“Рио Тинто” компанийн Монгол дахь стратегийн төслүүдийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Ричард Боулей Монголын улс төрийн нөхцөл байдал, авлига хээл хахууль, хөрөнгө оруулалтын орчны талаар хурц шүүмжлэлтэй байр суурь илэрхийлжээ.
Тэрээр өөрийн “LinkedIn” хуудсандаа нийтэлсэн бичвэртээ Монголын улс төрийн бүлэглэлүүдийн эрх мэдлийн төлөөх тэмцэл, авлига хээл хахууль хэрээс хэтэрснийг онцолж, энэ нь улс орныг дотроос нь мөхөөж буй дүр зураг бий болгож байна гэж үзсэн байна.
Тодруулбал, МАН-ын гишүүд, одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч нар, Ерөнхий сайд асан хүмүүс, өндөр албан тушаал хашиж буй сайд нарын хооронд өрнөж буй тэмцэл нь эрх мэдлийг атгагчид улсынхаа баялгийг завшиж буйг харуулж байна гэжээ.
Тэрээр “Яагаад ийм байдалд хүрэв?” хэмээн асуугаад, энэ бол Монголд хөрөнгө оруулах эсэхээ шийдэхийн өмнө хөрөнгө оруулагч бүрийн сайтар ойлгож, мэдээлэл авах ёстой асуудал гэдгийг онцолсон байна. Түүний үзэж буйгаар, Монголд хөрөнгө оруулахтай холбоотой эрсдэл одоогоор хөрөнгө оруулагчдын хүлээн зөвшөөрөх хэмжээнээс давжээ.
Мөн Монгол Улсад хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл (LLP) байгуулах, эсвэл түншлэлийн хэлбэрээр бизнес эрхлэхэд хөрөнгө оруулагчид төрийн тодорхой яамдтай харилцах шаардлагатай болдог аж. Энэ үед бизнесийн төрөл, оруулах хөрөнгийн хэмжээ, компанийн нэр хүнд, цар хүрээнээс шалтгаалан эрх мэдэл бүхий хүмүүсийн анхааралд өртөх магадлалтай гэж тайлбарлажээ.