Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос иргэдийн хэрэглээний зээлийн эргэн төлөлтийн нөхцөлийг хөнгөвчлөх зохицуулалт хийхээр болсон. Энэ талаар Монголбанкны Санхүүгийн тогтвортой байдлын газрын захирал Б.Амгалангаас тодрууллаа.
-Сүүлийн үед иргэдийн хэрэглээний зээл өндөр байгаа талаар их ярих болсон. Үүнээс шалтгаалан зээлээ эргэн төлөх чадваргүй болох, улмаар зээлийн дарамтад орох эрсдэл нэмэгдэж байна. Энэ асуудалд Төв банкнаас ямар бодлого баримтлан ажиллаж байна вэ?
-Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 3-нд Мөнгөний бодлогын хороо хуралдаж, макро зохистой бодлогын шийдвэр гаргасан. Мөнгөний бодлогын хороо жилд хоёр удаа хуралдаж, макро зохистой бодлогын асуудлыг хэлэлцдэг. Энэ үеэр банкны салбарт хуримтлагдаж буй эрсдэлүүд болон цаашид эдгээр эрсдэл нэмэгдэх эсэхэд үнэлгээ хийдэг. Энэ удаагийн хурлаар голлон хэлэлцсэн асуудал нь хэрэглээний зээл байлаа. Сүүлийн жилүүдэд хэрэглээний зээлийн өсөлт нэлээд өндөр байсан бол энэ оны есдүгээр сарын байдлаар өсөлт нь 5.2 хувь болж буурсан. Тухайлбал, 2023, 2024 онд жилд 40 гаруй хувиар өсөж байсан хэрэглээний зээлийн өсөлт саарсан нь Монголбанкнаас хэрэгжүүлсэн өр, орлогын харьцааны зохицуулалттай холбоотой.
-Өр, орлогын харьцааны хязгаарлалтыг ямар үндэслэлээр, ямар нөхцөлд тогтоодог вэ?
-Мөнгөний бодлогын хороо энэ оны нэгдүгээр сард өр, орлогын харьцааны хязгаарыг 45 хувь болгож бууруулсан. Тухайлбал, өр, орлогын харьцаа 45 хувь байна гэдэг нь иргэн зээл авахдаа сарын зээлийн төлбөрөө нийт орлогынхоо 45 хувиас хэтрүүлэхгүй байх ёстой гэсэн үг. Ингэснээр үлдсэн 55 хувь нь иргэн, өрхийн амьжиргааны үндсэн зардалд зориулагдах боломжтой. Одоогийн нөхцөлд 45 хувийг зохистой хэмжээ гэж үзэж байна. Өмнөх жилүүдэд энэ хязгаар 70 хувь байсан бөгөөд бид үе шаттайгаар бууруулж ирсэн. Учир нь хэрэглээний зээлийн өсөлт огцом нэмэгдэх хандлага ажиглагдаж байсан. Мөн зээлийн хугацаанд хязгаарлалт бий. Цалингийн зээлийн хугацаа 30 сараас хэтрэхгүй байхаар зохицуулсан. Өөрөөр хэлбэл, иргэн цалингийн зээл авахдаа сарын орлогынхоо 45 хүртэлх хувийг зээлийн төлбөрт зарцуулж, зээлээ 30 сарын хугацаанд төлөх нөхцөлтэй юм.