Засгийн газар энэ өвөл цахилгаан, дулааны үнийг нэмэхгүй гэж олон нийтэд мэдэгдсэн. Үүний тулд эрчим хүчний үнийн өсөлтийг өрхөд үүрүүлэхгүй байх болон засвар шинэчлэлд 186.2 тэрбум төгрөгийг 2026 оны төсвийн тодотголоор шийдвэрлэсэн. Гэтэл ЭХЗХ-ноос энэ сарын 1-нээс гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг бууруулах шийдвэр гаргасан. Ингэснээр өнгөрсөн жил 220В-ын сүлжээнд холбогдсон айлын шөнийн 1,500 кВт.ц, 380В-ын айлын 3,000 кВт.ц хүртэлх хэрэглээг 100 хувь, хязгаараас давсан хэрэглээг 50 хувь хөнгөлж байсан бол энэ жил хоёулангийнх нь хязгаарыг 1,500 кВт.ц болгож, түүнээс давсан хэрэглээнд хөнгөлөлт үзүүлэхгүй болсон. Ингэснээр 380В-ын айлын хөнгөлөх хязгаар хоёр дахин багасч, их хэрэглээтэй айлуудын 50 хувийн хөнгөлөлт бүрмөсөн хасагдсан юм. Уг асуудалтай холбоотойгоор Ерөнхий сайд Н.Учрал ЭХЗХ-ны удирдлагад хатуу шаардлага тавьж, асуудлыг яаралтай шийдвэрлэх үүргийг Эрчим хүчний сайд Б.Найдалаа болон салбарын удирдлагуудад өглөө.
Ерөнхий сайд Н.Учрал "Би дулаан, цахилгааны үнэ нэмж чадахгүй. Үнэ нэмчихээд ард иргэдийг яаж амьдар гээд байгаа юм. Цалин хөлс чинь амьдралд нь хүрэхгүй байна. Арваннэгдүгээр сарын 1-нээс тэтгэвэр нэмээд ч өрхийн орлогыг хамгаалж чадахгүй байна. Дээрээс нь дулаан цахилгааны үнэ нэмж болохгүй гэдэг Засгийн газрын улс төрийн шийдвэр гарсан шүү. Тэгээд төсвийн тодотголд тусгасан. Би өмнө нь уулзахдаа ЭХЗХ-ын даргад хатуу анхааруулсан. Би үүнийг зохион байгуулалттайгаар хорлон сүйтгээд байна уу гэж хардаад байгаа шүү. Яагаад санаатайгаар шөнийн тарифын хөнгөлөлтийг буулгаж байгаа юм. Та нар яг юу гэж ойлгоод байгаа юм. Тохироо биз дээ. Тэр үед Шадар сайд болон Б.Найдалаа сайд байсан" гэв.