АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсгийн анхны мэдээлэл ба Х.Нямбаатарт холбогдох хэргийн тойм
Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын хамтарсан мөрдөн шалгах ажлын хэсгийг Улсын ерөнхий прокурорын газрын шийдвэрээр зургадугаар сард байгуулагдсан. Тус ажлын хэсэг нийслэлд хэрэгжсэн томоохон төсөл, хөтөлбөрүүдтэй холбоотой авлига, албан тушаалын хэргүүдийг шалгаж байгаа юм. Тус ажлын хэсэг өнөөдөр олон нийтэд албан ёсны мэдээлэл өглөө. Энэ үеэр Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Баянтүмэн болон Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Н.Дамдинсүрэн нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм.
Х.Нямбаатарт холбогдох 20 гаруй тендерийг хууль бусаар шалгаруулсан байж болзошгүй хэргийг шалгаж байна
Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Баянтүмэн: Туулын хурдны зам төслийн гүйцэтгэгч компанид урьдчилгаа төлбөр болгон 500 тэрбум төгрөг олгохдоо Х.Нямбаатар хуулийн тодорхой заалтыг зөрчсөн байж болзошгүй. Тодруулбал, санхүүжилтийн гүйлгээ хийх эрхийг Т.Даваадалайд шилжүүлэхдээ хуульд заасан шаардлага хангаагүй, баталгаа гаргах эрхгүй хүнд эрх шилжүүлсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Х.Нямбаатарт дуудан ирүүлэх хуудсыг удаа дараа хүргүүлсэн боловч ирээгүй. Түүнийг наймдугаар сард гадаад улс руу нэвтэрсэн гэх мэдээлэл байгаа тул Интерполд хандсан. Одоогоор Канад улсад түр оршин суугаа гэх мэдээлэл байна. Х.Нямбаатараас гадна таван албан тушаалтныг уг хэрэгт холбогдуулан албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэгт яллагдагчаар татаад байна. Мөн Туул голын ногоон бүсийн ойн сан бүхий 7.2 га талбай өртсөн асуудал үүсээд байна.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Үүнээс гадна Шинэ тойрог авто замын төсөлтэй холбоотойгоор 16.9 тэрбум төгрөгийн өртөг бүхий тендер зарласан асуудлыг шалгаж байна. Т.Даваадалай өөрийн хамаарал бүхий гурван хүнд тендер олгосон гэх асуудал бий. Хууль бус тендер зарлаж их хэмжээний ашиг олсон, мөнгөний эх үүсвэрийг нуун дарагдуулж, мөнгө угаасан гэх үндэслэлээр Т.Даваадалайг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан. Мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, хэргийг Нийслэлийн прокурорт шилжүүлсэн. Мөн холбогдогч этгээдүүдийн 6.2 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлээд байна. Сэлбэ дэд төвтэй холбоотой хууль бус үйл ажиллагааны хэргийг мөн шалгаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Х.Нямбаатарт холбогдох 20 гаруй тендерийг хууль бусаар шалгаруулж, санхүүжилт олгосон байж болзошгүй хэргийг ч шалгаж байна. Тухайлбал, өөрийн хамаарал бүхий С гэх хүний үүсгэн байгуулсан хуулийн этгээдийг 2024 оны хоёрдугаар сарын 7-нд Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг дахин төлөвлөх барилгын зураг төсөл боловсруулах ажлын 3.8 тэрбум төгрөгийн тендерт хууль бусаар шалгаруулсан гэх хэрэг бий. Мөн уг хуулийн этгээдийг 2025 оны дөрөвдүгээр сард Нийслэлийн худалдан авах ажиллагаанаас зарласан Соёлын төв өргөөний барилгын засварын ажлыг 678 сая төгрөгөөр гүйцэтгэх тендерт хууль бусаар шалгаруулсан байж болзошгүй. Үүнээс гадна 2023 оны есдүгээр сард Хэнтий аймгийн Бэрх тосгоны 640 хүүхдийн сургуулийн барилгын ажлыг 1.7 тэрбум төгрөгөөр гүйцэтгэх тендерт мөн хууль бусаар шалгаруулж, санхүүжилт олгосон гэх хэргүүдээр мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Үндэслэлгүй хөрөнгөжсөн таван албан тушаалтны 117 сая төгрөгийн хөрөнгийг шүүхээр улсын орлого болгох шийдвэрийг гаргуулсан
Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Н.Дамдинсүрэн: 2026 оны аравдугаар сарын байдлаар 155 нийтийн албан тушаалтанд хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт шалгалт явуулсан. Үүнээс 55 албан тушаалтан хөрөнгө, орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн болон огт мэдүүлээгүй нь тогтоогдсон тул Авлигын эсрэг хуульд заасны дагуу хариуцлага тооцуулсан. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 75.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн энэ онд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй, хөрөнгө орлогынхоо эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй таван албан тушаалтны нийт 117 сая төгрөгийн хөрөнгийг шүүхийн шийдвэрээр улсын орлого болгуулсан.
Түүнчлэн 2026 оны байдлаар 15,923 урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн. Энэ хүрээнд ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдлыг шалгаж, 170 албан тушаалтныг тухайн албан тушаалд томилогдоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөлтэй байгааг тогтоосон. Энэ үзүүлэлт өмнөх оны мөн үеэс хоёр дахин өссөн байна. Харин албан тушаалтнууд албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан болон бусад холбогдох асуудлаар энэ оны эхний 10 сарын байдлаар 1006 гомдол, мэдээлэл ирсэн бөгөөд холбогдох хяналт шалгалтыг явуулж шийдвэрлэсэн. Үүний үр дүнд энэ онд нийт 65 албан тушаалтанд хариуцлага тооцсон.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нь өөрийн болон гэр бүлийнхнийхээ орлогыг үнэн зөв мэдүүлэх үүргээ хэрэгжүүлсэн бөгөөд ямар нэгэн зөрчил илрээгүй
Бид нийтийн албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хүлээн авч, бүрдүүлэлтийг ханган, хуульд заасны дагуу хяналт шалгалт явуулдаг. 2026 оны байдлаар АТГ-т төрийн өндөр албан тушаалтан болон түүнтэй адилтгах 220 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэг бүртгэгдсэн байна.
Мөн нийтийн албан тушаалтнуудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийдэг. Энэ хүрээнд 2025 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй холбоотойгоор нэр бүхий иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу хөрөнгө, орлогын мэдүүлэгт нь хяналт шалгалт явуулсан. Хяналт шалгалтыг сүүлийн таван жилийн хугацааны хөрөнгө, орлогын мэдээлэлд үндэслэн, холбогдох хууль, журамд заасан шалгуур, дарааллын дагуу хийдэг. Шалгалтын дүнд У.Хүрэлсүх өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ хөрөнгө, орлогыг үнэн зөв мэдүүлэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн. Ямар нэгэн зөрчил илрээгүй.
Бодь Интернэшнл ХХК-ийн 2020-2025 оны аудитлагдсан тайланг авч шалгахад 110 сая доллар буюу их хэмжээний валют бэлнээр зарлагадсан баримт тогтоогдоогүй
Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Баянтүмэн: Эрдэнэс Тавантолгой, Тавантолгой төмөр зам болон Бодь Интернэшнл компанийн хооронд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын санхүүжилттэй холбоотой 110 сая долларын авлига тараасан гэх мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотойгоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Бодь Интернэшнл компанийн 2020-2025 оны санхүүгийн үйл ажиллагаанд олон улсын аудитын эрх бүхий хоёр компаниар хяналт шалгалт хийлгэсэн тайланг гаргуулан авч, санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа. Шалгалтаар 110 сая долларын урьдчилгаа төлбөрийн гүйлгээ хийгдсэн гэх баримт тогтоогдоогүй. Харин урьдчилгаа төлбөрт 286 тэрбум төгрөг шилжүүлсэн гүйлгээ бүртгэгдсэн. Тиймээс олон нийтийн дунд яригдаж буй 110 сая долларыг бэлнээр авч, бусдад тараасан гэх мэдээлэл одоогийн мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй, үндэслэлгүй байна.
Мөрдөн шалгах хэлтсийн орлогч Э.Оюунболд: Бид прокуророос зөвшөөрсөн хүрээнд мэдээлэл өгөх үүрэгтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны нууцлалыг хангаж ажиллах ёстой учраас хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Хэрэв бид зөвшөөрөгдсөн хүрээнээс хэтэрч, хамаагүй мэдээлэл өгвөл өөрсдөө хууль зөрчсөн асуудалд холбогдох эрсдэлтэй. Тиймээс энэ хүрээнээс давсан асуултад хариулт өгөх боломжгүй юм.