Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монголбанкны 2027 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлтэй танилцаж, инфляцыг бууруулах, мөнгөний бодлого болон төсвийн бодлогын уялдааг хангах, Төв банкны алдагдлыг шийдвэрлэх чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар байр сууриа илэрхийллээ.
Уулзалтад Сангийн сайд З.Мэндсайхан, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт болон УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал нар оролцлоо.
Монгол Улсын инфляц 2026 оны аравдугаар сарын байдлаар 13.4 хувьд хүрсэн бол эдийн засаг 7.6 хувиар өсөхөд өрхийн бодит орлого 4.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Өрхийн бодит орлогын өсөлт сүүлийн жилүүдэд саарч, инфляцын өсөлт иргэдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлж байгааг Ерөнхий сайд онцоллоо.
Тэрбээр сүүлийн 15 жилийн хугацаанд инфляц Монголбанкны зорилтот түвшинд хүрсэн нь ердөө таван жил байсныг дурдаад, үнийн тогтвортой байдлыг хангахын тулд мөнгөний болон төсвийн бодлогын уялдааг сайжруулах шаардлагатайг тэмдэглэв.
Монголбанкны танилцуулгаар, төв банкны үнэт цаасны үлдэгдэл 15.5 их наяд төгрөг, 2012-2025 оны хуримтлагдсан алдагдал 6.9 их наяд төгрөгт хүрчээ. Харин Монголбанкны өөрийн хөрөнгийн дутагдал 4.8 их наяд төгрөг байна.