“Бодь Интернэшнл” ХХК болон 110 сая ам.долларын авлигын гэх хэрэгт нэр холбогдоод буй төрийн өндөр албан тушаалтнууд хууль хяналтын байгууллагаар шалгуулан нэр төрөө сэргээлгэх зорилгоор нэг нэгээрээ өөрсдийн хүсэлтээр ажлаа өгч байна. Энэ дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр ч үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхий сайдад өгөхөө мэдэгдэв.
Тэрээр " Монгол Улсын ерөнхийлөгч үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж иргэн болж байгаад нэр төрөө сэргээлгэнэ гэж байна. Би төрийн тэргүүний энэхүү манлайллыг үлгэрлэх ёстой гэж бодож байгаа. Иймээс Ерөнхий сайдтай уулзаж, ЗГХЭГ-ын дарга, сайдаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, нэр төрөө сэргээлгэнэ гэдгээ хэлээд гарч ирлээ. Би энэ бол гүтгэлэг гэж маш олон удаа хэлсэн. Өнгөрсөн хавар Д.Оюун-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайдын ажлыг авах гэж энэ гүтгэлийг тараасан. Тэр зорилгодоо ч хүрсэн. Тэдэнд гүтгэлэг байх нь огт хамаагүй. Одоо дахиад л чи сайдын ажлаа өг гээд байгаа биз. Төрийн тэргүүн ажлаа өгч байхад би ч гэсэн сайдынхаа ажлыг өгч байгаад нэр төрөө сэргээлгэнэ" гэв.