Б.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ нарын хулгайч бишээ нотлох хэрүүл дахин сэдрэв
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр болон Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нар “Бодь интернэшнл” компанитай холбоотой төмөр замын санхүүжилт, 110 сая ам.долларын асуудлаар цахим хуудсаараа дамжуулан харилцан байр сууриа илэрхийллээ. Үндсэндээ жил гаруйны өмнө яригдаж эхэлсэн хулгай бишээ нотлох тэдний хэрүүл нийгмийн сүлжээнд дахин сэдрэв.
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өөрийн цахим хуудсаараа дамжуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаярын “Бодь интернэшнл” компанитай холбоотой 110 сая ам.долларын асуудлаарх байр сууриа илэрхийлсэн.
Тэрээр Б.Энхбаярыг уг асуудлаас эмээж байна хэмээн шүүмжилж, 110 сая ам.долларын санхүүжилт Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулагдаагүй гэх байр сууриа илэрхийлсэн байна. Мөн холбогдох материалыг Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн гэдгээ дурдаад, УИХ-ын дэргэд түр хороо байгуулж, гэрчүүдийг оролцуулсан нээлттэй сонсгол зохион байгуулахыг Шадар сайд Н.Номтойбаяраас шаарджээ. Түүнчлэн Б.Энхбаяртай холбогдох асуудлаар шүүхэд уулзана гэдгээ мэдэгдэж, түүнийг Засгийн газрын үйл ажиллагаанд саад болж байна хэмээн шүүмжилсэн байна.
Үүний дараа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр мөн цахим хуудсаараа дамжуулан хариу байр суурь илэрхийлжээ.
Б.Мөнхзул МУБИС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Б.Энхбаяр:
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын санхүүжилтэд зориулан 110 сая ам.доллартай тэнцэх төгрөг шилжүүлэх шийдвэр 2019 онд гарсан бөгөөд тухайн үед Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан. 2021 оны зургаадугаар сарын 23-ны өдөр бол шинэ Ерөнхийлөгч сонгогдоод тангаргаа өргөж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэхээс 2 хоногийн өмнө амжиж Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ хоёрын “чоно борооноор” хийсэн ажил. Төмөр замыг төрийн нууцад авч, нүүрс урьдчилан борлуулах замаар Бодь интернейшнлтэй шууд гэрээ байгуулсан. Гэрээний дүнг нь хар. Л.Оюун-Эрдэнэ дандаа өөрийнхөө хулгайг гөлөг төөрүүлэх гэж өөр бусад руу иш үндэсгүй нялзааж худал ярьдаг сэтгэцийн асуудалтай хүн. Баримт худалд ялагддаггүй…
Харин Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ!
Гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг шиг мань хүн энэ сэдвээс их эмээнэ. Арга ч үгүй л дээ. Материалыг нь судалж ойлгочихоод, Бодийг-Бортээг болгож хувиргаад шагналд нь сая доллар авчихсан хүн.
Сая мэдэгдэл хийхдээ Бодийн 110 сая доллар валютаар биш, 286 тэрбум төгрөгөөр шилжсэн гэв. Одоо бүр сандарвал манай богино могой гэрээг нь хийхдээ ингэж бодоогүй гэх нь л дээ.
Мөнгө мөртэй, эрх мэдэл хязгаартай шүү, Б.Энхбаяр аа!
Одоохондоо энэ сэдвийг хуулийнхан дээр хүчээр барьж байгаа ч, 110 сая ам.доллар төмөр замд зарцуулагдаагүй баримт устахгүй ээ! Орлуулж болохгүй!
Худал хурдан ч үнэнд гүйцэгдэнэ...!
АТГ-т өгсөн материалыг тоолж, бас өргөж үзмээр байвал Н.Номтойбаяр Шадар сайдынхаа ширээний нүдэнд 6 сар дарагдсан түр хороо байгуулах тогтоол дээр гарын үсэг зураад Улсын Их Хуралд оруулчих!
Парламент дээр гэрчүүдээ дуудаад, бичлэгээ ч нээлттэй сонсоод, олон нийтийн өмнө ярилцацгаая!
Н.Номтойбаяр миний хөгшин ч одоо наад сонсголоо хий, эсвэл боль!
УИХ-ын гишүүд бланк олж зурахгүй байна гэдэг нэг л ядмаг, чамд зохихгүй тайлбар болсон. Сайд болчихсон чинь хүнд байна гээд үнэнээ хэлчих ээ.
Б.Энхбаяр аа, учиргүй үнэнч хүн болж жүжиглээд бас хэрэггүй! Солигддог тоглоом шиг хуурмаг дүр чинь аль эрт илчлэгдсэн! Нэг нүүрний дор хоёр амьдралаар амьдраад хэрэггүй!
Хаана байна вэ, тэр Оюу толгойн 20 сая? Хаана байна вэ, нөгөө хил дээр зарсан газрууд?
Хаана байна вэ, хүн алаад чандарласан асуудал?
Бодийг хаацайлж мөнгө олж, албан тушаал ахисан шиг, 14 давхарын дээрэм гэж байгаад Эрдэнэтийн 6 сая долларын авилгын асуудлыг хааж, ял наймаалцаж, дундаас нь мөнгө хуссан асуудал чинь ч бас удахгүй тодорхой болно.
Хаяг дээрээ байхгүй гэж зугтахгүйгээр нэхэмжлэлээ аваарай. Шүүх дээр уулзацгаая!
Олонх болчихоод цөөнхтэй хамтарлаа, Б.Чимид багшийн Үндсэн хуулийн зарчмыг зөрчлөө гэсээр байгаад хамтарсан Засгийн газрыг унагаасан. Одоо улс орноо хар, эдийн засгаа хар!
Ялсан, 35 хувийн рейтингтэй намыг бүрэн эрхийн хугацаатай нь хүлээлгэж өгсөн. Өнөөдөр хэдэн хувь болж буурсан байгааг эрхэм ХЭГ-ын сайд та мэдэх үү?
“Зөв хүн – Электорат” хөдөлгөөн улс төрийн даалгавраа биелүүлж, энэ намыг хагалж дуусгаж байх шиг байна. Одоо хангалттай биш үү?
ХЭГ-ын сайдыг би ч хийж байсан. ЕС-аа дэмжиж, улсын ажлыг урагшлуулдаг алба болохоос хов зөөж, хоолойг нь боодог алба биш шүү!
Өнөөдөр харамсалтай нь чи биш, ЕС Учрал чиний өмнөөс ХЭГ-ын ажлыг хийж байна.
Түүнчлэн, өнгөрсөн даваа гарагт АТГ-аас мэдээлэл хийхдээ одь Интернэшнл ХХК-ийн 2020-2025 оны аудитлагдсан тайланг авч шалгахад 110 сая доллар буюу их хэмжээний валют бэлнээр зарлагадсан баримт тогтоогдоогүй гэж мэдээлсэн.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Баянтүмэн: Эрдэнэс Тавантолгой, Тавантолгой төмөр зам болон Бодь Интернэшнл компанийн хооронд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын санхүүжилттэй холбоотой 110 сая долларын авлига тараасан гэх мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотойгоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Бодь Интернэшнл компанийн 2020-2025 оны санхүүгийн үйл ажиллагаанд олон улсын аудитын эрх бүхий хоёр компаниар хяналт шалгалт хийлгэсэн тайланг гаргуулан авч, санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа. Шалгалтаар 110 сая долларын урьдчилгаа төлбөрийн гүйлгээ хийгдсэн гэх баримт тогтоогдоогүй. Харин урьдчилгаа төлбөрт 286 тэрбум төгрөг шилжүүлсэн гүйлгээ бүртгэгдсэн. Тиймээс олон нийтийн дунд яригдаж буй 110 сая долларыг бэлнээр авч, бусдад тараасан гэх мэдээлэл одоогийн мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй, үндэслэлгүй байна.