УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Оюу толгойн ногдол ашиг болох 3 их наядаас иргэн бүрд 857,000 төгрөг олгох 100 мянган иргэний саналыг хэлэлцлээ.
100 мянган иргэн дэмжин гарын үсэг зурсан учраас ийнхүү УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэж байгаа бөгөөд байнгын хорооноос 11 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж байна. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл ажиллах бол бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Б.Жавхан, Б.Заяабал, О.Номинчимэг, Ц.Баатархүү, С.Замира, Б.Бат-Эрдэнэ, Г.Лувсанжамц, П.Батчимэг, А.Ундарааа, Г.Уянгахишиг нар багтлаа.
Ажлын хэсэг Үндэсний баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах аж. Учир нь одоогийн хуулиар иргэдэд Оюу толгойн ногдол ашгийг бэлнээр олгох боломжгүй. Тиймээс хууль эрх зүйг өөрчилж байж, ногдол ашиг тараах юм.
Гэхдээ хэлэлцүүлгийн явцад Оюу Толгойн ногдол ашиг нэг дор бус гурав хувааж олгоно гэдгийг албаныхан хэллээ.