанбаатарын цөөн компанид дахин дахин зээл өгөх нь системийг сайжруулдаггүй. Стандартыг хангасан үйлдвэр, тээврийн компанид чиглэсэн хөнгөлөлттэй, ногоон санхүүжилт хэрэгтэй. JICA, Дэлхийн банкны судалгаанууд энэ чиглэлийг тодорхой харуулсан байгаа. Урт хугацаанд төслийн санхүүжилтийг өргөжүүлэх шаардлагатай. Төр бүх зүйлийг өөрөө хийх биш, мега төслүүдэд (нефть боловсруулах, эрчим хүч, дэд бүтэц) хувийн хэвшил, арилжааны банкуудыг идэвхтэй оролцуулах. Төрийн оролцоог 30–50 хувь хүртэл хязгаарлаж, үлдсэнийг зах зээлд нээлттэй зарлах, IFC-ийн жишгээр холимог санхүүжилт хийх нь зөв. Ингэснээр бизнесийн зээл өсөж, хэрэглээний зээл давамгайлах байдал өөрчлөгдөнө. 2028 оны сонгууль, таван жилийн төлөвлөгөө чухал цэг. Сонгуулийн мөрийн хөтөлбөр, Засгийн газрын хөтөлбөрт хувийн хэвшлийн оролцоо, төслийн санхүүжилтийн зарчмыг тодорхой тусгах хэрэгтэй. Богино хугацааны “яаруу” шийдлээс татгалзаж, нийлүүлэлтийн сүлжээг 5–6 жилийн төсөл болгон системтэйгээр бүрдүүлбэл инфляц тогтворжиж, эдийн засаг илүү тэсвэртэй болно.
-Зээлийн бүтцийг харахад хэрэглээний зээл давамгайлж, бизнесийн зээл харьцангуй бага хэвээр байна. Энэ харьцаа эдийн засгийн бүтцийн сул талыг илэрхийлж байгаа юу. Төслийн санхүүжилтийг яаж нэмэгдүүлж, хувийн хэвшил, арилжааны банкуудын оролцоог хэрхэн өргөжүүлэх боломжтой вэ?
-Энэ нь зөвхөн банкны дотоод асуудал биш. Үндсэн шалтгаан нь төр төслүүдийг эхнээс нь өөрөө бүрэн жолоодох гэж оролддогт оршино. Төмөр зам, газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг том төслүүдийг “улсын аюулгүй байдал” гэж үзээд төрийн өмчийн компаниар хийхээр оролдоход төрийн өрийн ачаалал огцом нэмэгддэг.
Зөв арга нь төрийн оролцоог 30–40 хувь хүртэл хязгаарлаж, үлдсэн хэсгийг хувийн хэвшил, арилжааны банкуудад нээлттэй зарлах явдал юм. Ингэснээр төслийн санхүүжилт өргөжиж, банкууд урт хугацааны тогтвортой төслүүдэд оролцох боломж нээгдэнэ. Үр дүнд нь бизнесийн зээл өсөж, хэрэглээний зээл давамгайлах байдал аяндаа засагдана.
Төр бүх зүйлийг өөрөө хийх биш, мега төслүүдийг (эрчим хүч, дэд бүтэц, нефть боловсруулах гэх мэт) зах зээлд нээлттэй зарлаж, банкууд, хувийн хөрөнгө оруулагчдыг урьж оролцуулах ёстой. Ийм тогтолцоо бүрдсэнээр зээлийн бүтэц зөв харьцаанд орно.
-Монгол Улсын эдийн засгийн бүтцийн онцлог, нийлүүлэлтийн сүлжээний сул тал, гадаад эрсдэлийг харгалзан үзвэл эдийн засгаа бүтцэлж, үнийн тогтвортой байдлыг хангахын тулд хамгийн чухал, нэн тэргүүний алхам юу байх ёстой вэ?
-Хамгийн чухал нь богино хугацааны “яаруу” арга хэмжээнээс татгалзаж, ханган нийлүүлэлтийн сүлжээг системтэйгээр бүрдүүлэх явдал юм. Мах, шатахуун зэрэг үнийн өсөлтөд хамгийн их нөлөөлдөг бүтээгдэхүүний үйлдвэрлэл, тээвэр, агуулах, мэдээллийн тогтолцоог стандартын дагуу сайжруулж, хувийн хэвшил, банкуудыг төслийн санхүүжилтээр идэвхтэй оролцуулах хэрэгтэй.
Төр бүх зүйлийг өөрөө хийх биш, мега төслүүдэд оролцоогоо хязгаарлаж, зах зээлд нээлттэй зарласнаар бизнесийн зээл өсөж, эдийн засаг илүү тэсвэртэй болно. Энэ ажлыг 5–6 жилийн урт хугацааны төсөл болгон хэрэгжүүлбэл инфляци тогтворжиж, иргэдийн амьжиргаанд бодит үр дүн гарна. Эцэст нь инфляцын зорилт зөвхөн мөнгөний бодлогоор биш, бодит салбарын нийлүүлэлтийг сайжруулснаар хэрэгжинэ.