Шатахууны үнэ нэмэгдэхэд өргөн хэрэглээний бараа үнэ өсдөг бичигдээгүй хууль манай улсад бий. Энэ дагуу сүүлийн саруудад хүмүүсийн өдөр тутамдаа хэрэглэдэг мах, гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ эрчимтэй өсөж, айл бүрийн амьдралд нөлөөлж байна. Гэхдээ үнийн өсөлт энэ хүрээд дууссангүй. Удахгүй талх, нарийн боовны үнэ ч бүр илүү нэмэгдэх эрсдэлтэй байна.
Аравдугаар сарын инфляц 13.4 хувьд хүрэхэд мах, бензиний үнийн өсөлт голлон нөлөөлсөн. Гэхдээ зөвхөн үүгээр хязгаарлагдсангүй. Талх, гурил, будааны бүлгийн үнэ улсын хэмжээнд жилийн өмнөхөөс 10 хувиар нэмэгдэв. Тэр дундаа гоймонгийн үнэ 26.3 хувиар, гурил болон түүнтэй төстэй бүтээгдэхүүний үнэ 12.7 хувиар өссөн байна. Ойрын жишээ авахад иргэдийн өдөр тутам хэрэглэдэг “Атар” талхны үнэ оны эхээр 2,695 төгрөг байсан бол зун буюу зургаадугаар сард 2,916 төгрөгт хүрсэн. Энэ нь жилийн өмнөхөөс 13.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Зургадугаар сараас хойш үнэ бараг өөрчлөгдөөгүй бөгөөд энэ сарын 9-ний байдлаар нэмэгдэж, атар талх 2922 төгрөг, мишээл талх 3,929 төгрөг, хар талх 2,842 төгрөгийн үнэтэй байна.
Талхны үнийн өсөлтийг зөвхөн гурилын үнэтэй холбон тайлбарлах боломжгүй. Учир нь талх, нарийн боовны үйлдвэрлэлд түүхий эдээс гадна хөдөлмөр, шатахуун, цахилгаан, дулааны зардал чухал нөлөөтэй. Статистикаас харахад үндсэн түүхий эдийн хувьд хомсдол үүсэх эрсдэл харьцангуй бага байна. Учир нь энэ онд улсын хэмжээнд улаанбуудайн ургац өмнөх оныхоос 229.6 мянган тонн буюу 85.8 хувиар нэмэгдсэн. Гурилын үйлдвэрлэлд нийт 323.1 мянган тонн улаанбуудай нийлүүлэхээр байгаа нь жилийн хэрэгцээ болох 320 мянган тонноос давж байгаа юм. Мөн Засгийн газар улаанбуудай, хүнсний ногоо, шатахууны нөөц бүрдүүлэхэд 150 тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэвч үйлдвэрлэлийн бусад зардлын өсөлт талх, нарийн боовны үнэд нөлөөлөхөөр байна. Тодруулбал, манай улсад бензиний үнэ эрчимтэй өсөж байна. АИ-92 бензиний нэг литрийн дундаж үнэ аравдугаар сард өмнөх сарынхаас 406 төгрөг буюу 13.3 хувиар нэмэгдэж, 3,446 төгрөгт хүрсэн бол энэ сарын 9-ний байдлаар 3,592 төгрөг болж, аравдугаар сарын дунджаас дахин 4.3 хувиар өсжээ. Үүний нөлөөгөөр тээврийн бүлгийн үнэ жилийн өмнөхөөс 19.3 хувиар, өмнөх сараас 4.2 хувиар нэмэгдсэн байна.