Монголчуудын хамгийн их хэрэглэдэг энгийн АИ92 шатахууны үнэ хоёр дахин нэмэгдсэний дараа л үнэ тогтворжуулах асуудлыг Засгийн газрын түвшинд ярьж эхэллээ. Дэлхий дахины дайн тулааны нөхцөл байдлаас шалтгаалж шатахууны үнэ өнгөрсөн жилээс хойш тасралтгүй нэмэгдэв. Мэдээж дайн тулаанаас шалтгаалж шатахууны хомсдол дэлхий нийтээр үүсэж, үнэ нь ч нэмэгдсэн учраас ард иргэд хүлээцтэй хандаж ирсэн. Шатахуунгүй байснаас хэдээр ч хамаагүй авъя гэдэг ард иргэдийн уур амьсгал дээр төр ямар ч бодлогын шийдэл гаргахгүй өнөөдрийг хүрсэн гэж хэлж болно.Тэгвэл Ерөнхий сайд Н.Учрал шатахууны үнэ бууруулах санал боловсруулж Засгийн газарт танилцуулах үүргийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Сангийн сайд З.Мэндсайхан нарт өгчээ. Манай улсын шатахууны хэрэглээний 90 орчим хувийг энгийн АИ92 эзэлдэг. Тиймээс үе үеийн Засгийн газар энгийн АИ92 шатахууны үнийг тогтворжуулах бодлого барьж ирсэн. Тиймээс энэ төрлийн шатахууны үнэ харьцангуй тогтвортой байдаг. Харин Г.Дамдинням сайдын үед түүхэнд байгаагүй их хэмжээгээр шатахууны үнэ өсөж, ард иргэдэд дарамт болж байна. Нэг үгээр хэлбэл, ээж дээрээ ч очиж амжихгүй ОХУ руу явж шатахуун гуйж байгаа гэх Г.Дамдинням сайдын ажил төдийлөн үр дүнд хүрэхгүй байгааг үнийн өсөлт, иргэдийн оочир харуулж байна.