Засгийн газар ирэх оны төсвөө УИХ-аар батлуулж аваад танхимдаа сэлгээ хийнэ гэсэн мэдээлэл гараад удаж байгаа. Тэгвэл УИХ 2027 оны төсвийн хуулийг баталмагц Батлан хамгаалахын сайд Д.Батлут өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байгаагаа мэдэгдэв.Үндсэн хуульд зааснаар Ерөнхий сайд танхимын сайд нараа томилж, чөлөөлөх эрхтэй. Тиймээс Д.Батлут сайдын өргөдлийг Ерөнхий сайд Н.Учрал цохсоноор чөлөөлөгдөнө. Тэгвэл өмнө нь ярьж байсанчлан Д.Батлут сайдын оронд Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаярыг сэлгэн томилох шийдвэр албан бусаар гарчээ. Харин Эдийн засаг хөгжлийн дараагийн сайдад хэд хэдэн хувилбар ярьж байгаа бөгөөд эцэслэн шийдээгүй талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Тэргүүн шадар сайд буюу Эдийн засаг хөгжлийн сайд туршлагатай, мэдлэг чадвартай байх ёстой гэж үзэж байгаа бөгөөд одоогийн байдлаар УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Ж.Ганбаатар нарын нэгийг томилохоор ярьж байгаа гэнэ. Уг нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг Эдийн засаг хөгжлийн сайдаар томилно гэсэн мэдээлэл гарч байсан ч одоогийн ярьж байгаа хүмүүст дунд түүний нэр байхгүйг эх сурвалж мэдээллээ.