Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогтын дэвшүүлж буй мөнгөний бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэх, Төв банкны санхүүгийн бие даасан байдлыг бэхжүүлэх, төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах шинэчлэлийн саналуудыг Засгийн газар дэмжиж, хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ.
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлж байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр /2026.11.16/ уг төсөлтэй танилцаж, Монголбанкны санал болгож буй бодлогын шинэчлэл, тэдгээрийг хэрэгжүүлэх арга замын талаар санал солилцов.
Төв банкны хуримтлагдсан алдагдлыг шийдвэрлэж, санхүүгийн бие даасан байдлыг бэхжүүлнэ
Монголбанк 2012–2025 оны хугацаанд 6.9 их наяд төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай болж, өөрийн хөрөнгийн дутагдал 4.8 их наяд төгрөгт хүрээд байна. Үүнд өнгөрсөн хугацаанд Төв банкаар дамжуулан хэрэгжүүлсэн төсвийн шинжтэй хөтөлбөрүүд нөлөөлсөн бөгөөд 2012 оноос хойш нийт 15.8 их наяд төгрөгийн ийм төрлийн санхүүжилт олгожээ.Энэхүү бүтцийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Монголбанк Засгийн газрын урт хугацаат тусгай үнэт цаас гаргаж, Төв банканд эзэмшүүлэх санал дэвшүүлснийг Ерөнхий сайд Н.Учрал дэмжлээ.
Уг саналын хүрээнд жил бүр 1.5 их наяд төгрөгийн, 25 жилийн хугацаатай тусгай үнэт цаас гаргахаар төлөвлөсөн бөгөөд эхний таван жилд үндсэн болон хүүгийн төлбөр хийхгүй байхаар тооцжээ. Ингэснээр 2027–2031 онд улсын төсвөөс шууд зардал гарахгүйгээр Төв банкны санхүүгийн чадавхыг сэргээх нөхцөл бүрдэх юм.