2027 оны дөрөвдүгээр сарын 14–26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Counter-Strike 2 төрлийн Tier 1 зэрэглэлийн "PGL Ulaanbaatar 2027" тэмцээн зохион байгуулагдана. Тус тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг оролцож, нийт 1,000,000 ам.долларын шагналын сангийн төлөө өрсөлдөх юм.
Тэмцээний эхний 14 багийг 2027 оны нэгдүгээр сарын 4-нд шинэчлэгдэх дэлхийн VRS чансаанд үндэслэн урилгаар оролцуулах бол үлдсэн хоёр багийн эрхийг Европ болон Азийн бүсийн сонгон шалгаруулалтаар шийдвэрлэнэ. Мөн дэлхийн чансааны эхний тавд бичигдсэн, тэмцээнд оролцох урилгаа хүлээн авсан баг тус бүр 60 мянган ам.долларын нэмэлт урамшуулал хүртэх боломжтой.
"PGL Ulaanbaatar 2027" тэмцээнийг зохион байгуулах улсыг БНХАУ-аас манай улс болгон өөрчилсөн бөгөөд энэхүү өөрчлөлтийг тоглоомын хөгжүүлэгч Valve компанитай зөвшилцөн баталгаажуулжээ.
Ийнхүү Улаанбаатар хот 2027 онд дэлхийн Counter-Strike 2-ын Tier 1 зэрэглэлийн багуудыг эх орондоо анх удаа хүлээн авах гэж байна. Монголын цахим спортын хөгжил, тэр дундаа олон улсын тавцанд амжилттай өрсөлдөж буй The MongolZ багийн хувьд эх орныхоо үзэгчдийн өмнө дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх боломж бүрдэх юм.