Монгол Улсын Их хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Х.Нямбаатар нь гадаад улсаас хувийн цахим хаягаараа дамжуулан ор үндэслэлгүй, илт худал ташаа гүтгэлэг зориуд түгээн хувийн хэвшил, хувь хүмүүсийн нэр хүндэд эрээ цээргүй халдаж байгаад харамсаж байна.
Бодь Интернэшнл ХХК нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор бүтээн байгуулалтыг 2013 онд батлагдсан төсвийн дагуу 2019-2022 онд хэрэгжүүлсэн бөгөөд төслийн захиалагчаас шилжүүлсэн 286 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөрийг зориулалтын дагуу зарцуулсан нь ажлын гүйцэтгэл, санхүүгийн гүйлгээ, дансны хуулгаар батлагдаж байгаа болно. Мөн төслийн явцын дунд өртгийг нэг ч төгрөгөөр нэмэгдүүлээгүй нь баримтаар нотлогддог, зөрүү гэх олон сая ам.долларыг зохиомлоор нэмсэн асуудал огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Тус төслийн нийт өртөг нь 450-480 сая ам.доллар байсан гэх ямар нэг албан ёсны хөндлөнгийн дүгнэлт огт гарч байгаагүй.
Иргэн Х.Нямбаатарын мэдээлэлд дурдагдсан машины зураг, цүнхтэй мөнгө, 4,7 сая ам.долларын гадаад шилжүүлэг гэх мэт зүйлс нь баримт нотолгоогүй, олон нийтийг зориуд төөрөгдүүлэх зорилготой мушгин гуйвуулсан зохиомол яриа, илт гүтгэлэг юм.
Тухайн мэдээлэлд дурдагдсан 110 сая ам.долларыг нэр бүхий төрийн өндөр албан тушаалтан, албан хаагчдад бэлнээр авлига болгон өгсөн гэх мэдээллийг эрс няцааж байна. Төслийн санхүүжилт нь гэрээний дагуу бүтээн байгуулалтын ажилд бүрэн зарцуулагдсан. Ийм хэмжээний хөрөнгийг төслөөс гаргах нь санхүүжилтийн ноцтой дутагдал үүсгэж, бүтээн байгуулалтын ажлыг гацааж, зогсоох хэмжээний үр дагавартай, техник болон санхүүгийн ямар ч боломжгүй зүйл юм.