Арваннэгдүгээр сарын 16-17-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.
Тодруулбал, арваннэгдүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь аймгийн ихэнх нутаг, Архангай, Булган, Сэлэнгэ аймгийн зарим хэсэг болон Дорноговийн өмнөд, Дундговь, Төв аймгийн баруун сумдын нутгаар цас орно.
Харин 16-ны өдөр Хөвсгөлийн зарим нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн хойд, Дорноговийн өмнөд хэсэг болон Завхан, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Дундговь, Төв аймгийн ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна. Мөн 16-17-нд шилжих шөнө Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн хойд, Төв аймгийн өмнөд хэсгээр, 17-ны өдөр Төв аймгийн өмнөд, Дорнод, Сүхбаатарын баруун, Дундговь, Дорноговь, Хэнтийн нутгаар цасан шуурга шуурна.
Түүнчлэн арваннэгдүгээр сарын 17-нд Сүхбаатар, Дорнодын ихэнх нутаг, Төв, Сэлэнгэ, Дундговийн зүүн, Хэнтий, Дорноговийн зарим хэсгээр, 18-20-нд Сэлэнгэ, Хэнтийн хойд болон Дорнодын зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна.
Салхи 16-ны өдөр нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр хүрнэ. Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүсэх бол 17-нд говь, тал, хээрийн нутгаар, 18-нд тал, хээрийн нутгаар, 19-20-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.