Ерөнхийлөгч бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байхад өөрийн хүсэлтээр ажлаа өгөх болсон нь Монголын улс төрийн түүхэнд байгаагүй үйл явдал болов.
Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд хашиж байсан албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байгаа нь дөрөв дэх удаагийн явдал. Ингэх бүрдээ тэрээр тухайн албан тушаалаасаа бүр өндөр албан тушаалд эргэн ирдэг.
2012 он. УИХ-ын сонгуулиар МАН-ын жагсаалтын хоёрдугаарт бичигдэж УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Ингээд тухайн жилийнхээ арваннэгдүгээр сарын 1-нд УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгч байв. Тухайн үед эхнэрийнх нь бие муу байгаа учраас ажлаа өгч, асарна хэмээн тайлбарлаж байсан юм.
2017 он. У.Хүрэлсүх 2014 онд Австрали улсаас эх орондоо буцан ирж Монгол Улсын Шадар сайдаар томилогдсон. Улмаар 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулж, Засгийн газраа байгуулахад Шадар сайдаар улиран томилогдсон. Тэр үед Шадар сайд байсан У.Хүрэлсүх үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор Ерөнхий сайдад хүргүүлсэн. Өргөдөлдөө тэрээр "Ж.Эрдэнэбатын улс төрийн бохир үйл ажиллагаатай эвлэрч чадахгүй" гэж бичиж байж. Үүний дараа удалгүй, 2017 оны есдүгээр сарын 7-нд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулж, аравдугаар сард нь өөрөө Ерөнхий сайдаар томилогдож байв. Ерөнхий сайд болсон тэрээр 2017 оны арваннэгдүгээр сарын 21-нд МАН даргаар сонгогдсон. Ингээд 2021 оны нэгдүгээр сар хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдаар ажилласан юм.