Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг чөлөөлөх асуудлыг энэ 7 хоногийн УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр хэлэлцэх асуудлын дараалалд дахин оруулжээ. Т.Жамбаажамцыг УИХ-ын дарга шахаж ажлыг нь өгүүлж байгаа бөгөөд түүний оронд өөрийн хүн гэгддэг одоогийн УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ц.Одхүүг томилно гэсэн мэдээлэл бий.
СЗХ-ны дарга Т.Жамбаажамц энэ сарын 2-нд өргөдлөө өгч, УИХ 6-нд хэлэлцээд өргөдлийг хүлээж аваагүй. Тиймээс өнгөрсөн 7 хоногт уг асуудлыг дахин хэлэлцэхээр оруулсан ч МАН-ын зарим гишүүн хойшлуулах санал гаргаж, "хэрвээ хэлэлцвэл дахин унагаж харуулна шүү" гэсэн учраас хэлэлцээгүй байна.УИХ-ын дарга С.Бямбацогт сонгогдсоноосоо хойш анх удаа СЗХ-ны даргыг чөлөөлөх асуудлыг УИХ-даа оруулж хэлэлцүүлсэн ч олонх нь дэмжээгүй. Уг нь УИХ-ын дарга гэдэг бол парламентын ангийн дарга, төрийн гурван өндөрлөгийн нэг. Гэтэл анхны асуудлаа оруулж ирээд танхимаасаа дэмжлэг авч чадаагүй. Гэхдээ үүнээс хойш 2 7 хоног дараалан СЗХ-ны дарга Т.Жамбаажамцыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулж байна. Харин энэ 7 хоногт хэлэлцүүлж, Т.Жамжаажамцыг чөлөөлж чадах уу.
Т.Жамбаажамцыг Д.Амарбаясгалан УИХ-ын дарга байхдаа буюу 2025 оны нэгдүгээр сарын 16-нд бүрэн эрхийнхээ хүрээнд СЗХ-ны даргад нэр дэвшүүлэн томилж байсан юм. Харин түүний томилсон хүнийг С.Бямбацогт дарга чөлөөлөх гээд олонхоо бүрдүүлж чадаагүй, санал нь унасан.