Хотын дарга асан Х.Нямбаатар долоо хоног бүрийн бямба гарагт өөрийн цахим хуудсандаа шууд дамжуулалт хийж, улс төрчидтэй холбоотой асуудлыг ярих болсон. Тухайлбал, өнгөрсөн бямба гарагт тэрээр "Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын гүйцэтгэгчийг хууль бусаар шалгаруулсан бөгөөд үүнд оролцсон албан тушаалтнууд их хэмжээний авлига авсан. Нэр бүхий дарга нарын авлигын мөнгийг 0079 УБЧ, 0047 УНЧ улсын дугаартай автомашинаар А.Амундра зөөдөг байсан" гэх мэдээллийг өгсөн юм. Энэ асуудлаар УИХ-ын гишүүд өөр өөрсдийн байр суурийг илэрхийлж байна. УИХ-ын гишүүн Ө.Шижир сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ дараах байр суурийг илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ө.Шижир "Х.Нямбаатар УИХ-д гурван удаа сонгогдож, Хууль зүйн сайдаар ажиллаж байсан хүн. Түүнд бүх мэдээлэл нь байгаа байх. Хаа байсан тэндээс янз бүрээр ярьж байхаар өөрөө ирээд шалгуулах хэрэгтэй. Хэрэв хууль зүйн салбар болж бүтэхгүй болсон бол үүнд өөрийнх нь оролцоо байгаа л гэсэн үг. Ер нь МАН-ын төрийн эрх мэдэл булаацалдаж байгаа байдал Монгол Улсыг хөлдөө чирж байна. Бидний харж байгаагаар тэд төрийн өмчит компаниудын асар их хөрөнгө, татвар төлөгчдийн мөнгөн дээр хэрхэн туульснаа дэлгэж байна. Арваад жилийн өмнө МАН 60 тэрбумын схем угсраад үүнийгээ гайхаж байсан. Одоо хэдэн их наядаар ярьдаг болчихоод гайхахаа больчихжээ. Энэ асуудалд нэр холбогдож байгаа бүх хүн ажлаа өгөөд хуулийн байгууллагад шалгуулах хэрэгтэй. Нэгнээсээ өшөө авах, эсвэл нэгнийгээ дарахын тулд ээлжилж ярьж байгаа нь хамгийн муугаар хэлэхэд гэмт хэргийг нуун дарагдуулсан хэрэг. Үнэхээр гэрч нь байгаа юм бол гэрчээс мэдүүлэг авах хэрэгтэй. Хоёр талд гарчихаад, дундаа хуулийн байгууллага руу чулуугаа шидээд байж болохгүй. Тэр хэргүүдээ мэдэж байгаа бол ил тод ярих хэрэгтэй. Сүрдүүлж айлгаад ч байгаа юм уу, шантаажлаад ч байгаа юм уу, ийм утгагүй байж болохгүй. Ер нь сүүлийн хоёр жил МАН улс төрийг утгагүй болгож дууслаа. Манай намын бүлгээс "Бодь"-ийн асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулна. Б.Түвшин гишүүн албан бланк дээрээ гишүүдийн гарын үсгийг цуглуулна" гэв.