Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Сангийн сайд З.Мэндсайхан Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч Рио Тинто группээс албан бичиг ирүүлснийг уншиж танилцуулжээ. Учир нь, өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газар 2027 онд Оюу толгой төслийн 34 хувийг эзэмшигчийн хувьд 3 их наяд төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар болсныг мэдээлсээр ирсэн. Харин хөрөнгө оруулагч, гол хувьцаа эзэмшигч болох Рио Тинто групп тодорхой мэдээлэл өгөөгүй байсан.
Тэгвэл 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдөр хөрөнгө оруулагч талыг төлөөлж Рио Тинто Монгол компанийн Ерөнхий захирал Б.Дуламсүрэн, Оюу толгой компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх нар албан бичгээр 2027 онд Оюу толгойн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилахыг баталж, албан ёсоор тооцоолууд хийгдэж байгааг Засгийн газарт мэдэгджээ.
Албан бичгийн агуулга нь (Сангийн сайдын уншсанаар): Монгол Улсын Ерөнхий сайд болон Рио Тинто группийн Гүйцэтгэх захирлын уулзалтын үеэр талууд Оюу толгой ХХК-аас 2027 онд хувьцаа эзэмшигчдийн хувь эзэмшлийн хувь хэмжээнд тэнцүүлэн ногдол ашиг олгох асуудлаар санал солилцсон. Үүний дагуу Засгийн газраас 2027 онд Оюу толгой ХХК-аас гурван их наяд төгрөгийг төвлөрүүлэхээр төлөвлөсөнтэй холбогдуулан бид төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ нь Оюу толгой ХХК-ийн 2027 онд улсын төсөвт төвлөрүүлэх татвар, АМНАТ, бусад төлбөр хураамжаас гадна төлөгдөх дүн байх юм. Бид Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллаж Оюу толгой ХХК-ийн санхүүгийн урт хугацааны тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ Монгол Улсад оруулах хувь нэмрийг нэмэгдүүлж, эдгээр боломжийг бодит үр дүн болгоно гэдэгт итгэлтэй байна.