Эрчим хүчний салбар өвлийн оргил ачааллыг давахад бэлэн үү
Эрчим хүчний салбарын удирдлагууд өвлийн оргил ачааллын үеийн бэлтгэл ажил болон салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Мэдээллийн үеэр нийт 19 турбин генераторын ашиглалтын хугацаа дууссан талаар танилцуулсан юм. Зарим тоног төхөөрөмж 1960 оноос ашиглалтад орж, өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа аж. Мөн салбарын ажилчдын дундаж цалин 4 сая 570 мянган төгрөгт хүрснийг салбарын сайд танилцуулав. Цалин хөлсийг өнгөрсөн долдугаар сард 10 хувь, аравдугаар сард таван хувиар тус тус нэмэгдүүлжээ.
Харин Эрчим хүчний зохицуулах хорооны төлөөлөгч н.Эрдэнэбулган 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланд үндэслэн салбарын санхүүгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм. Түүний танилцуулснаар эрчим хүчний салбарт нийт 118 тусгай зөвшөөрөл эзэмшигч компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээр компани 2025 онд нийт 225.7 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Үүнээс сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр 11 компани үйл ажиллагаа явуулж байгаа аж. Нарны цахилгаан станцууд нэг киловатт цаг цахилгаан эрчим хүчний тарифаа 12-17.3 центээр, салхин цахилгаан станцууд 9.4-9.5 центээр тогтоолгожээ. Эдгээр компани 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайлангаар нийт 103.3 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан дүн гарсан байна.
Түүнчлэн эрчим хүчний салбарын ажиллах хүч, орон тооны нормын асуудлыг хөндлөө. 2020 онд Санхүүгийн зохицуулах хорооноос салбарын орон тооны нормын жишиг үзүүлэлтийн талаар судалгаа хийж, танилцуулж байсан бол уг нормыг батлах асуудлыг Эрчим хүчний яам хариуцах юм. Мөн энэ үеэр эрчим хүчний салбарын удирдлагууд өвлийн оргил ачааллын үеийг хүндрэлгүй даван туулахын тулд бэлтгэлээ хэрхэн хангасан, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ болон нүүрсний нөөцийн бүрдүүлэлт ямар түвшинд байгааг танилцууллаа.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Эрчим хүчний сайд Б.Найдалаа: Өнөөдрийн байдлаар Монгол Улсын цахилгаан эрчим хүчний 38 хувийг хувийн хэвшлийн компаниуд, 62 хувийг төрийн өмчит компаниуд үйлдвэрлэж байна. Гэхдээ хоёрхон жилийн дараа энэ харьцаа эсрэгээрээ өөрчлөгдөх төлөвтэй байгаа. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний салбарын үйлдвэрлэл хувийн хэвшил рүү шилжиж байна гэсэн үг. Хэдийгээр төрийн өмчит компаниуд нийт эрчим хүчний 62 хувийг үйлдвэрлэж байгаа ч 53 хувийг л авдаг. Харин хувийн хэвшлийн компаниуд үйлдвэрлэлийн 38 хувийг бүрдүүлж байгаа атлаа 47 хувийг авдаг.
Өнөөдрийн байдлаар эрчим хүчний салбарт нийт 27 төрийн өмчит компани үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс бид эдгээр компанийн цаашдын эзэмшил, өмчлөлийн асуудлыг тодорхой болгох төсөл боловсруулж байгаа. Тухайлбал, аль компаниудыг төрийн мэдэлд хэвээр үлдээх вэ, алийг нь хувьчлах вэ гэдгийг нарийн тодорхойлсон бодлого гарна. Ингэснээр цаашид эрчим хүчний салбарын үр ашгийг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах, үйл ажиллагааны доголдол, хүндрэл үүсэхээс сэргийлэх зэрэг асуудлыг цогцоор нь шийдвэрлэх боломж бүрдэнэ. Энэ удаад бид хувьчилсан шиг хувьчлах болно.
Диспетчерийн үндэсний төвийн Гүйцэтгэх захирал Г.Балжинням: Манай компани эрчим хүчний салбарын технологийн удирдлагыг хариуцан, 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг. Энэ өвөл бид оргил ачаалал 1956 МВт хүрэх тооцоотойгоор бэлтгэлээ хангаж байна. Үүнтэй холбоотойгоор өвлийн их ачааллын үеийн горимыг баталж, бүх тоног төхөөрөмжөө бүрэн хүчин чадлаар нь ажиллуулан, хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хязгаарлалтгүй хангах зарчмаар ажиллаж байна.
Гэхдээ оргил ачаалал тооцоолсноос давж нэмэгдэх, эсвэл Дөрөвдүгээр цахилгаан станц болон бусад тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлдвэрлэгч компаниудын тоног төхөөрөмжид гэмтэл гарч, ажиллагаа зогсох тохиолдолд 100-200 МВт хүртэлх цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийх нөхцөл үүсэж болзошгүй. Ийм эрсдэлийг тооцож, тухайн үед мөрдөх ажиллагааны горим, аваар осол гарсан тохиолдолд хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө боловсруулан, шаардлагатай бэлтгэлээ бүрэн хангаад байна.
Хэрэв системийн хэмжээнд хүчин чадлын дутагдал үүсвэл бид 16 багц арга хэмжээг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийх шаардлага гарсан ч нэг удаагийн хязгаарлалтын хугацаа нэг цагаас хэтрэхгүй байхаар төлөвлөж байгаа. Мөн ОХУ-аас нийлүүлэх цахилгаан эрчим хүчний урсгалд саатал гарсан тохиолдолд авах арга хэмжээ, хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж, бэлтгэлээ хангасан. Ерөнхийдөө болзошгүй эрсдэлүүдийг урьдчилан тооцож, өвлийн их ачааллыг хэвийн давахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авч байгаа.
Дулааны IV цахилгаан станц ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал П.Болдбаатар: Манай компани нийт 1484 ажилтан, албан хаагчийн орон тоотой. Гэхдээ бүтэц, орон тоотой холбоотойгоор өнөөдрийн байдлаар 1400 орчим ажилтан ажиллаж байна. Бид Улаанбаатар хотын дулаан хангамжийн 56 хувийг, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 50 орчим хувийг дангаараа хангаж байгаа. Өвлийн их ачааллын үеийн бэлтгэл ажлын хүрээнд нүүрсний 23 хоногийн нөөц бүрдүүлсэн. Мөн азотын нөөц, ажиллах хүчний ээлж, амралтын зохицуулалт зэрэг шаардлагатай бэлтгэлээ бүрэн хангаж, төлөвлөгөөт засвар, үйлчилгээний ажлуудаа хугацаанд нь дуусгасан. Үүнээс гадна үнэ тариф, өртөг зардлыг бууруулах чиглэлээр олон ажил хийж байна. Манай компани өнөөдрийн байдлаар нэг киловатт цаг цахилгаан эрчим хүчийг 128 төгрөгөөр нийлүүлж байгаа.
Дулааны III цахилгаан станц ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Сундуйжав: Манай компани өмнө нь 1400 орчим ажилтантай үйл ажиллагаа явуулж байсан бол үр ашгийг дээшлүүлэх, орон тоог оновчтой болгох хүрээнд одоогоор 970 хүний орон тоотой ажиллаж байна. Энэ жилийн өвлийн бэлтгэл ажлын гүйцэтгэл 97.5 хувьтай байна. Үндсэн зургаан тоноглолын засвар үйлчилгээг бүрэн хийж дуусгасан бөгөөд нэг зуухны их засвар энэ долоо хоногт багтаан дуусахаар ажиллаж байна.
Засгийн газрын нөөц хөрөнгөөс манай салбарт нийт 5.4 тэрбум төгрөгийн санхүүжилт хуваарилсны 2.1 тэрбум төгрөгийг манай ТЭЦ-3 авсан. Уг санхүүжилтээрээ тав, наймдугаар зуухны засварыг бүрэн хийж дуусгалаа. Өвлийн оргил ачааллын үе жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 1 хүртэл үргэлжилдэг. Энэ хугацаанд бид хэвийн, найдвартай ажиллагааг хангахын тулд өнөөдрийн байдлаар нүүрсний 22 хоногийн нөөцтэй ажиллаж байна. Мөн долдугаар турбины тоног төхөөрөмжийг эрчим хүчний системд залгаж, ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Ингэснээр өвлийн их ачааллын үед тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал К.Эрдэнэбаяр: Манай компанийн энэ жилийн төлөвлөгөөт засвар, үйлчилгээний ажил бүрэн дууссан. Одоогоор нийт 1900 ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Бид нийслэлийн найман дүүрэг болон Төв аймгийн 16 сумын нийт 520 мянган хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангадаг. Өвлийн их ачааллын үеийг угтан үндсэн төлөвлөгөөт ажлуудаа бүрэн хэрэгжүүлсэн бөгөөд одоогоор үйл ажиллагаа, бэлтгэл ажил хэвийн үргэлжилж байна.
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Амарсанаа: Манай компани Улаанбаатар хотын зургаан дүүргийн дулаан хангамжийг хариуцан ажилладаг бөгөөд нийт 413 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ өвөл бид 3,764.8 Гкал цагийн ачаалал авч ажиллахаар төлөвлөсөн. Өвлийн бэлтгэл ажлын хүрээнд зуны их засварын ажлыг есөн удаагийн төлөвлөгөөт зогсолтоор хийж, шугам сүлжээний засвар үйлчилгээгээ бүрэн дуусгалаа. Манай компани нийт 380 км хос шугам сүлжээг хариуцан ажилладаг. Үүнээс гадна 16 магистрал шугамын даралт өргөх насос болон станцуудын засвар үйлчилгээг бүрэн хийж дуусгасан. Ингэснээр өвлийн их ачааллын үед хэрэглэгчдийг дулаанаар найдвартай хангах үндсэн бэлтгэл ажлаа бүрэн хангаад байна.
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Нямсамбуу: Манай компани Монгол Улсын 21 аймгийн 19-ийнх нь нутаг дэвсгэрт эрчим хүчний эх үүсвэрүүдээс үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг түгээх сүлжээнд дамжуулах, нийлүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Энэ хүрээнд нийт 100 орчим дэд станц, 7000 орчим км цахилгаан дамжуулах шугамын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байна. Одоогоор манай компани 1560 орчим ажилтантай. Энэ жилийн өвлийн бэлтгэл ажлын хүрээнд төлөвлөсөн засвар, үйлчилгээ болон бусад шаардлагатай ажлуудаа бүрэн хийж дуусган, бэлтгэлээ хангаад байна.