Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрээр “Сүүлийн нэг сар гаруйн хугацаанд зарим нэг гэмт бүлэглэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төр, Ерөнхийлөгчийн институтийн эсрэг хэрээс хэтэрсэн дайралт хийж, Ерөнхийлөгчийн нэр хүндийг гутаан доромжилж, улмаар Монголын ард түмний нэр хүндэд халдсан үйлдэл гаргаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч гэсэн эрхэм хариуцлагатай албыг хашдаг хүн. Тиймээс Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдана гэдэг нь Монголын ард түмний нэр хүндэд халдаж буй хэрэг юм. Цаашлаад Монгол Улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаанд ч сөргөөр нөлөөлөх үйлдэл гэж үзэж байна.
Хүн үнэмшихийн аргагүй, онц ноцтой гэмт хэрэгт холбогдуулан намайг гүтгэж, доромжилж байна. Би хэсэг хугацаанд чимээгүй байж, нөхцөл байдлыг ажиглалаа. Гэвч хариуцлагатай албан тушаал хашиж байгаа хүний хувьд өнөөдөр ийнхүү мэдээлэл хийхээр шийдсэн юм.
Монгол Улсад хүн засаглахгүй, хууль засаглана. Хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй. Өчигдөр Ардчилсан намын бүлгээс Монгол Улсын Ерөнхийлөгч үүрэгт ажлаа өгч, үнэн мөнийг шалгуулан тогтоолгох ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн. Үүнтэй би санал нэг байна. Өөрийн хашиж буй албан тушаалаа хүлээлгэн өгч, өөртэйгөө холбоотой асуудлаар үнэн, худлыг шалгуулан тогтоолгох нь шударга ёсонд нийцнэ.